Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Хүйх багийн хоёр иргэн өчигдөр Жаргалант голын усанд суусан машинтай иргэдэд туслах гэж байгаад живж амиа алджээ. 

Тус сумаас зүүн урд зүгт 22 километрт орших Хүйх багийн “Жаргалант-Уул” гэдэг газар Жаргалант голын усанд суусан “Хонда сивик” загварын суудлын автомашины бүхээгт байсан хоёр хүнд туслах гэж ус гаталж байсан тус багийн харьяат иргэн Л /43 настай, эрэгтэй/, Э /46 настай, эмэгтэй/ нар живсэн тухай дуудлагыг онцгой байдлын газар өчигдөр 14:55 цагт хүлээн авсан байна.

Уг дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч тус өдрийн 15:10 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 16:00 цагт иргэн Э /46 настай, эмэгтэй/-гийн цогцсыг осолдсон газраас зүүн зүгт гурван километрээс олж, иргэн Л /43 настай, эрэгтэй/-ийн цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоожээ.

Харин өнөөдөр 06:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08:00 цагт осолдсон газраас зүүн зүгт 3.5 километр “Чандмань толгой” гэдэг газраас олж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн байна.