Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт эргэлтэд нийцсэн, хүрээлэн байгаа орчинд ээлтэй тээврийн ухаалаг системийг нэвтрүүлэхээр тусгасан байдаг.

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Улаанбаатар хотын захирагчийн албанаас  удахгүй ухаалаг системийг нэвтрүүлж, нийтийн тээвэрт реформ эхлүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, дүүжин тээвэр, тусгай замын автобус, цахилгаан соронзон тээвэр, мянган такси хөтөлбөр, түрээсийн дугуй болон нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажил багтжээ. Энэ тухай мэдээллийг багцлан хүргэж байна.

 

Дүүжин тээвэр буюу Cable car

 

Дүүжин тээвэр нь манай орны уур амьсгал, хүн ам, нийтийн тээврийн ачаалал зэрэгт илүү зохицох хувилбар юм. Тиймээс Засгийн газраас Францын “Пума” компанитай гэрээ хийж ирэх зургадугаар сард энэ төрлийн тээврийг нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Дүүжин тээвэр нь нэг цагт гурван мянган зорчигч буюу өдөрт 22 мянган хүн тээвэрлэх хүчин чадалтай. Хүлээлгийн хугацаа нь 3-5 минут аж.  Эхний ээлжинд Баянхошуу-Ханын материал-Гэмтлийн эмнэлэг, Зайсан-Сүхбаатарын талбай гэсэн чиглэлд явуулхаар төлөвлөөд байгаа юм байна.

 

Тусгай замын автобус буюу BRT

 

Энэхүү тээвэр нь зохион байгуулалтын хувьд үр өгөөжөө өгнө гэдгийг холбогдох албаныхан онцолж байна.  Энэ төрлийн автобус нь  1,2 дугаар эгнээгээр зорчих бөгөөд автозамын түгжрэлийг бууруулах гол арга юм.  Мөн дугуйн зам бий болох боломжтой. Өдөрт 105 мянган зорчигч тээвэрлэнэ хэмээн тооцоолжээ. Одоогоор ТЭЗҮ нь батлагдсан бөгөөд Долоон буудлаас Сүхбаатарын талбай, Таваншараас Халдвартын эмнэлэг гэсэн маршрутаар иргэдэд үйлчилнэ. 

 

Цахилгаан соронзон тээвэр буюу Skyshutle

 

Цахилгаан соронзон тээвэр нь агаараар болон тусгай зам дээгүүр явдаг учраас түгжрэлийг бууруулахад чухал үр нөлөөтэй юм. Өдөрт 210 мянган зорчигч тээвэрлэх боломжтой гэжээ.  Хүлээлгийн хугацаа нь 3-5 минут бөгөөд Таваншар- Чингис хаан нисэх буудал- Хөшигийн хөндий нисэх буудал- Аэро сити – Налайх- Офицеруудын ордон чиглэлд явах юм. Энэ тээврийг ашигласнаар чиглэлийн давхцал 68 хувиар буурна гэж үзэж байгаа юм байна.

 

1000 такси хөтөлбөр

 

Дэлхийн стандартад нэг хүнд ногдох таксины тоог дөрвөн ширхэг гэжээ. Харин манай улсад нэг хүнд ногдох хэмжээ нэг ширхэгт ч  хүрэхгүй байна.  Тиймээс үйлчилгээний стандарт, аюулгүй, тохилог байдлыг хангах зорилгоор 1000 такси парк шинэчлэлтийг энэ онд хийхээр төлөвлөж байгаа юм. Түүнчлэн, байгальд ээлтэй таксины тоог нэмэгдүүлэх, төлбөрийн нэгдсэн систем, GPS суурилуулах боломж бүрдэх юм.

 

Түрээсийн дугуй буюу UBIKE

 

Унадаг дугуй нь хүний эрүүл мэнд болоод агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдолтой тээврийн хэрэгсэл юм. Энэ хөтөлбөр нь нийслэлд  2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Улмаар 2020 онд 150 зогсоолтой хоёр мянган унадаг дугуйг үйлчилгээнд нэвтрүүлснээр үргэлжлэх юм. Мөн 2021-2026 онд 250 зогсоолтой 2500 унадаг дугуй, 2027-2033 онд 5000 ширхэг бүрэн цахилгаан дугуйтай болгох зорилт тавиад байгаа гэнэ.

 

Нийтийн тээврийн парк шинэчлэлт

 

Одоогоор Улаанбаатар хотод 920 автобус үйлчилгээнд явдаг. Харин түүний 300 гаруй нь насжилт өндөртэй. Тэгвэл энэ жил 150 автобусыг насжилтаас үүдэж хасч нөхөн хангалт хийхээр төлөвлөөд байгаа аж. Их багтаамжтай, хүрээлэн байгаа орчинд ээлтэй 300 гаруй автобусаар парк шинэчлэлт хийх юм. Ингэснээр зорчих эргэлт хангагдаж нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.

 

Speak out

 

Нийтийн тээврийн автобусны хүрэлцээтэй холбоотой асуудлаар иргэдийн байр суурийг сонслоо.

 

БЗД-ийн ХIХ хорооны иргэн С.Түвшинжаргал: Хүйтэн, тав тух муутай, муухай үнэртэй байна

 

-Нийтийн тээвэр нь  зарим хүмүүсийн хөл дүүжлэх ганц унаа байдаг. Гэтэл өнөөдөр хүйтэн, тав тух муутай, муухай үнэртэй байна. Тиймээс нийтийн тээврийн шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай. 

Автобуснуудыг нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэй зорчих асуудал дээр анхаарал тавьж ажиллах нь зүйтэй. Мөн хуучин автобуснууд болон хөнгөлөлттэй зорчигч ихтэй явдаг учраас алдагдалд орох гээд байдаг болов уу. Ер нь зөвхөн автобус биш нийтийн тээврийг сайжруулах олон арга байдаг. Тухайлбал, метро, хурдны галт тэрэг зэрэг хөрөнгө мөнгийг нь шийдээд өгвөл нийтийн тээврийн асуудлыг шийдэх боломж байгаа.

 

Чингэлтэй дүүргийн VIII хорооны иргэн Д.Баянмөнх: Нэг мөсөн шинэ автобус авч болдоггүй юм уу

 

-Дэлхий дээр өнөөдөр цагт 500 км\цагийн хурдтай явдаг хурдны галт тэрэг ашиглалтад орж байна. Тэгэхэд бид парк шинэчлэлт ярьж эхэлж байна. Гэхдээ нөхцөл байдал ийм л байгаа. Тэгэхээр одоо бид заавал хуучин автобусыг гаднаас оруулж ирээд 5-6 жил ашиглаж төмрийн хог цуглуулж байснаас нэг мөсөн шинийг аваад 12 жил ашиглаж болдоггүй юм уу. Мөн тэр дүүжин тээвэр болон соронзон тээвэр, тусгай замын автобус зэргийг хийх шаардлагатай байна. Парк шинэчлэлт гээд жил бүр их хэмжээний мөнгө зарцуулж байснаас цаашид олон жил ашиглах боломжтой тав тухтай нийтийн тээврийг нэвтрүүлмээр байна. Одоо бол автобусны үнэр, хүрэлцээ, аюулгүй байдал зэрэг үнэхээр хэцүү болсон.

 

С.Цэцэгмаа: Цагт гурван мянган зорчигч тээвэрлэх хүчин чадалтай болно

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн газрын дарга С.Цэцэгмаагаас  парк шинэчлэлийн  талаар тодрууллаа.

 

– Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах олон ажлыг хийхээр төлөвлөжээ.  Автобусны парк шинэчлэлийн талаар тодруулахгүй юу?

 

-Манайд одоогоор 920 гаруй автобус үйлчилгээнд явж байна. Түүний 300 гаруй нь насжилт өндөртэй буюу 12 жил явсан байна. Тиймээс 2019 онд бид 200 гаруй автобусыг үйлчилгээнээс хассан байгаа. Харин энэ жил 150 автобусыг  хасч парк шинэчлэл хийх гэж байна. БНСУ-аас  автобус оруулж ирэхээр ярьж байна.  Тус улсдаа 6-7 жил явсан автобусууд байгаа.  Шинэ автобус авахаар төсөв мөнгө хүрэлцэхгүй.  Дээрх 300 автобусыг хүртээмж хангалтгүй байгаа болон шинэ суурьшлын чиглэлд явуулахаар төлөвлөсөн

 

-300 автобусаар парк шинэчлэлт хийгээд автобусны хүрэлцээг хангаж чадах уу?

 

– Сая гаруй хүнтэй манайх шиг хотод мянга гаруй автобус байх ёстой гэсэн стандарт байдаг.  Одоогоор Улаанбаатарт 900 гаруй автобус 95 чиглэлд үйлчилж байна.  Хүрэлцээ муу байдаг нь зам тээврийн зохицуулалт алдагдаж түгжрэл үүссэнтэй холбоотой юм. Үүнийгээ зөв зохицуулаад явбал иргэдэд хангалттай хүрэлцэхүйц тоо. Одоогоор нэгдүгээр эгнээг чөлөөлөх асуудал яригдаж байна.     Нийтийн тээвэр нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэй зорчино гэдэг дүрэм бий. Гэвч энэ дүрэм хангалттай хэрэгжээгүйн улмаас өнгөрсөн жилүүдэд түгжрэл үүсч нийтийн тээврийн хүрэлцээ муу хэвээрээ л байсан юм. Харин энэ асуудлыг шийдсэнээр нийтийн тээврийн хүлээлт болон түгжрэл буурна.

 

-Парк шинэчлэлээс гадна хэд хэдэн томоохон төсөл хөтөлбөрүүд энэ онд хэрэгжинэ.  Бэлтгэлээ хэр хангаж байна вэ?

 

– Манайх шиг саяас дээш хүн амтай хотуудад багтаамж ихтэй нийтийн тээвэр болох соронзон тээвэр, агаарын буюу дүүжин тээврийг хэрэглэх нь илүү тохиромжтой гэж үзэж байгаа.  Ингэснээр цагт 3000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай болно.

 

 

Б.Баяржавхлан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин