Манай улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралаас хөл дээрээ тогтож чадахгүй ганхаж явсаар байгаа. Энэ улсын иргэд "ядууралд" өртөх магадлал тун өндөр байна. Нэг хэсэг сэтгэлгээний ядууралд өртсөн талаар судлаачид ярьж байсан.

Тэгвэл өдгөө хоногийн хоолоо ч залгуулж чадахгүйдээ хүрсэн хүн ам нь ядууралд өртөхөд бэлэн болсон гэдгийг статистикийн хороо Дэлхийн банктай хамтран Монгол Улсын ядуурлын талаарх тооцооны үр дүнгээс гарчээ. 

2018 оны судалгаагаар Монгол Улсын ядуурлын түвшин 28.4 хувь болж, манай улсын 3.2 сая хүний 904.9 мянга нь ядуу амьдарч байна. Ядуурлын түвшин 2016 онд 29.6 хувь байсан бол 2018 онд 1.2 пунктээр буурчээ. Сүүлийн хоёр жилийн хугацаан дахь хүн амын тооны өсөлттэй уялдуулбал 39 мянган хүн ядуурлаас гарсан аж.

Бүс нутгаар авч үзвэл, зүүн бүсэд ядуурал 6.6, баруун бүсэд 4.3, хангайн бүсэд 2.7, төвийн бүсэд ядуурлын түвшин 0.7 пунктээр тус тус буурч, Улаанбаатар хотод 1.1 пунктээр нэмэгдсэн байна. Говьсүмбэр аймагт ядуурал хамгийн өндөр буюу хүн амын талаас илүү хувь нь ядуу амьдарч байгаа юм. Харин Өмнөговь аймагт ядуурлын түвшин хамгийн бага буюу 11.8 хувь байна.

Судалгаанд хот, хөдөөгийн ядуурлын түвшин нэлээд зөрүүтэй гарсан нь дээрх тооноос харагдаж байна. Улаанбаатар хотод нийт ядуучуудын 41.8 хувь нь амьдарч байгаа аж. 41.8 хувь буюу 378.2 мянган хүн нь Улаанбаатар хотод амьдарч байгаа нь ядуу хүн амын тоогоороо удаалж буй Өвөрхангай аймгаас бараг 10 дахин их байгаа гэдгийг албаны хүн онцлов.

Ядуурлын түвшин буурсан ч олон хүн ядуурлын шугамаас дөнгөж дээгүүр түвшинд байна. Энэ нь эдийн засаг бага зэрэг өсөхөд иргэдийг ядуурлаас гаргаж чадахыг, нөгөө талаас эдийн засагт сөрөг цочрол үүсэхэд олон иргэн ядууралд орох эмзэг байдалд байгааг харуулж байгаа гэдгийг анхааруулсан юм. Өөрөөр хэлбэл, тэд эдийн засаг, үнэ, уур амьсгал, эрүүл мэнд гэх мэт сөрөг хямрал үүсэхэд эргээд ядууралд өртөх эрсдэлтэй байдалд байна гэсэн үг юм. 

Ядуу гэж ямар хүнийг хэлээд байна гэхээр сард хүнсний болон хүнсний бус хэрэглээндээ 166 мянга 5 төгрөг зарцуулж чадахгүй байгааг. Тэгвэл манай улсын иргэд оюун санааны болоод, ядуурлын түвшингээрээ дэлхийд сүүл мушгих болж байна уу. Ажилгүй иргэд ажилд орсон ч ядуурлын түвшинд ахицтай өөрчлөлт гарахгүй байгаа гэдгийг энд дуулгая. Харин ч эсрэгээрээ ажилгүй иргэдийн эгнээг орон тооны цомхотголоор ажлаасаа гарч байгаа иргэд эзэлж буй. 

Ядуурлыг олон улсад эмзэг буурай орнуудын дунд хийсэн судалгаан дээр үндэслэн нэн ядуу, ядуу, ядуу болоход ойрхон зэргээр томъёолсон байдаг. 

Нэн ядуу: Энэ ангилалд 30-42 цаг юм идэж уух боломж гардаггүй, цэвэр усан хангамж муу, биеийн байдал тураалтай, үхлийн болон элдэв халдварт өвчинд өртөмтгий, дархлаа сул, нийгмийн хамгийн эмзэг хүнийг нэрлэн хэлнэ. Бэлэн мөнгө болон таваар олох нь муу. Өөрийн хэрэгцээгээ дангаараа хангах чадваргүй болсон хүмүүсийг хэлдэг гэнэ.

Ядуу: Ядуу ангилалт тогтмол ямар нэгэн хүнсээр хооллодог ч өлсгөлөн байх нь элбэг. Цэвэр усан хангамж тааруу, биеийн байдал сайнгүй, халдварт өвчин тусах магадлал өндөртэй, биеийн дархлаа тааруу хүмүүсийг нэрлэн хэлдэг. Бэлэн мөнгөний эрэлт багатай өөрийн хүссэн зүйлсээ авч чаддаггүй ч нийгмийн өөрчлөлт болон нийтийн үйлилгээгээр үйлчлүүлж чаддаг. Амьдралд хүссэнээ авч чаддаггүй өдөр тутмынхаа хэрэгцээг гүйцдэггүй ч хоосон хоноод байдаггүй хүмүүсийг хэлнэ.

Ажилтай залуу гэр бүл хоногийн хоолныхоо өртгөөс цааш гарч чадахгүй байна. Хэмнэлт хийгээд ч хурааж, хуримтлуулан орон гэртэй болох нь мөрөөдөл болоод буйг жирийн иргэд мэднэ. Гэвч төрийн түшээдүүд мэдэхгүй. Тийм дээ ч залуусаа дэмжих амьдралд бодиттой хувь нэмэр болчихоор шийдвэрийг гарч чадахгүй байсаар...