Их хотын залуус түгжрэлд амьдралынхаа ихэнхи цагийг өнгөрүүлж байна. Арга ч үгүй биз. Хүн болгон машин унаж байгаа цагт "түгжрэлийг буруулах" талаар ам нээсэн бүхэн адлуулдаг болсон. Сургууль, цэцэрлэг эхлэхээс өмнө "бүсчлэлд" хувааж автомашиныг зохицуулдаг болъё гэхэд "баян, ядуу"-аар нь ялгаварлан гадуурхлаа хэмээн өдөр, шөнөгүй шүүмжилсээр унагачихсан. 

Тэгсэн одоо жолооч нар өөрсдөө түгжрэлийг бууруулах" гарцаа ийн хайж байна. Сошиалд Paparazzi+Traffic Mongolia хуудас байдаг гэдгийг жолооч бүр мэддэг. 

Одоо нөгөө бүсчлэлээ яриад нервтээд явж байна. Өглөө, оройдоо нийтийн тээвэртээ багтахгүй. Хувийн машинаа унахаар түгжрэлээсээ үүдэж бөөн стресс. Түгжрэлийн гол шалтгаан нь, жолооч нар өөрсдөө гэдгээ үл анзаарна.

Дүрэм зөрчиж, нэгнийхээ урдуур орчих гэд шахаж зүтгэсээр байгаад "бөглөө" үүсгэчихнэ. Үүний тод жишээ нь, Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-р зүйлд “Уулзварыг бүрэн гүйцэт нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл,саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хориглоно”гэж заасан байдаг. Үүнийг өнөөдрийн байдлаар 1304 жолооч дээрх заалтыг зөрчиж торгуульжээ.

“Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээ нь замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх, дүрэм зөрчсөн жолоочид торгууль оногдуулах, уулзварт түрүүлж ороод түгжрэл үүсгэдэг асуудлыг цэгцлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Дэлхийн олонх улс орон "Yellow box junctions" буюу шар дөрвөлжин тэмдэглэгээгээр уулзваруудынаа нэвтрүүлэх чадварыг сайжруулсан байдаг. Харин манайд Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор ажлын болон ажлын бус цагаар байнгын ачаалалтай уулзварууд болох Цэцэг төв, Үндэсний төв музей, МУБИС зэрэг байршлын уулзварт шар тэмдэглэгээ болон хянах камер байрлуулаад удаж байна.

Энэ мэтчлэн дүрэм зөрчигчид олон бий. Нөгөөтэйгүүр, зохиомол түгжээ үүсгэгчид байна. Энэ ангилалд жолооч нар болон зарим нэгэн замын цагдаа нар орно. Замын цагдаа нарын хувьд нөгөө талын урсгалаа явуулаад нэгийг нь нам зогсоочихно. Хий бухимдаж уулзвар руу шахаж орох асуудал хаа сайгүй. Тухайлбал, 3,4-р хорооллын эцэсээс жолооч нарын сайн мэддэг "Шуудангаар эргэх"-дээ гэрлэн дохиогоо хараад нэвтэрчихэж болдог. Гэтэл эмх замбараагүй дайран орж ирээд "түгжээ үүсгэчихнэ". Хэдхэн минутын тэвчээр жолооч нарт байхгүй улмаас "өнөөдөр түгжрэл хаа сайгүй" байна. Үүнийгээ өөрсдөө ухамсарлаж байгаа шинж алга. Элдэв хараал хэлж биенийгээ нохой, гахайгаар нь дуудаад өнөөх түгжрэлээ үүсгэсээр буй. 

Уг нь манай улсад нийтийн тээврийнхээ хөгжил дээр бага зэрэг сэтгэл гаргаад анхаарахад л "түгжрэлээс ангижрах"-ад тун амар байх байлаа. Гэвч өнөөдрийг хүртэл "U-money" картыг нэвтрүүлснээс өөр дорвитой амьдралд тустай дэвшил гарсангүй.

 “Жирэмсэн эмийн шээх газраас хол яваагүй, жижиг тугалын бэлчих бэлчээрээс гарч үзээгүй” гэдэг шиг ойрхон газарт машин унаж явахыг хэн бүхэн хүсэхгүй биз ээ.