Ерөнхий сайд асан Санжийн Баяртай ярилцлаа.


-УИХ-ын чуулган дээр Т.Аюурсайхан гишүүн “Ерөнхий сайд асан С.Баяр Оюу толгойн гэрээг хууль бусаар хийсэн. Үүнийг АТГ нотолсон” гэж мэдэгдсэн. Тантай тэр өдөр ярилцлага хийе гэтэл та “Аюурсайхан юун нотолгоо яриад байгааг мэдчихээд ярилцъя” гэсэн. Юун нотолгоо ярьсныг та мэдсэн үү?

-Мэдсэн. Т.Аюурсайхан гартаа нэг хавтас барьчихаад чуулганы хуралдаан дээр сүржин мэдэгдэл хийсэн. Гартаа барьсан зүйл нь надад үүсгэсэн эрүүгийн хэргийн материал юм билээ. Мөрдөн байцаалтын явцад хийсэн шинжээчийн дүгнэлт. Хавтаст хэрэгт байгаа материалыг УИХ-ын гишүүн тэр залуу яаж ч юм олоод авчихсан, чуулганы танхимд дэлгэж үзүүлээд байсан. УИХ-ын чуулганыг шүүх хурал шахуу болгон, намайг яллаад унасан. Шүүх хурал юм бол намайг ингэж “эчнээ” яллах учиргүй. Тэр шүүх хуралд нь би бас оролцож, үгээ хэлэх эрхтэй баймаар. Ерөөс хэргийг шүүхэд биш УИХ-д шилжүүлдэг, тэгээд УИХ-ын аль нэгэн гишүүн хэрэг шүүдэг, ялладаг болж байгаа юм уу. Хууль тогтоогч хуулиа ингэж завхруулж болох уу?

-Т.Аюурсайхан гишүүн хэлэхдээ “230 хуудас энэ хавтаст материалыг Монголын төрд дөрвөн хүний нэр дээр ирүүлсэн. Гэтэл энэ дөрвөн хүнээс нэг нь ч энэ тал дээр дуугараагүй. Би энэ хавтаст хэргийн араас явж явж, саяхан олж авсан” гэж байсан. Тэр дөрвөн хүн гэдэг нь хэн хэн юм бол, та мэдэх үү?

-Би яаж мэдэх билээ. За, хэн ч байлаа Аюурсайханыг бодвол, юун дээр дуугарах, эс дуугарахаа мэддэг хүмүүс бололтой. Ер нь бол, мөрдөн шалгаж байгаа хэргийн материалыг ийш тийш илгээдэг, тэрнийг нь олж аваад аль нэг албан тушаалтан элдэв мэдэгдэл хийдэг ийм гаж ёс гэж үгүй. Тэгэх тусмаа “араас нь явж, олж авдаг” хэргийн материал гэж байх учиргүй.

Надад эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Асуудал АТГ дээр байгаа. Шалгаж гүйцлээ гэж үзвэл хэргийн материалыг шүүхэд шилжүүлэх учиртай. Тэрний өмнө надад танилцуулах естой. Би тэрнийг нь үзэж танилцах эрхтэй. Гэтэл энэ материалууд надад биш, аль нэг албан тушаалтан дээр очиж байна. Бүр цаашлаад хэвлэл мэдээллийн байгууллагад хүрч, гүтгэлэгт нийтлэлийн сэдэв болж байна. Ийм байж таарахгүй. Дахин хэлъе. Энэ бол хуулийн завхрал. Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж сайжруулъя, ардчилсан тогтолцоогоо бэхжүүлье гэж яриад байгаа. Гэтэл ардчилсан тогтолцооны суурь нь “хуулийн өмнө бүгд эрх тэгш” гэсэн зарчим юм шүү дээ. Суурь энэ зарчмаа зөрчиж, нулимж байгаа бол ямар ч гоё Үндсэн хууль нэмэр болохгүй.

-Та энэ асуудлаар гомдол гаргасан уу?

-Гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэж бий. 29.3 дугаар зүйлд нь “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нууцлал”-ын тухай тодорхой заасан. Би энэ заалтын дагуу гомдол, хүсэлтээ холбогдох байгууллагад нь гаргасан. Надад хариу өгөх естой. Хүлээж байна. Хэргийн баримтыг задалж, тарааж байгаад хэн нэгний булайг дуудуулж, муу муухай бүхнийг түүн рүү чихэж байгаад ялладаг арга сүүлийн үед нэвтрээд байна. Энэ бол явуургүй арга, бүтэхгүй оролдлого гэж хэлье.

-Т.Аюурсайхан гишүүний харуулаад байсан тэр материалыг та үзэж танилцсан уу?

-230 гаруй хуудас шинжээчийн дүгнэлттэй мөрдөн байцаагчийн зөвшөөрсний дагуу би танилцсан. Хуулбарлаж авах хүсэлт гаргахад боломжгүй гэсэн тул уншиж зарим зүйлийг нь тэмдэглэсэн. Юм юм хамж бичсэн дүгнэлт байна билээ. Холбогдох хуулиа, байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг буруу, дутуу ойлгож тайлбарласан, дүгнэсэн асуудал цөөнгүй байна гэж би харсан, одоо нарийвчлан судалж байна. Ер нь тэгээд, надтай холбоотой хэргийг сонинд нийтлээд, УИХ-ын чуулган дээрээс зарлаад байгаа юм бол уг материалыг нийтэд бүрмөсөн ил болговол зүгээр юм биш үү? Мэргэжлийн болон сонирхож буй бүх хүмүүс нь үзээд, судлаад өөр өөрийн дүгнэлтээ хийг л дээ. Тэгээд Ерөнхий сайд асан С.Баярыг яг ямар баримтаар, юу гэж яллаад байгааг олон түмэн ойлгож мэднэ биз.

-Т.Аюурсайхан гишүүний ярьснаар “Наад захын хөрөнгө оруулалтын эрсдэлийг даах 50 сая ам.долларын хөрөнгөгүй гадны этгээдүүд, өөрөөр хэлбэл халаас нь хоосон луйварчид хүрч ирээд хэдэн тэрбумаар тооцогдох Оюу толгойн орд газрыг маань авчихсан байна” гэж чуулган дээр хэлсэн. Тийм юм уу?

-Оюу толгойн гэрээг бага ч атугай судалсан хүн бол ийм мангар юм ярьж, өөрийгөө эвгүй байдалд оруулахгүй. Муулахын тулд муулж, үүн дээрээ “тодрох” гэсэн хүмүүст нийтлэг нэг дутагдал бий. Суурь баримт огт уншаагүй, эсвэл уншаад ойлгоогүй хэрнээ элдвийн юм ярьдаг. Т.Аюурсайхан бол тэдний нэг нь. Баримт түшиж ярья. Нэгдүгээрт, Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Ерөнхий сайд асан С.Баяр гэдэг хүн ганцаараа дур мэдэн хийсэн юм биш. Энэ гэрээний төслийг Засгийн газар, ҮАБЗ, УИХ-аар хэд хэдэн удаа хэлэлцсэн. Муу ч, сайн ч Монголын төрийн энэ хэдэн байгууллага нийлээд “халаас хоосон гадны луварчидтай” гэрээ арай хийхгүй, тийм үү. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед буюу 2009 оны аравдугаар сар хүртэл нийтдээ 1.1 тэрбум ам.долларын хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байсан гадны хуулийн этгээдтэй бид гэрээ байгуулсан. Хоёрдугаарт, Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ энэ байна. Энэ гэрээний 9.5-д “Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний 3.6-д заасан Техник, эдийн засгийн үндэслэлд (ТЭЗҮ) тусгасан дөрвөн тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг Оюу толгой төсөлд хийхээр төлөвлөж байна. Тооцоолсон эхний хөрөнгө оруулалтыг таван жилийн хугацаанд хийх бөгөөд хөрөнгө оруулалтын зардлын энэ хуваарийг ТЭЗҮ-д тусгана” гэсэн байна. Түүнчлэн, уг гэрээний 3.10-т Оюу толгой төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг бүрдүүлэх, санхүүжилт бүрдсэн нөхцөл гэдэгт юуг ойлгох, энэ талаар Засгийн газарт мэдэгдэх, үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг тодорхой заасан байгаа. Өөрөөр хэлвэл, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн хангалттай эх үүсвэр бий болгосноор Оюу толгой төслийн үйл ажиллагааг эхлүүлэхээр хоёр тал тохиролцсон. Гэрээний эдгээр заалт болон ТЭЗҮ-ийн дагуу хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар хийсээр ирсэн. Нөхцөл байдал, бодит баримт ийм юм. Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаад 10 жил болж байна. Гэтэл гэнэт “бүхнээс ухаантай”, “Монголдоо аймаар их хайртай” нэгэн гарч ирээд “халаас хоосон гадны луварчидтай” гэрээ хийлээ гэх “нээлт хийж”, сүржигнэх нь зөөлөн хэлэхэд утгагүй. Тэгээд ч Т.Аюурсайхан нь одоо жирийн нэг гишүүн биш, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгогдсон юм билээ. Ийм том алба хашиж байгаа хүн тэгэх тусмаа ярихаасаа өмнө бодох, яллахаасаа өмнө судлах хэрэгтэй. Хувь гишүүний нэр хүндээс гадна, бүхэл бүтэн парламентын нэр хүнд цаана нь байна гэдгийг ухаарвал таарна.

-Цааш ярихдаа “Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед хөрөнгө оруулагч нь хайгуулын зарим талбайн тусгай зөвшөөрлийн эзэмшигч биш байсан. Зарим талбайн тусгай зөвшөөрлүүдийн нөөцийн тайлан, ТЭЗҮ батлуулаагүй байсан нь хууль зөрчсөн үйлдэл” гэж хэлсэн. Энэ талаар та юу гэхсэн бол?

-Бас л нөгөө гэрээг уншаагүй, эсвэл ойлгоогүй хүний яриа. Уул уурхайн том төсөл бол хууль журмын дагуу батлагдсан талбайн нөөц, ТЭЗҮ, төлөвлөгөөний дагуу, дараалсан үе шаттай хэрэгждэг. Оюу толгойн төсөл нэлээд том газар нутаг дээр хэрэгжиж буй бөгөөд энэ нь ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий хэд хэдэн талбайд хуваагдана. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байх үед эдгээр талбайн аль дээр нь ашигт малтмалыг олборлох, боловсруулах үйл ажиллагаа явуулах эрх нээгдсэн, аль дээр нь ийм эрх нээгдээгүй, эдгээр талбайг гэрээний үйлчлэлд хэрхэн хамруулах, эс хамруулах асуудлыг хоёр тал зааглаж тогтоосон. Ашиглах, олборлох ийм эрх нь нээгдээгүй байгаа талбайн нөөцийн тайлан, ТЭЗҮ-г ямар хугацаанд хүргүүлэх, тэдгээрийг нь ямар хугацаанд хэлэлцэж бүртгэх тухай гэрээнд тодорхой заасан. Хуулинд заасан бүх нөхцөл бүрдсэн талбайг гэрээний үйлчлэлд хамруулж, олборлох, боловсруулахүйл ажиллагаа явуулах эрхийг нь нээх, мөн тус талбайд Засгийн газар 34 хувийг эзмшихээр тохиролцсон байдаг. Өөр бусад нарийн зохицуулалт ч Хөрөнгө оруулалтын гэрээнд орсон байдаг. 54 хуудас энэ гэрээг Монгол Улсын геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын олон мэргэжилтэн, Засгийн газар, ҮАБЗ болон түүний ажлын алба, УИХ болон түүний байнгын хороод хэлэлцэж дэмжээд, Засгийн газар байгуулсан. Эрхбиш аль нэгэн шинжээч, аль нэгэн гишүүнээс дутахааргүй мэдлэг, туршлага бүхий олон олон байгууллагын хүмүүс хоёр, гурван жил тал талаас нь “нухаж” байгуулсан гэрээ юм шүү дээ.

-Оюу толгой энэ төслөөс болж та юм юм л үзэж байх шиг байна. Энэ төслийг хөдөлгөх нь зөв байсан уу. Огт хөдөлгөхгүй байсан нь дээр байж гэж танд бодогддог уу?

-Хааяа тийм бодол орж ирэх нь ирдэг. Гэтэл энэ төслийг тухайн цагт нь эхлүүлээгүй бол “Алтан сайхан боломжийг С.Баярын Засгийн газар л алдсан. Оюу толгойн гэрээг тухайн цагт нь хийлгүй улсаа хохироосон” гэж одоо байдгаараа зүхүүлээд, хараалгаад сууж байх байсан биз. Зүхэж хараагсдын тэргүүн эгнээнд хэн жагсаж, хэн намайг яллаж байх байсан бол гэж төсөөлж бодохоос инээд хүрэх шиг (инээв).

-Оюу толгойн гэрээний эдийн засгийн болон геополитикийн үр дүн нь юу вэ?

-Би энэ тухай олон удаа ярьж, бичиж байсан учраас одоо товчхон хариулъя. Нэгдүгээрт, Оюу толгойн гэрээ байгуулснаар Монгол Улсын “гурав дахь хөршийн” бодлого маань бодитоор хэрэгжиж эхэлсэн. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын хэмжээ нь (4.2 тэрбум ам.доллар) уламжлалт хоёр хөршийн нийлбэр дүнгээс (3.1 тэрбум ам.доллар) давж гарсан.Энэ бол чиний асуусан геополитик тал нь.

Эдийн засаг талаасаа Монгол Улсын эдийн засаг тэлж, 2001 онтой харьцуулахад 2011 онд 10 дахин томорч, эдийн засаг бизнесийн үсрэнгүй хөгжлийн “бүүм” эхэлсэн. Оюу толгой төслөөс улсын болон орон нутгийн төсөвт 2.1 тэрбум ам.долларыг татвараар хуримтлуулсан. Энэ бол шууд нөлөө. Оюу толгой төслийн дам нөлөө гэж бас байна. Энэ төсөлд ханган нийлүүлэгчээр манай 700 орчим аж ахуйн нэгж ажиллаж, өнгөрсөн 10 жилд нийлүүлсэн бараа, үйлчилгээнийхээ төлбөрт 3.2 тэрбум ам.доллар авчээ. Тэрнээсээ улсад төлсөн татвар нь хэд болсныг би хэлж мэдэхгүй байна. Түүнчлэн Оюу толгойн гэрээ байгуулснаар Монгол Улсын зээлжих зэрэглэл, өрсөлдөх чадвар гэх үзүүлэлтүүд үлэмж сайжирсан. Манай улсаас нэг ч төгрөг зараагүй төсөл гээд цааш яривал зөндөө юм бий ч ингээд зогсъё.

-Оюу толгойн 34 хувийг манай улс авсан нь буруу гэж ярьдаг хүмүүс бий. Шууд татвараараа явах нь үр дүнтэй гэдэг. Энэ тухай та юу хэлэх вэ?

-Энэ сэдвээр ч би олон удаа ярьсан, бичсэн. Оюу толгойн гэрээний том согог нь энэ. УИХ-аас Засгийн газарт үүрэг болгосон алдарт 57 тогтоол гэж бий. “Оюу толгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосугай. Анхны хөрөнгө оруулалт нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувь хүргэж нэмэгдүүлэхийг үүрэг болгосугай” гэсэн үгтэй тогтоол. “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны 34 хувь” гэх хар дарсан зүүд шиг, намайг шөнө гэнэт сэрээсэн ч энэ хэдэн үгийг би цээжээр хэлэх биз. Оюу толгойн төсөлтөй холбоотой биднийг хамгийн их зовоож буй асуудал бол энэ 34 хувь мөн.

-Төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоосон ийм заалттай тогтоол УИХ яагаад гаргасан юм бэ. Тэр үед та намын дарга байсан. Арай өөр шийдэл олж болоогүй юм уу?

-Учир шалтгаан олон байлаа. Нэгдүгээрт, 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хууль нь ийм заалттай байсан. Тэрнийг нь өөрчлөх гээд манай Засгийн газар байдгаараа үзээд хүч хүрээгүй. “Энэ 34 хувь гэдэг бол алсын ирээдүйд л ашгаа өгнө. Харин ойрын зайдаа бол бөөн зардал, бөөн хэрүүл маргаан үүсгэнэ. Дээр нь уул уурхайн болон үнэ ханшны бөөн эрсдэл үүрнэ. Татвар, роялти аваад сууж байвал дээр биш үү” гэж бид их ятгасан. Бараагүй. УИХ-ын гишүүд маань гэдийгээд суучихсан. Хуулийн заалтаа өөрчилж чадаагүй учраас дагаж мөрдөхөөс өөр яах билээ. Хоердугаарт, уул уурхайн ийм том төсөл хөдөлгөж байсан туршлага бидэнд үгүй байлаа. Хувьцаанаас нь хувьтай юм чинь ногдол ашгаараа ойрын хугацаанд их мөнгө олно гэж найдаж байж. Тэр найдлага маань талаар болсон. Гарсан зардал, авах татвар дээр байнгын маргаан. Дээр нь үнийн хэлбэлзэл зовооно. Уул уурхайн төсөл амаргүй. Болж өгвөл үгүй дээ гэхэд энэ 34 хувиас хэлэлцээр хийж байгаад салчихмаар байгаа юм.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдвал үүнээс хойш гарах гэрээ хэлэлцээр, стратегийн орд газартай холбоотой хуулиуд стратегийн орд газрын үр өгөөжийн 50+1 хувь ард иргэдэд ногдох энэ зохицуулалтаар явна гэж байгаа. Тэгэхээр Оюу толгойн гэрээний 34 биш, 51 хувийг эзэмшинэ гэсэн үг үү?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн энэ заалт эцэстээ яг ямар томьёололтой болсныг би үзээгүй байна. Гэхдээ “хувьцааны төрийн эзэмшлийн хувь”, “орд газрын үр өгөөж” гэдэг нь хоёр өөр ойлголт. Оюу толгойн орд газрын Монголын талд ногдох үр өгөөж 54 хувь байхаар хоёр тал тогтсон байдаг. Гэсэн хэдий ч хуулинд, тэгэх тусмаа Үндсэн хуульд эдийн засгийн ямар нэгэн шалгуур, хязгаарлалт оруулдаг практик байхгүй. Гадаадын ч бай, дотоодын ч бай бизнес сонирхлыг бууруулна. Нөгөө өрсөлдөх чадвар маань доошилно л гэсэн үг. Гэхдээ би төсөлд орж байгаа эцсийн томьёоллыг нь мэдэхгүй учраас өөр юм ярих боломжгүй байна.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгээр ард нийтийн санал асуулга /АНСА/ явуулахаар болсон. АНСА-ыг явуулах нь зүйтэй гэж та үзэж байна уу?

- УИХ төслөө боловсруулж хэлэлцээд АНСА явуулна гэж шийдэж байгаа бол үүнд буруу юу байх билээ.

-Түүнчлэн Ерөнхийлөгчийн зүгээс ард нийтийн санал асуулга явуулахдаа засаглалын хэлбэрийг асуух санал гаргасан. Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгууллага Их хурал мөн гэж заасан байдаг. Тийм атал засаглалын хэлбэр ард нийтээс асууна гэдэг нь Үндсэн хуулиа зөрчиж байгаа зүйл биз дээ. Төрөөр ингэж тоглож болох юм уу. Төрийн дархлаа манайд байна уу?

-За, ярьж байгаа асуудал маань бүр халиад явчихлаа. Бид хоёр ийм өргөн хүрээнд ярилцана гэж тохироогүй. Тэгээд ч Төрийн ордонд болж байгаа явдлын наад, цаад учир шалтгааны талаар надад тодорхой мэдээлэл алга. Мэдэхгүй байж мэдэмхийрэх би дургүй.

-Ярилцсанд баярлалаа.