NBA-гийн “Хьюстон Рокетс” багийн менежер Дарил Мори Хонконгийн эсэргүүцлийн жагсаалыг дэмжсэн утгатай үгс twitter-тээ жиргэснээс үүдэлтэй дуулиан өдгөө ид өндрөө аваад байна.

Уг жиргээний дараа Хятадын Засгийн газар эмзэглэж, Сагсан бөмбөгийн холбоо нь “Хьюстон Рокетс” багтай харилцаагаа тасалсан бол удалгүй лиг бүхэлдээ түүний хомрогонд өртөх эрсдэл нүүрлээд байна. Тухайлбал, ухаалаг утас үйлдвэрлэгч Vivo компани, NBA-гийн тоглолтуудын шууд дамжуулагч CCTV телевиз болон Хятадын хамгийн том интернэтийн компани Tencent зэрэг аваргууд хамтын ажиллагаандаа цэг тавих талаар яриад эхэллээ. Хамгийн сүүлд спортын хувцас үйлдвэрлэлийн Anta компани NBA-тай харилцаагаа таслах тухай яригдах болжээ. Хэрэв энэ бүхэн бодитоор биелвэл сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг лиг тэрбум тэрбум ам.долларын алдагдал хүлээх нь гарцаагүй. Тус лигийн багууд Хятадад үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад цалингаа 10-15 хувиар танах талаар ч яригдаад эхэллээ. Хэн нэг иргэн сошиал сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсэн бол нэг их асуудал болохгүй байх. Харин NBA-гийн багийн удирдах албан тушаалтан улс төрийн эмзэг сэдвээр ийн жиргэсэн нь нөхцөл байдлыг хүндрүүлж орхисон юм. Лигийн комиссар Адам Силвер асуудлыг намжааж, хятадуудыг тайвшруулахын тулд өөрийн биеэр тус улсад очиж, яриа хэлэлцээр хийх сурагтай. Албан тушаалтны хариуцлагагүй ганц мэдэгдэл ямар их уршиг дагуулж болохын тод жишээ энэ.

АНУ, Хятадын хооронд үүс­сэн ээдрээт энэ нөхцөл байдал үүнтэй адил Монголд нүүрлэхгүй гэсэн баталгаа байхгүй. Ялангуяа, улстөрчид нь амныхаа зоргоор бурж, түүндээ хариуцлага хүлээдэггүй өнөөгийн нөхцөлд. Угаас улстөрчдийн хариуцлагагүй мэдэгдэл улсын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн базаахгүй жишээ захаас аваад бий. Тухайлбал, Б.Чойжилсүрэн 2016 онд Сангийн сайдын албан тушаалыг авмагц Монгол Улс эдийн засаг, санхүүгийн гүн гүнзгий хямралд орсныг гайхаж, эгээ л дампуурах гэж буй мэтээр тайлбарлаж байлаа. Харамсалтай нь өмнөх засгаа муучлах улс төрийн зорилготой эл мэдэгдлийн дараа Засгийн газрын бондуудын үнэ огцом доошилсон байдаг.

Үүнээс болж Монгол Улс хэдий хэмжээний алдагдал хүлээж, улсын төсөвт ямар дарамт учирсныг хэн ч тоож сонирхоогүй. Улсаа ийн хорлосон өнөөх сайд ч ямар нэг хариуцлага хүлээлгүй өнгөрсөн нь тодорхой. Өрсөлдөгчөө намнаж, харлуулж болно оо, гэхдээ хэрээс хэтэрч болохгүй гэдгийг ганц энэ жишээ бидэнд хангалттай ойлгуулж билээ.

Өөр нэг жишээ. Манай улс 2016 онд олон улсын зах зээлээс 500 сая ам.долларын бонд гаргахаар бэлтгэл ажил хангагдаад байв. Гэтэл яг үүнтэй зэрэгцэн хэдэн популист улстөрчид Засгийн газрыг огцруулна хэмээн баахан бужигнах нь тэр. Үр дүнд нь манай улсын зээлжих зэрэглэл буурч, бондын хүү өссөн харамсалтай тохиолдол бий. Үүнээс болж Монгол Улс жилд 50 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн болохыг эдийн засагчид тооцоолж байв.

Монголбанкны ерөнхийлөгч УИХ-ын чуулганд мэдээлэл хийхдээ төв банк гадаад валютын нөөцгүй болсныг зарлаж, олныг цочирдуулж байсан нь мөн л хариуцлагагүй мэдэгдлийн нэгэн жишээ. Энэ мэдэгдлийн дараа ам.долларын ханш гэрлийн хурдаар өсөж, хэдхэн хоногт 500 төгрөгөөр нэмэгдэж байв. Мэдээж эрхэм ерөнхийлөгч энэхүү мэдэгдэлдээ ямар ч хариуцлага хүлээгээгүй. Гэтэл ам.долларын өсөлт жирийн иргэдээс авахуулаад улс орны бүх л салбарт ямар сөрөг нөлөө үзүүлснийг хүн бүр мэднэ. Тухайн үед цойлсон “ногоон”-ы ханш одоо ч буураагүйгээр үл барам улам дээшилсээр байгаа нь харамсалтай.

Манайд үе үе гэнэтийн мэ­дэгдэл хийж попордог улстөрч олон бий. Тэд хариуцлагагүй мэдэгдэл ямар уршиг да­гуулахыг тооцоолох ямар ч чадваргүй хүмүүс гэдгийг хэн хүнгүй мэднэ. Олны анхаар­лыг татсан сэдвээр сүржин мэдэгдэл хийж, олон нийтэд таалагдах нь л тэдэнд юу юунаас чухал. Харамсалтай нь үүний тө­лөөсийг тэдний хам­гийн их ярьдаг ард түмэн амссаар ир­сэн юм.

Улсаа хорлосон эдгээр нөх­дийн дараа хэн ямар мэдэгдэл хийж, гай тарих бол гэж бодохоос сүүлдээ яс хавталздаг боллоо. Манайхны ихэнх нь хятадуудад “дургүй” гэж эх оронч дүр эсгэж мунхагаа харуулдаг болохоор Хятадын цаг үеийн асуудал хурцадмал энэ цаг дор хамар доорх хагархайгаа хамхиж явахыг анхааруулах нь зөв буй за. Болж л өгвөл муулчих гээд сайн үг унагах нь ховор хүмүүс шүү дээ. NBA-гийн “Хьюстон Рокетс” багийн менежер Дарил Моригийн адил манай хэн нэг хэнээтэй нөхөр хариуцлагагүй үг унагавал урд хөрш хилээ хаана хэмээн Монголд ухамсрын дохио өгч чадахаар улс. Харин энэ үед нүүрсээр голоо зогоодог монголчууд улсаараа өлбөрч үхэх аюулд орох вий.

Жижигхэн Монгол байтугай хүчирхэг Америк хүртэл хятадуудад тал засаж, арга эвийг нь олох гэж хичээж буйг бид NBA-гийн жишээнээс тод харж байна. Хятад хэмээх аварга зах зээлийг алдвал ямархуу хүнд байдалд орохоо дэлхийн улс орнууд сайн мэдэж байгаа тул тал засаж, эв эрхэмлэж явдаг.

Тэгвэл Монгол Улсад ч үүнээс нэг их ялгаа алга. Манай улсын нийт экспортын 94 хувийг өмнөд хөрш дангаараа хангаж байна. Үнэндээ бид Хятадад түүхий эдээ зарж олсон хэдэн төгрөгөөрөө л төрийн албаныхны цалинг тавьж, бүтээн байгуулалтаа хийж, өдөр хоногийг залгуулж байгаа маань нуух аргагүй үнэн. Харин нэг эх оронч царайлсан төрийн түшээ Хятадын эмзэг асуудлаар таагүй зүйл ярьж орхивол их гүрэн хилэгнэж хилээ хаах шиг амархан юм байхгүй. Энэ цагт Монгол Улс элгээрээ мөлхөхийг төсөөлөхөд тийм ч хэцүү биш.

Хэдхэн жилийн өмнө дөө, манай улс Далай ламыг эх орондоо урьж авчирсны дараа тун ч эвгүй байдалд орж байлаа. Уг айлчлалын дараа Хятадын Гадаад Харилцааны яамнаас Монголын талд хандан хоёр талын хамтын ажиллагаа, ашиг сонирхлын үүднээс Далай ламыг дахин Монголд хөл тавихыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн удаатай. Үүнтэй зэрэгцэн Хятадын тал хилээ хаах анхааруулгыг ч манайд өгсөн. Улмаар тухайн үед Гадаад харилцааны сайд байсан Ц.Мөнх-Оргил Хятадын талаас албан ёсоор уучлалт гуйж, дахин ийм “алдаа” гаргахгүй хэмээн царайчилсан. Далай ламын асуудалд ийм эмзэг хандаж байгаа улс Хонконгийн салан тусгаарлах асуудалд бүр ч эмзэглэх нь тодорхой. Тэр ч үүднээс дэлхийн хүчирхэг лигийг өмнөө сөхрүүлж, ацан шалаанд оруулж чадаж байна. Гэтэл Монголд Дарил Мори шиг хариуцлагагүй нөхөд захаас аваад бий гэж бодохоор сэтгэл түгшинэ. Поп нөхдийн хариуцлагагүй ганц үг улсаа яаж хорлож болдгийг энэ хэдэн улстөрчид ойлгодог л байгаа даа.

Засгийн газрын мэдээ