Монгол Улсын Ерѳнхийлѳгч Х.Баттулгыг АНУ-ын Ерѳнхийлѳгч Д.Трамп Цагаан ордны үүдэнд угтан авсан юм. Хэвлэлийнхний хувьд хѳтѳлбѳрийн дагуу зѳвхѳн зураг авч, бичлэг хийх байсан ч ерѳнхийлѳгч Д.Трамп нээлттэйгээр харилцаж сэтгэгдлээ илэрхийлсэн.

Тэрээр эхлээд “Монголчууд дайчин сайн бѳхчүүдтэй. Би Японд очихдоо Монголд сумогийн дѳрвѳн их аварга байдаг гэж сонссон юм. Тэдний нэг нь айлчлалын багт цуг ирсэн байна. Бидэнд дайчин аваргууд хэрэгтэй” гэв. Айлчлалд зориулж Монгол Улсын Ерѳнхийлѳгчѳѳс Д.Трамп ерѳнхийлѳгчийн хүүд морь бэлэглэсэн. Энэ талаар “Та Монголоос бэлгэнд авсан морио харсан уу. Нэр ѳгсѳн үү?” гэсэн сэтгүүлчийн асуултанд “Зургийг нь харсан. Сайхан адуу байна лээ. Ялалт гэж нэрлэсэн” гэж хариулаад Цагаан ордны “Зууван” танхим руу оров.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нарын хийсэн албан ёсны хэлэлцээнд Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, З.Нарантуяа, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Ё.Отгонбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх тэргүүтэй төлөөлөгчид оролцов.Харин АНУ-ын талаас тус улсын дэд Ерөнхийлөгч Майк Пэнс, АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Болтон, Үндэсний эдийн засгийн зөвлөлийн дарга Ларри Кудлов, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспэр, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн захирагч Марк Грийн болон зарим Конгрессийн гишүүн оролцлоо. Хэлэлцээний эхэнд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Монголыг гайхалтай тэмцэгч иргэдтэй улс хэмээн боддог” гээд ганцаарчилсан уулзалтаар Монголын ноолууран бүтээгдэхүүний талаар гайхалтай яриа өрнүүлсэн болон холбогдох албаны хүмүүсдээ үүрэг, чиглэл өгч энэ асуудлаар үргэлжлүүлэн ярилцахаар болсноо хэлсэн байна. Харин Монгол Улсын Ерѳнхийлѳгч Х.Баттулга тус улсын Конгресст Тэд Иохо тэргүүтэй 40 гаруй гишүүн өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн тѳслийг бүрэн дэмжиж байгаа гэдгээ, мөн хоёр талын Төрийн тэргүүн нарын зүгээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж, дэмжлэг хүссэн юм. Хэрэв энэ хуулийн тѳсѳл батлагдвал Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүн Америкийн зах зээлд татваргүйгээр ирэх боломжтой болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн хэлэлцээний үеэр хоёр улс батлан хамгаалах, соёл, хүмүүнлэгийн салбарт нягт хамтран ажиллаж байгаа хэдий ч худалдааны эргэлт, эдийн засгийн харилцаа муу байгаад онцгойлон анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Эдийн засгийн харилцааны дээрх асуудлаар хоёр тал үргэлжлүүлэн ярилцахын зэрэгцээ Монгол-АНУ-ын анхны дипломат харилцааны түүхийн талаар яриа өрнүүлж, хэлэлцээний төгсгөлд Монгол Улс, АНУ стратегийн түншлэлийн тухай тунхаглал гаргахаар боллоо. АНУ нь албан бус мэдээллээр 16 улстай стратегийн түншлэлийн хүрээнд хамтардаг бѳгѳѳд дээрх тунхгийг гаргаснаар Монгол Улсын дэлхийд эзлэх рейтинг огцом дээшилнэ гэж ажиглагчид дүгнэж байгаа билээ. Уулзалтын үеэр АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнс АНУ нь Монгол Улсын гуравдагч түнш байгаад, мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин Афганистан улсад энх тайван тогтоох үйлсэд гар бие оролцож байгаа явдалд онцгойлон талархал илэрхийлсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn