Хичээлийн шинэ жил нээлтээ хийсэн даруйдаа бүх нийтийн амралтын өдөртэй золгочихлоо. Хүүхдийн сурч боловсрох эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулж, суурь боловсролыг бүх нийтэд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ хэмээсэн байдаг. 

Иргэдийн сурч, боловсрох эрхийг хангах тогтолцоо нь албан ба албан бус боловсролын нэгдэл байна. Албан боловсролын тогтолцоо нь сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэг, 6 жилийн бага, 9 жилийн суурь, 12 жилийн бүрэн дунд боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсрол олгох сургалтын байгууллагуудаас бүрдэнэ гэдэг. Гэвч өнөөдөр монгол улсын 36 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадалгүй, хаалганы цаана үлдэж байна. Өөрөөр хэлбэл, үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй эрх мэдэлтнүүдийн алдаатай бодлогоос үүдэж сурах эрхээ хасуулж байна. 

Улсын цэцэрлэгийн хоолны мөнгийг төлбөртэй эцэг, эхчүүд өөрсдөө төлдөг болгоё

Хүн амын хоол тэжээлийн үндэсний тавдугаар судалгаагаар тав хүртэлх насны хүүхдийн 90 хувь нь “Д” амин дэмийн дутагдалтай. Мөн тав хүртэлх насны хүүхдүүдийн 9.5 хувь нь “А” амин дэмийн дуталтай, 60.1 хувь нь тус амин дэмийн нөөц бага гэж гарсан. Түүнчлэн сүүлийн үед бага насны хүүхдийн хараа муудах эмгэг зонхилж байгаа талаар нүдний эмч нар ярих болсон. Үүнээс харахад хүүхэд цэцэрлэгтээ болон сургууль дээрээ идэж байгаа хоол хүнсээрээ дамжуулан өөрт хэрэгтэй амин дэм, эрдэс бодисоо авч чадахгүй байгаа нь тод харагдаж байна. Гэртээ мэдээж, эцэг эх хүүхдүүддээ аль хэрэгтэй болгоныг идүүлж уулгаж, өвчинд өртүүлэхгүй байх талаар анхаарч байгаа нь ойлгомжтой. Долоо хоногийн таван өдрийг цэцэрлэг болон сургууль дээрээ өнгөөрөөдөг. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн насны хүүхэд нэг өдрийн 24 цагийн 8-9 цагийг ангидаа үлдсэн 15 цагийн гэртээ байна гэж бодьё. Тэгэхээр өглөө 8 цагт цэцэрлэгтээ очоод орой 6 цагаас гэртээ харина. Ингээд оройн хоолоо идээд оройн 21 цагт унтана. Өглөө мөн л цэцэрлэгтээ энэ маршрутаар 5 хоног хоног цэцэрлэгтээ явна. Энэ хугацаанд хамгийн идэвхитэй хоол идэх цаг нь цэцэрлэг дээрээ өнгөрч байгаа нь ажиглагдсан биз ээ. Одоогийн байдлаар цэцэрлэг дээрээ нэг хүүхэд өдөрт 1650 төгрөгийн хоол иддэг. Харин 24 цагийн үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгийн хүүхэд 2400 төгрөгийн хоол иддэг нормийг төрөөс тогтоож өгсөн нь хэвээр мөрдөгдөж байгаа. Ийнхүү цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эхчүүд өөрсдөө даадаг болсноор амин дэмийн дутагдлаас ангижрах талтай. Мөн  сугалаагаар орчихоод тухайн цэцэрлэгтдаээ явахгүй бай тохиолдол гарч байна. Гэвч энэ сул байгаа орон тоонд сугалаагаараа орж чадаагүй дараагийн хүүхдээ оруулах боломжоор хангаж өгөхгүй байгаа.

Хоёрдугаар асуудал нь, Сургуулийн сурагчид гурван ээлжээр хичээллэж, зүдэрч байна. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 800 гаруй сургууль бий. Эдгээрээс 18 нь гурван ээлжээр хичээллэх болж байна. Тодруулбал, 2019-2020 оны хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэх сургуулиудын 8500 гаруй  хүүхдүүд орой 19:30-20:15 хүртэл хичээллэхээр болж байгаа гэсэн үг юм. Намрын улирал дуусахад эрт харанхуй болж өвөлтэй золгодог. Тэгвэл хүүхдүүд гэгээ тасарч байхад сургуульдаа явж, харанхуйд хичээл нь тарсаар олон жилийн нүүрийг үзлээ. Энэ хичээлийн жилд эл асуудал шийдэгдэн хэмээж байсан ч эрх баригчид хэлсэн амандаа хүрсэнгүй. Ийнхүү дахин хүүхдийн эрхийг зөрчиж байгаа юм.