Энэ парламентад сонгуулиас өмнө шийдэх олон асуудал байна. Нэн тэргүүнийх нь сонгуультай давхцаж, төлөлт эхэлж байгаа улсын өр. Гоё нэртэй бондын мөнгөний төлөлт 2020 он гараад л төлөх юм. Харин  Сангийн сайд өчигдөр Ч.Хүрэлбаатар өрөө төлж байгаа гэв.

Энэ талаар тэрбээр  Монгол Улсын өр өнөөдрийн байдлаар 29.7 тэрбум ам.доллар. Үүнээс 18.2 тэрбум ам.доллар нь аж ахуйн нэгж, компаниудын авсан өр. Тухайлбал, “Оюутолгой”, “South gobi sand”,  “Хөгжлийн банк”, “Монголын алт”, “Алтай хүдэр”, “МИАТ”, “Ачит-Ихт” гэх мэт компаниудын гадаадаас авсан зээл багтаж байгаа. Үүний 50 хувь нь буюу есөн орчим тэрбум ам.доллар нь Оюутолгой ХК-ийнх. Монголын 34 хувь, гаднын 66 хувь гэлтгүйгээр Монголын Улсын өрөөр бичигддэг. Хувийн хэвшлийн авч байгаа зээл нэмэгдэнэ гэдэг нь эдгээр аж ахуйн нэгжүүдэд итгэх итгэл нэмэгдэж байгаа гэсэн үг.  Засгийн газрын өр, улсын өр хоёрыг хооронд нь холих тохиолдол элбэг. 29.7-18 тэрбум ам.доллар  бол ААН-үүдийн зээл, 2.2 тэрбум ам.доллар нь арилжааны банкуудын авсан зээл. Монголбанк дээр мөн 2.2 тэрбум ам.долларын өр бий. Энэ бол Хятадын Ардын банктай төлбөрийн тооцоо хийдэг зээл.Үлдсэн нь Засгийн газрын өр. Засгийн газар 7.2 их наяд төгрөгийн өртэй байсан. Сангийн сайд болсноос хойш 7.4 их наяд төгрөгийн зээл төлсөн. Зээлийн болон хүүгийн төлбөрийг төлсөн. Ийм хэмжээний өр төлбөр төлсөн учраас өр төллөө гэж ярих нь зүйн хэрэг. Худлаа биш. Төсвийн алдагдлыг хоёр их наядаар төсөөлсөн. Энэ нь тэнцвэржүүлсэн тэнцэл. Энэ орлогод хоёр эх үүсвэр ороогүй. Тогтворжуулалтын сан, Ирээдүйн сангийн орлогыг оруулаагүй. Хэрэв оруулбал, нэг их наяд орчим төгрөг бий. Мөн Улаанбаатар Дархан, Налайх, Цэвэрлэх байгууламж гэх мэт зээлүүд бүгд эх үүсвэртэйгээ орж ирдэг. Зээлийн төсвийн орлого дээр ерөөсөө бичигдэхгүй. Харин гарсан зарлага дээр бичигддэг учраас алдагдал ингэж харагддаг. Энэ алдагдлыг “гоё” нэртэй бонд гаргаж санхүүжүүлэхгүй, арилжааны банкуудаас нэг ч төгрөгийн зээл авч санхүүжүүлэхгүй хэмээн сэтгүүлчдэд мэдээлэв.

Үүнтэй зэрэгцээд манай улс саарал жагсаалтад орох гээд тэвдүүлж байна.  Монгол улс одоогоос 6 жилийн өмнө  сараал жагсаалтад ороод 2014 онд гарч байсан түүхтэй. Сараал жагсаалтд гэж юуг хэлээд байна вэ гэвэл, Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын “саарал жагсаалт”-д багтах эрсдэл үүсэв. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын баг найм болон есдүгээр сард Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага (FATF), Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллага (APG)-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын Ажлын хэсгийн хамтарсан уулзалтад оролцож, тайлангаа танилцуулсан юм. Харин энэ  сарын 15-нд Парист болох ФАТФ-ын ээлжит хурлаар Монгол Улсад өгсөн “даалгавар”-ыг хэрхэн биелүүлсэн эсэхийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Энэ талаар эдийн засагч Б.Мөнхсоёл: Наймдугаар сард хоёр удаа Монгол Улсын албан төлөөлөгчид Ази, Номхон далайн бүсийн хуралд оролцож, “саарал жагсаалт”-д орохгүй байх хамгаалалт хийсэн. Өөрөөр хэлбэл, 40 зөвлөмжийн дагуу өнгөрсөн хугацаанд хийсэн тайлангаа танилцуулсан. Ерөнхий байдлаар харвал, Монгол Улс саарал жагсаалтаас гарч чадахгүй байх магадлалтай. Үүний аюулаас болоод аж ахуйн нэгж иргэнд мөнгөн гуйвуулгаас эхлүүлээд, макро эдийн засагт хүндрэл учирна. Мэдээж үүнд, гаднын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны хэмжээ саарах зэргийг дурдаж болно. Тэр утгаараа бизнес эрхлэгчдээс эхлүүлээд санаа зовниж байгаа. Аливаа асуудлыгшийдэхэд нэгдүгээрт, хууль эрхзүйн орчныг шийдсэн байх хэрэгтэй. Хоёрдугаарт, хамгийн бол зүйл бол хэрэгжилт шүү дээ. Гэтэл Монгол Улсад хэрэгжилт байдаггүйг гаднынхан хэлдэг. Монгол Улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор зохиосон хурлын үеэр ч гаднын хөрөнгө оруулагчид, мэргэжилтнүүд “Танайд хууль, эрхзүйн орчин хангалттай байна. Харин хэрэгжилт алга” гэдэг. Монгол Улс ФАТФ-ын өгсөн 40 зөвлөмжийг хангаагүй. Монгол Улсын өөрийнх нь нөхцөл байдлаас улбаалж нэмээд дөрвөн зөвлөмжийг ФАТФ өгсөн байгаа.

Харин сангийн сайд, Монгол Улс эрчимтэй хяналтад явж байсан. Арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэр дээр аудит хийх шаардлагатай байгаа. Учир нь арилжааны банкууд капиталаа нэмэгдүүлэхдээ ил тодын хууль ашигласан. Үүнийг нь шалгаж, дараа нь ямар арга хэмжээ авах вэ гэдгээ Монголбанк шийдэх ёстой. Мөн мөнгө угаахтай холбоотой шийдэгдсэн гэмт хэрэг манайд юу байна вэ гэдгийг ярих ёстой гэж онцолсон юм.