Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас эхлэн шатахуун түгээх станцууд ээлж дараалан шатахууны үнээ үндэслэлгүйгээр нэмэх болсон. Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас тодрууллаа.  

-“Төр засаг бодит шийдвэр гаргаж, шатахууны үнийг бууруулж чадлаа” хэмээн ард иргэд баярлаж байсан цаг саяхан. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс шатахууны үнэ дахин өслөө. Ямар шалтгаанаар үнэ нэмэгдэх болсон бэ?  
-Манай улс шатахууны хэрэгцээнийхээ 95 орчим хувийг ОХУ-аас авдаг. Коронавирусийн нөлөөгөөр олон орон дэлхийн зах зээл дээрх эдийн засгаа хумисан. Мөн авто шатахууны хэрэглээ буурч, түүхий газрын тосны үнэ унаж эхэлсэн. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард нэг тонн газрын тос 610 ам.доллар байсан бол өнгөрсөн тавдугаар сард 220 ам.долларт очсон. Хамгийн доод түвшинд хүртлээ буурсан нь энэ үе.

Үүнтэй холбогдуулан нэгдүгээр сараас тавдугаар сарын хугацаанд гурван удаагийн үе шаттай арга хэмжээ авсан. Өөрөөр хэлбэл, нэг литр нь 1830 төгрөгийн ханштай байсан “А92” шатахууны үнийг буулгасан. Жишээлбэл, Улаанбаатар хотод арилжаалах “А92” шатахууны нэг литрийн дундаж үнэ 1360 төгрөг болсон. Үндсэндээ бид арван жилийн өмнөх шатахууны үнэтэй ижил болгож чадсан. Мөн “А95”-ийг 1800, дизель түлшийг 1990 төгрөг болгож бууруулсан.

Үүний дараа зургаа, долдугаар сарын байдлаар дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүний түүхий эд өсөж эхэлсэн. Сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд гэхэд нефтийн төрлийн тосны үнэ 40-43 ам.доллараас буурсангүй. Хамгийн сүүлд гэхэд ОХУ-аас ирсэн дизель түлш 30, “А92” шатахуун 17 ам.доллароор нэмэгдсэн байгаа. Иймээс манай зах зээлд бага зэргийн үнийн өсөлт бий болсон. 

-Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ хямдарсан байх үед нь нөөц бэлтгэсэн үү. Шатахууны үнийг нэмэхгүйгээр барих боломж байгаа юу?
-Одоогийн байдлаар нөөц дууссан, шатахуун тасалдсан асуудал байхгүй. Нөөц хэвийн байгаа. Бүтээгдэхүүн орж ирэхэд хадгална гэдэг бэрхшээлтэй. Тухайлбал, их хэмжээний шатахуун хадгалах багтаамж бүхий сав манайд байхгүй. Өнгөрсөн тавдугаар сард олон улсын  компанитай манай “Эрчис Ойл” ТӨК хамтран найман сарын хугацаатай гэрээ байгуулж ажилласан. Ингэхдээ улсын төсвөөс нэг ч төгрөг гаргаагүй.

Үүний дагуу нийт импортын буюу борлуулалт хийж байгаа компанитай үнийн тогтворжуулсан гэрээ хийсэн. Тэр дундаа 21 аймгийн бүх сумыг 80 төгрөгийн зөрүүтэй интервалчлалтай тавьж өгсөн байгаа. Жишээлбэл, шатахууны үнэ Улаанбаатар хотод 1400, Говь-Алтай аймгийн захын суманд 1670 төгрөгөөс хэтрэхгүй байх жишиг тогтоосон. Тухайн аймгийн хол, ойр, бүтээгдэхүүн тээвэрлэлтийн харилцан адилгүй байдлаас үүдэж, нэгдсэн үнэ тогтоох боломжгүй байдаг. 

-Тэгэхээр одоо борлуулж байгаа шатахууныг хямдралтай үед авсан гэсэн үг үү. Хямд үнэтэй байхад нь авсан атлаа одоо ханшийг нь нэмж иргэдэд борлуулж байна гэж ойлгож болох уу? 
-Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 6.1.9-д зааснаар манай байгууллага чиг үүргийн дагуу импортоор орж ирсэн бүтээгдэхүүнд хяналт тавьдаг. Мөн манайхаас шатахууны үнийг хасах, нэмэх чиглэл өгдөггүй. Тухайн компаниудтай зөвшилцөлд ордог. Би дээр гэрээний тухай дурдсан. Тус гэрээнд “Шатахууны үнэд валютын ханшийн зөрүү тооцогдохгүй” гэсэн чухал заалт бий. Яагаад гэвэл шатахуунаа төгрөгөөр зардаг ч тэр төгрөгөө ам.доллар болгож, импортын бүтээгдэхүүнээ авдаг. Тэгэхээр бид ам.долларын ханшийн зөрүүнд ямар нэгэн зохицуулалт хийж чадахгүй гэдгээ анхнаасаа хэлж байсан.

Харин “А92” шатахууны хувьд ам.долларын ханш 50 төгрөг дотор хөдөлгөөнтэй байвал нэг литр нэгжийн үнэд өөрчлөлт орохгүй. Эсрэгээрээ ам.долларын ханшийн зөрүү 50 төгрөгөөс давбал литр тутамд тухайн зөрүү шингэнэ гэсэн үг. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард ам.долларын ханш 2795 төгрөгөөр гэрээ хийсэн. Гэтэл өнөөдөр долларын ханш 2845-2880 буюу 50 төгрөгөөс давсан. Ийм учраас гэрээний дагуу ам.долларын ханшийн зөрүү гарснаар шатахууны үнэ бага зэрэг нэмэгдсэн гэж үзэж болно. 

-Цаашид шатахууны үнэ өсөх үү? 
-Ам.долларын ханш өсөхгүй бол гадаад зах зээлд газрын тосны түүхий эдийн үнэ өссөн ч дотооддоо “А92” шатахууны үнэ өсөхгүй. Хямдарсан үед нь гэрээ байгуулж, тухайн биржээс худалдан авалт хийсэн болохоор энэ оныг дуустал дэлхийн зах зээл дээрх үнэ ханш өсөх нь манайд нөлөөлөхгүй. Харин бусад төрлийн шатахуун зах зээлийнхээ үнийг дагаж өсөх үедээ өсөж, буурах цагтаа буурах зарчмаар явна.  Нэг үгээр хэлбэл, шатахууны үнэ ам.долларын ханштай холбоотойгоор цаашид өсөх магадлалтай.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН