Засгийн газар цар тахлын үеэр иргэд, аж ахуйн нэгжээ дэмжих ганц том шийдэл гаргасан нь цахилгаан, дулааны мөнгийг тэглэх байв. Энэ шийдвэрийн үр дүнд бүх өрх цахилгаан хэрэглэсний төлбөрөө ирэх оны долдугаар сар хүртэл төлөхгүй.

Төлбөрийг нь Эрдэнэт үйлдвэрийн олсон орлогоос төлнө. 100 метр квадратаас доош м.кв хүртэлх талбай бүхий байрны дулааны мөнгийг бас төрөөс даана. Гэр хорооллынхон нэг шуудай шахмал түлшийг 75 хувийн хямдралтай үнээр буюу 1000 орчим төгрөгөөр авах хөнгөлөлтийг дулаан цагтай золготол эдэлнэ. Зөрүү мөнгийг нь бас төрөөс даана. Төрөөс даана ч гэж дээ. Байрныхны дулааны төлбөр, гэр хорооллынхны шахмал түлшний хөнгөлсөн хувийг нөхөх мөнгийг Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалаа экспортолж олсон ашгаас, төрийн Таван толгойн орлогоос гаргуулж авна. Аж ахуйн нэгжүүдийн хувьд уул уурхай, архи пиво гэх мэт цөөн салбараас бусад компаниуд цахилгаан дулааны төлбөр мөнгөний хөнгөлөлт эдлэхээр болсон.

Засгийн газрын энэ дэмжлэг нэг талаасаа тахлын хэцүү үед амь торгоосон шийдэл мөн үү гэвэл мөн л дөө. Халаасандаа мөнгөгүй, хөргөгчиндөө хүнсгүй ч ядаж л өвлийн тачигнасан хүйтэн өдрүүдэд гэртээ дулаахан суух юм даа гэж олзуурхаж болох байх. Ерөнхийлөгчийг өрхүүдээ сая төгрөгөөр дэмжье, ихэнхийг нь хүнсний ваучер маягаар, цөөхөн хувийг нь бэлнээр өгье гэсэн шийдэл гаргахад Засгийн газар хүлээж аваагүй. Бэлэн мөнгө тараавал инфляци өснө, тэгээд ч бидэнд өгөх мөнгө байхгүй энэ тэр гэсэн шалтгаан хэлээд хүлээж аваагүйг нь буруутгах хүн тухайн үед байгаагүй. Үнэхээр боломжгүй бол яалтай гэсэн өнцгөөс хараад л өнгөрцгөөсөн.

Гэтэл дараахан нь Засгийн газрын гаргасан шийдвэрийг харах нь ээ төрийн тэргүүний санал бараг илүү дээр шийдэл байсан ч юм шиг. Ядаж л хүнсний үйлдвэрүүдээ дэмжчих байж. Иргэдийн гар дээр очсон бэлэн мөнгө эргээд зах зээл рүүгээ орж эдийн засгаа тэтгэх байсан. Ингээд бодохоор Засгийн газар бэлэн мөнгө тараачихсан бол илүү дээр шийдэл болох байжээ. Ядаж л эрчим хүчний тасалдал үүсэх, дулааны доголдол газар авах гэх мэт асуудал гарахгүй. За тэгээд хөл хорионы үеэр хамгаа барсан иргэдийн гар дээр бэлэн мөнгө очвол тэд хэрэгтэй зүйлдээ зарах нь тодорхой. Бас цахилгаан, дулааны мөнгөө төлж таарна. Хүнс худалдан авахад хүнс үйлдвэрлэгч, хүнсний дэлгүүрийн орлого өснө. Гутал, хувцас худалдаж авбал мөн л хувцас үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчдийн ашиг нэмэгдэнэ. Ресторанд орвол нийтийн хоолны үйлчилгээнийхний ашиг орлого өснө. Ашиг нь өссөн үйлдвэрлэгч ажилтнуудаа цомхтгохгүй. Ажилтнууд нь цалин орлоготой байвал ядуурлын хувь тэр хэмжээгээр буурна. Үйлчилгээний салбар дажгүй орлоготой бол бас л ажилчдаа хална гэж айлгахгүй. Цалин хөлсийг нь өгч эдийн засагт хүч нэмнэ. Эдийн засаг гэдэг яг ийм циклиэр тасралтгүй эргэлдэж байж амьтай оршдог эд л дээ.

Цахилгаан дулааныхаа мөнгийг өгвөл бас л эдийн засгийн цусны эргэлт сайжирна. Станцууд дулаан, цахилгаан зарж олсон мөнгөөрөө технологийн шинэчлэлээ хийнэ, ажилчдаа цалинжуулна. Бас нүүрсний уурхайнуудаас авсан нүүрснийхээ төлбөрийг төлнө. Нүүрсний уурхай станцаас авсан мөнгөөрөө ажилчдадаа цалин хөлсийг нь өгнө, ажилчид нь дэлгүүр, хүнсний үйлдвэрлэгч, нийтийн хоолны үйлчилгээг хэрэглээгээрээ дэмжээд явчихна. Тэгэхээр эдийн засгаа амьтай голтой, элгээр хэвтүүлчихгүйхэн шиг байлгая гэвэл иргэдээ л мөнгөжүүлэх хэрэгтэй. Ерөнхий сайд иргэдийнхээ гар дээр мөнгө тавих шийдэл гаргасан бол царцсан эдийн засаг амь орох байлаа гэж хэлэх гээд байна л даа. Засагт мөнгө байхгүй биш байгааг нь сая булт олноороо харлаа. Эрдэнэт, Таван толгойн ашгаас мөнгө аваад тараачихад л болох байж.

Одоо Засгийн газрын гаргасан шийдвэр эдийн засагт яаж нөлөөлж байгааг эргэж харъя. Ганц үнэн гэвэл хүнс үйлдвэрлэгчид, хүнсний дэлгүүр, станц, нүүрсний уурхай, рестораны эздийн гарт нэг ч төгрөг очихгүй. Тэд ажилчдаа цомхотгож ашгаа танасан хэвээр цар тахлын үеийг туулахаас өөр сонголтгүйгээр амьдралаа үргэлжлүүлэх нь тодорхой болчихлоо. Товчхондоо царцсан эдийн засагт сэргэлт авчрахаар шийдлийг манай засаг гаргасангүй. Эрчим хүчний салбар бүр ч хэцүүтэй нүүр тулж байна. Хойд хөршөөс өндөр үнэтэй цахилгаан худалдаж авдаг, хуучин социализмын үеийн хэцүү тарчиг технологитой, тав дахь эх үүсвэр барина гэж хорин жил ярьсан ч ажил болгож чадаагүй, үнийг нь төрөөс зохицуулдаг болохоор зах зээлийн хуулийн гадна даржин тарчиг оршдог эмзэг салбар л даа, эрчим хүч. Ийм эмзэг салбараа улам уруудуулах шийдвэр гаргасныг өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн үйл явдал, шуугиан, мэдээллээс харчихаж болно. Наад зах нь гэр хорооллуудад цахилгааны тасалдал үүсээд эхэлснийг бултаараа харж байна.

Аж ахуйн нэгжүүдийг, хувийн хэвшлийг цахилгаан дулааны төлбөр төдийхнөөр дэмжээд эдийн засаг сэргэнэ гэдэг бас л үлгэр. Хувийн хэвшлийнхэнд бага хүүтэй дажгүй нөхцөлтэй зээл хэрэгтэй байгаа. Тэр зээлийг нь өгчихвөл хэн хэндээ халгүй, эдийн засгаа жинхэнэ утгаар нь дэмжсэн шийдэл болох байв. Энэ тохиолдолд Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн халаасыг сэгсрэхгүйгээр хувийн хэвшлээ ажлын байртай нь, ашиг орлоготой нь аваад үлдэх байлаа. Харамсалтай нь манай засаг ийм ухаалаг байж чадсангүй.