Өргөн хэрэглээний барааны үнэ ямар байгааг сурвалжлахаар нийслэлийнхний олноороо үйлчлүүлдэг “Хүчит шонхор”, “Нарантуул-2”, “Барс” захууд, “Номин”, “E-mart” сүлжээ дэлгүүрүүдээр орлоо. Эхлээд очсон газар маань Дэнжийн мянгад байрлах “Хүчит шонхор” зах. Махны лангуу үйлчлүүлэгч олонтой байв. Гэхдээ үхрийн мах зардаг лангуунууд хүн цөөтэй, хонь, ямааны мах худалдаалдаг хэсэгт иргэд дугаарлаж зогссон харагдав. Ойрын үед ихэнх нутгаар бороошиж байгаа учраас мах бага ирж байгаа гэж махны худалдаачид ярьж байлаа. Ийм шалтгаанаар тухайн өдрөөсөө шалтгаалж махны үнэ хэлбэлзэлтэй байгаа аж. Тухайлбал, өчигдрийн байдлаар ямааны болон хонины мах ижил үнэтэй байсан юм. Ястай мах нь 8500-9000 төгрөг, ясгүй цул мах нь 9500-9700 төгрөгийн ханштай байна.

Үхрийн махны үнэ нэг их буугаагүй байна гэж бидэнтэй уулзсан хүмүүс хэлж байлаа. Үнэ нь өндөр болохоор худалдан авагчид ч үхрийн махны лангуун дээр ирэх нь цөөрсөн тухай худалдагч нар хэлж байв. Үхрийн мах сээр, гуяны цулаас хамаарч 11000-14000 төгрөг, бусад хэсгийнх нь мах 9000-10000 төгрөг байгаа бол ястай мах нь 8500-9500 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 500 төгрөгөөр хямдарсан ханш гэж худалдаачид онцолсон юм.

Харин адууны мах ястай, ясгүйгээсээ шалтгаалж 8500-9500 төгрөгийн хооронд байна. “Хүчит шонхор” худалдааны төвийн махны худалдагч Э.Пунсалмаа “Захын гаднаас хятадууд махыг машинаар нь бөөндөөд авчихсан болохоор махны нийлүүлэлт багасч үнэ өсөх хандлагатай боллоо. Мах өндөр үнэтэй байгаа ч манай гол хүнсний бүтээгдэхүүн учир хүмүүсийн худалдан авалт огцом буураагүй.

Гэхдээ мэдээж тодорхой хэмжээнд худалдан авалт багассан нь мэдрэгдэлгүй яахав. Нийлүүлэлт багассанаас гадна цаг агаарын байдлаас шалтгаалж ихэвчлэн хонины цагаан улцгар мах орж ирж байна. Цагаан улцгар мах амт тааруу байдаг гэмтэй. Улаан хүрэн өнгөтэй байвал амт, чанар сайтай гэдгийг хэрэглэгчид андахгүй шүү дээ. Махны өнгө ямар байхаас тухайн өдрийн махны борлуулалт хамаардаг” гэж ярилаа.

Махны үнэ өндөр ч гэлээ дайвар бүтээгдэхүүн болох цувдайны үнэ өмнөх сараас зургаан мянган төгрөгөөр буурч 12 мянган төгрөг болжээ. Умс кита болон гургалдай нэг килограмм нь 4000 төгрөг болж хямдарчээ.

Харин бод малын элэг нэг ширхэг нь 3000, бог малынх 1000 төгрөг байна. Өмнөх оныг бодвол энэ жил цувдайны эрэлт хэрэгцээ нэмэгджээ. Цувдайны хэсгээс худалдан авалт хийхээр зогсч буй Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Б.Мөнхцэцэг “Махны үнэ арай л үнэтэй байна. Дандаа мах иднэ гэвэл цалин цуухаа бодсон ч тэр хүчирч барахгүй юм. Ийм болохоор дотор мах авдаг юм бил үү гээд ийшээ ирлээ. Махны хажуугаар хавчуурга болгож хэрэглэж байна. тэгээд ч дотор махны нэг давуу тал нь эрүүл мэндэд тустай” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Тэрээр 20 мянган төгрөгөөр худалдан авалт хийгээд явсан юм.

Цагаан идээний хэсэг ч цөөнгүй хүнтэй байв. Шар тос, аарц, бор, цагаан ааруул нэг килограмм нь 12 мянга төгрөг бол сүүн хурууд 14 мянган төгрөг байна. Тогооны өрөм найман мянга, цөцгий 6-7 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа аж. Хүчит шонхор зах дээр голдуу Архангай, Хэнтий аймгийн цагаан идээ зарагдаж байна.

ШИНЭ УРГАЦЫН НОГОО ҮНЭТЭЙ Ч ЭРЭЛТ ИХТЭЙ БАЙНА

Ургац хураалтын улирал ойртож шинэ ургацын ногоо гарсантай холбогдуулан “Хүчит шонхор” болон “Барс” худалдааны төвүүдийн хүнсний ногооны үнийг сонирхсон юм. Шинэ ургацын төмс кг нь 13002000, байцай 1300-1500 төгрөг байгаа бол лууван 30004000, манжин 2500 төгрөгийн үнэтэй байна. Харин монгол сонгино 3500 төгрөг, сармис 6000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж эхэлжээ. Түрүү жилийн ногооны ханш монгол, хятад ургацаас хамаарч үнэ нь харьцангуй хямд байна. Хүнсний ногоо худалдаалдаг “Хүчит шонхор” захын худалдагч О.Энхжин “Энэ жил ихэнх ногоо урьд онуудын энэ үетэй харьцуулахад ойролцоо үнэтэй байна. Өнгөрсөн жил манжин өндөр үнэтэй байсан. Харин энэ удаад лууван, сонгино 30004000 хүрлээ. Өмнө нь хүрэн манжин 8000 төгрөг хүрч байсныг бодвол энэ онд харьцангуй хямд байх төлөвтэй. Шинэ ургац гараад удаагүй учир одоогоор нийлүүлэлт бага байна. Үүнээс болоод шинэ ургацын ногоонууд үнэтэй хэдий ч эрэлт ихтэй байна” гэлээ.

Хүнсний ногооны жижиглэнгийн үнэ “Хүчит шонхор” зах, “Барс” худалдааны төвд хамгийн хямд байна. Тодруулбал, хүнсний ногоог шуудайгаар худалдан авбал болзолт доод үнээр зарж байгаа аж. Жишээ нь, төмс нэг килограмм нь 600 төгрөг, байцай болон манжин 800, хүрэн манжин 3000, лууван 1800, сонгино 2500 төгрөг байна. Энэ жил сонгино болон лууван хамгийн өндөр ханштай байгаа аж.

Сүлжээ дэлгүүрүүдийн хувьд өргөн хэрэглээний бараа харьцангуй өндөр үнэтэй байна. Хэрэглэгчдийн хамгийн их үйлчлүүлдэг “Emart”, “Номин” сүлжээ дэлгүүрүүдийг сонгон үнэ ханшийн хувьд харьцуулалт хийлээ. “Номин” сүлжээ дэлгүүрт хүнсний ногоог 1-2 кг хүртэл савлагаатайгаар худалдаалж байв. Тухайлбал хоёр кгын савлагаатай төмсийг 34993899 төгрөгийн хооронд худалдаалж эхэлжээ. Харин тав болон түүнээс дээш кг төмс худалдан авахад 25992879 төгрөгөөр авах боломжийг тус дэлгүүрийнхэн үйлчлүүлэгчдэдээ олгож байгаа юм байна. Лууван хагас килограммаар савласан нь 1249 төгрөг байв. “E-mart” сүлжээ дэлгүүрийн хувьд савласан болон савлаагүй хэлбэрээр бүх төрлийн ногоо байна. “Emart”д төмс нэг килограмм нь 1060 төгрөг, лууван 3980 төгрөг гэх мэт “Номин” сүлжээ дэлгүүрийг бодвол харьцангуй үнэтэй байгаа аж. “Emart”ынхан хүнсний эрүүл ахуйд онцгой анхаарч эрүүл ахуйг хангагч хяналтын ажилтан нь дэлгүүртээ цаг тутамд шалгалт хийдэг хэмээн ярьж байлаа.

Б.ЭНХЗАЯА

Э.НАРАНЗАЯА

С.АНУ-ҮЖИН