Монгол улсын Ерөнхийлөгч нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эхийг түдгэлзүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмонтой ярилцлаа. 

- Монгол Улсын Ерөнхийлөгч нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн зарлиг гаргасан. Энэхүү зарлигт таны нэр байсныг хэрхэн хүлээж авсан бэ?
- Танд Энэ өдрийн мэнд хүргэе.  Ерөнхийлөгчийн зарлигаар  17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэн захирамж гарсныг тэр өдрийн өглөө   цахим сайтаас уншиж мэдсэн. Энэ зарлиг гарах үед  Улсын дээд шүүхийн үүдэнд  хэд хоногийн турш цуглаан болж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүхийн талаар ялангуяа С.Зориг агсны хэрэг, Эрдэнэтийн 49 гэх зэргээр сөрөг мэдээлэл ихээр цацагдаж, Үндсэн хуулийн өөрчлөлтөд шүүхтэй холбоотой шинэтгэл хийх шаардлагын талаар нэлээд эрчимтэй яригдаж  байсан үе.  Энэ захирамжид өөрийнхөө нэрийг байна гэж төсөөлөө ч үгүй. Би ихэд цочирдож хүлээж авсан хэдий ч хууль ёс, зарчимдаа итгээд хүлээцтэй хандсан.  Ер нь “Салхитын мөнгөний орд” гэх  хэргийн тухай 2019 он гараад сар шинийн дараагаас сайтуудаар мэдээлэл гарч эхэлсэн юм байна лээ. Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шийдсэн шүүх бүрэлдэхүүн гээд шүүгчдийн нэрсийг, зурагтай нь сайтуудаар  тавьсан байсан. Тэгээд.  энэ хэргийг шийдвэрлэх бүрэлдэхүүнд орсон гэдгийг хяналтын шатны шүүхийн тогтоолоос үзэж байж л мэдсэн. Учир нь дээд шүүх жилдээ ойролцоогоор 1600 гаруй иргэний хэрэг шүүх хуралдаанаар шийдвэрлэдэг.  Шүүгч нар дор хаяхад 80 хувьд нь бүрэлдэхүүний шүүгчээр ажилладаг. Иймээс өчигдөр, уржигдрын шийдвэрлэсэн хэрэг шиг  бүрэлдэхүүнд  байсан эсэхээ санах боломжгүй. Миний хувьд хэвлэлээр гарч буй  мэдээллийг хүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд бүдүүлгээр халдаж байгаа үйлдэл, үндэслэлгүй гэж ихэд бухимдсан. Тэгээд ч би шүүгч нартаа хэлсэн  “...бүгдээрээ хэвлэлийнхэнд хандъя. Нэр төрөө сэргээлгэе. Ингэж дайрч давшилж болохгүй. Шүүхэд хандъя” гэхэд    “....угаасаа ингэж шүүх рүү дайрдаг юм. Нэг хэсэг ингэж байгаад чимээгүй болчихдог. Чи шинэ хүн болохоор цочирдож байгаа байлгүй. Тэгээд ч шүүгч өөрөө шүүхэд хандах нь зохимжтой биш” гэсэн. Нээрээ ч тэгээд хэвлэлээр яваад байсан мэдээллүүд дахиж гарахаа больчихсон. Гэтэл нэг л өглөө Ерөнхийлөгчийн зарлиг гарчихсан байсан. 
- Зарлиг гараад өнөөдрийг хүртэл таван сар орчим боллоо... Энэ хугацаанд АТГ-т шалгагдлаа..
- Тиймээ, урт хугацаа өнгөрч байна. Энэ хооронд хувь хүнийхээ хувьд их хохирч байна, нөгөөтэйгүүр  хэрэг маргаанаа хянуулахаар дээд шүүхэд хандсан иргэн, хуулийн этгээдийн эрх ашиг ч хөндөгдөж байгаа. Ерөнхийлөгчийн захирамжийг сайтаас олж уншсаны нөгөөдөр АТГ-аас прокурорын тогтоол танилцуулаад манай гэрт нэгжлэг хийсэн. Гурван хүн ирсэн, нэгжлэг хийж байгаагаа бичлэгээр баримтжуулдаг юм билээ. Анх удаа л ийм зүйлтэй нүүр тулсан. Тэд миний гэртээ ажлаа хийдэг нөүтбүүк, утасны сим, банкны карт, бичиж дуусаагүй тогтоол зэргийг авч явсан. Нэгжлэг хийх явцдаа мөрдөгчид манайхыг ямар ч их номтой айл вэ гэсэн. Үнэхээр надад маш их ном л байгаа. Ингээд гэрчээр хоёр удаа мэдүүлэг авсан. Асуусан асуултад нь өөрийнхөө мэдэх хэмжээнд л хариулсан.   Тэр хэргийн бүрэлдэхүүнд байгаа учраас намайг түдгэлзүүлсэн юм байна ойлгосон.  
- Салхитын мөнгөний ордтой холбоотой гэж зургаан шүүгчийн хэргийг прокурорт шилжүүлсэн. Тэр дунд таны нэр байсан?
- Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараа намайг гэрчээр хоёр удаа асуусан. Гурав дахь удаагаа дуудахдаа  яллагдагчаар татах тогтоол танилцуулсан. Би тогтоолыг зөвшөөрөхгүй гэдгээ хэлж, бүх газарт гомдол гаргасан. Яллагдагчаар татсан тогтоолд анх гэрчээр асуухад “Таньдаг уу” гэж асуусан хүнээс “Мөнгө авсан байна. Энэ нь баримтаар тогтоогдсон” гэж надад хилс хэрэг тулгасан. Тэр хүн мөнгө авсан юм чинь өгсөн байж таараа” гэж. Ерөөсөө энэ.  Нэг хүн авсан бол нөгөө хүндээ өгсөн л байж таараа гэсэн муйхар хандлагаар, үндэслэлгүйгээр яллагдагчаар татсан.  Үнэхээр  их  гомдож  байна. Би барагтай л нулимс унагаах дургүй.   Гэтэл энэ удаа бол нулимс аяндаа асгардаг юм  байна.  Анх түдгэлзүүлэх зарлиг гарахад  цочирдсон  хэдий ч би хүлээцтэй хандсан. Яагаад гэвэл нэгдүгээрт, төрийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандсан. Хоёрдугаарт, би өөртөө итгэлтэй. Би хэзээ ч ийм хууль бус буруу зүйл хийгээгүй. Хийх ч үгүй. Ийм учраас үнэн мөн нь тогтоогдоно гэдэгт итгэлтэй байсан. Гуравдугаарт, бүрэн эрхийг түдгэлзүүлсэн ч гэсэн би шүүгч хэвээрээ байгаа. Ингэснээр шүүгчийн ёс зүйн дүрэмд захирагдах ёстой. Шүүгчийн ёс зүйн дүрэм маш хатуу. Тиймээс би шүүгч хэвээрээ байгаа учраас ёс зүйдээ захирагдсан. Дөрөвт, нийгэм тэртэй тэргүй бужигнаж байгаа үед би ажлаа хийж байгаа хүмүүст саад болох вий. Бодит үнэнийг тогтооход саад учруулах вий гэдэг үүднээс би олон нийтэд хандаагүй, байр сууриа илэрхийлээгүй. 
Нөгөөтэйгүүр намайг яллагдагчаар татаад нэг л удаа мэдүүлэг авсан. Тэгээд л хэргийг шалгаад дуусчихлаа гэж байна. Мэдүүлэг авсны дараа би өөрөө тайлбар гаргаж өгсөн. Холбогдох баримтуудыг гаргаж өгсөн. Миний бүрдүүлж өгсөн баримт тэр мөрдөгчдийн цуглуулсан баримтаас их байгаа. Дараа нь хэргийг чинь боочихлоо, ирж танилц гэлээ. Би өмгөөлөгчтэйгөө хамт очсон. Өөртөө хамааралтай, надтай нэр холбогдсон хүнтэй холбоотой хэсгийг үзээд л тайван байсан. Үзчихлээ, одоо яах билээ гэхэд “Таны хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар явуулж байна” гэлээ. Би үнэхээр тэсэрсэн.  Би бодохдоо “За Цолмон шүүгчээ таньтай холбоотой зүйлийг шалгаж дууслаа. Гэхдээ танд хамаарах юм байхгүй юм байна” гэсэн хариултыг хүлээж байтал шал эсрэгээрээ. Би хэлсэн. “Та нар шударга бусын хонгилоор намайг чирэх гэж байна” гэж хэлсэн. Би хууль мэддэггүй хүн байсан бол өөр л байсан байх.  МУИС-ийг Сүхбаатарын цалинтай улаан дипломтойгоор төгссөн. Монгол Улсын Үндсэн хуулийн   Цэцийн дарга анхны дарга Г.Совд багшаар  эрүүгийн эрх зүйн хичээл заалгасан хүн.   Миний үзэж байсан тэр онол ном одоо үгүй болсон юм уу гэж үзээд сүүлийн үед гарсан ном, сурах бичгүүдийг судаллаа.  Онол, зарчим хэвээрээ л байна.  Гэмт хэрэг чинь субьект, субьектив тал, обьект обьектив тал гэсэн дөрвөн үндсэн шалгуур хангаж  байж бүрэлдэхүүнтэй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ч  гэмт хэрэг хийснийг нотлох зарчмыг тусгайлсан тогтоосон байгаа.  Процессын тухай хуулийн 16 дугаар зүйл дээр заасан  нөхцөл надад  яаж нотлогдоод байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй   байгаа юм. Намайг буруутгасан үйлдлийг нотолсон ямар ч баримт байхгүй, би буруу зөрүү юм хийгээгүй тул ийм баримт гарах ч үгүй. Гэтэл мөрдөгч болон прокурорууд  таамгаар “Тэр мөнгө авсан юм чинь чамд өгсөн байж таарна” гэж байгаа нь үнэхээр хууль ёс, ном журам нь хаана алга болчихвоо гэж бодоход хүргэж байна.  Зарим хүмүүс дээр зураг, дүрс гэх мэт баримт байдаг л  гэсэн.   Миний тухайд  би  ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй, хийх ч үгүй болохоор  баримт байх боломжгүй. Иймээс таамгаар надад ял тулгаж  хэргийг шийдэх гэж байна. Би бусадтай үгсэн хуйвалдаж, авлига авах, хэн нэгэн хүний дохио зангаагаар ажиллах хүн биш гэдгийг мэдэх хүмүүс олон байгаа.  Прокурор гагцхүү хуульд захирагдах зарчмаа хэрэгжүүлж, надад үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгоно гэдэгт хуульчийнхаа хувьд бүрэн итгэлтэй байна.
-Төрийн холбогдох байгууллага, албан тушаалтнуудад гомдлоо зохих журмаар нь гаргасан гэсэн. Энэ талаар тодруулбал?
- Тийм ээ, 2019 оны 10 сарын 1-ний өдөр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд, Хууль зүйн Сайд, Монгол Улсын Ерөнхий Прокурор, АТГ-ын дарга нарт хандаж гомдол гаргасан. Учир нь Ерөнхийлөгчийн зарлиг гарахаас өмнө Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт орсныг Та бүхэн мэдэж байгаа. Иймээс дээрх субьектүүдэд хандаж гомдол гаргасан,   Ерөнхий Прокурор, Ерөнхий сайд, Хууль зүйн сайдаас хариу ирүүлсэн, эдгээр хариунд гомдолд дурдсан асуудлыг нарийвчлан шалгаж хариу өгөх тухай зааж гомдлыг Ерөнхий прокурорт шилжүүлсэн,  харин бусад нь өнөөдрийг болтол хариу өгөхгүй байгаа нь Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах журмын тухай хуульд заасан хугацаа хэдий хэмжээгээр өнгөрч байгаа нь ойлгомжтой. Дээрх байгууллага, албан тушаалтнууд хуульд заасан хугацаанд хариу өгөхгүй байгаа нь хуульд хэрхэн хандаж байгааг харуулж байна. 
-Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор анх асуудал үүссэн. Хэргийг хянан хэлэлцэж байсан үеийн байдлыг та дэлгэрэнгүй ярьж болох уу?
- Улсын дээд   Шүүхийн  хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд “Салхитын мөнгөний орд” гэдэг үг ч байдаггүй юм билээ. Хятад монгол хоёр хүний хооронд үүссэн хувьцааны маргаан байдаг. Тогтоолыг үзэхэд энэ бол иргэний хэргийн шүүхийн байнга л шийдвэрлэж л байдаг маргааны нэг. Энэ хэргийн хувьд би илтгэгч шүүгч биш. Бүрэлдэхүүнд орсон шүүгч. Илтгэгч шүүгч бусад шүүгч нартаа хэргийн материалыг танилцуулдаг. Илтгэгч шүүгч Амарсайхан байсан. Амарсайхан шүүгч бол маш туршлагатай, олон жил шүүгч байсан хүн. Бичсэн тогтоолыг нь харахад өөртөө итгэлтэй, маш сайн бичигдсэн байдаг. Тэгэхээр тэр хэмжээнд хэргийн нөхцөл байдлаа танилцуулсан л гэсэн үг. 

-УДШ   хэргийг  гомдлоор  хянан хэлэлцдэг. Шүүгчийн хувиар хэргийг уншихад танд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр зөв бөгөөд үндэслэлтэй санагдсан уу?
- Хяналтын шатны буюу дээд шүүхийн шүүх хуралдаан 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хийгддэг хуультай.  Миний хувьд энэ хэргийг илтгэсэн шүүгч биш, харин бүрэлдэхүүнийн 5 шүүгчийн нэг. Илтгэгч шүүгч биш учраас  хэргийг бүхэлд нь уншиж, танилцах боломжгүй. Ерөнхийдөө илтгэгч шүүгч бусад шүүгч нартаа хэрэг болон холбогдох баримтуудыг танилцуулж, шүүгч нар шаардлагатай гэж үзвэл хэргийг тойруулаад тал талаас нь  үзэж, хамтын шийдвэр гаргадаг. Энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нарийвчилсан зохицуулалт үйлчилдэг. Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоос харахад давж заалдах шатны шүүх анхан   шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байсан. Хяналтын шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.  Дээр хэлснээр хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд магадлалыг хүчингүй болгож байгаа үндэслэл нь дэлгэрэнгүй бичигдсэн байгаа. Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол цахим хэлбэрээр нийтэд нээлттэй байдаг болохоор сонирхсон хүн нь үзэж, өөр өөрийн дүгнэлтээ хийх боломжтой гэж бодож байна. 
-Хэрвээ таныг гэм буруугүй гэж шүүхийн шийдвэр гарвал та эргээд ажлаа хийх үү?
- Сонин асуулт байна.  Гэхдээ би гэм буруугүй, ямар нэгэн зохисгүй, хууль зөрчсөн буруу үйлдэл хийгээгүй, хийхгүй гэдэгтээ итгэлтэй байна. Иймээс надад үүсгэсэн хэрэг шүүхэд шилжих ёсгүй, мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгох нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, материаллаг болон  процессын эрх зүйн онолд нийцнэ гэж үзэж байна.  Эргээд ажлаа хийх үү гэсэн асуултын тухайд миний хувьд маш олон бодол төрж байгааг хэлмээр байна.  
Хууль зүйн үндэслэлгүйгээр надад хамаатуулж үүсгэсэн хэргийг шүүхэд шилжүүлэх гэж байгаа бол энэ нь Хууль ёсыг уландаа гишгэсэн, шударга бус байдлыг хөхүүлэн дэмжсэн үйлдэл юм. Тиймээс эрхэм мөрдөгч  болон прокурорууд Үндсэн хуульд заасан “Хууль дээдлэх” ёс, Эрүүгийн хуулиа, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиа, нотлох зарчмаа, хуульд захирагдах зарчимдаа захирагдаач. Хуульчийнхаа  өргөсөн  тангарагт  үнэнч байгаач  гэж   хэлмээр  байна. Эцэст нь хэлэхэд “Төрийн алтан аргамжаа нь бат байгаа, Төрийн хууль ёс хэвээрээ байгаа тул Шударга ёс, Хууль дээдлэх зарчимдаа үнэнч байж,   хэрэгт огтхон ч хамааралгүй  надад үүсгэсэн энэ хэргээ нэн даруй хэрэгсэхгүй болгоно гэдэгт бүрэн итгэлтэй байна. 
-    Нэр бүхий шүүгч нар шудрага бус байгаагаас “хэлмэгдэж” байгаа. Та энэхүү шудрага бус байдалтай тэмцэх үү.
-    Би 2013 оны 4 сард шүүгчээр томилогдсон,  энэ системд шинэ хүн. 2019 оны 11 сарын 18-ны өдөр өөрийн “нүүр ном”-оороо дамжуулж, үзэл бодлоо илэрхийлсэнтэй холбоотой энэ ярилцлагыг  хийх санал ирсэн. Энэ хэрэгт гэм буруутай хүн байгааг үгүйсгэхгүй.  Би хэн гэдгийг нь тогтоох эрх мэдэлтэй биш.  Мэдээж энэ хэрэгт  тодорхой  баримт  нотолгоотой хүмүүс байгаа л байх. Гол нь буруутай буруугүйг нь ялга. Нийгэмд үүсгэсэн энэ их дуулиан шуугианаа дарахын тулд,  улс төрчдийн   “шударга ёсыг тогтооно” гэсэн амлалтаа биелүүлсэн гэж харагдахын төлөө,    “муухай шүүгч нар”-ыг цааш явуулж байна, “нийгмийн захиалга” гэсэн  “попорсон” үзэгдлийнхээ    золиосонд  “доргисон эвэр”  дотор орсон  гэмгүй  хүмүүсээ  битгий  ингэж хэлмэгдүүлээч гэж хэлмээр байна. “ТААМГААР” ял тулгаж болохгүй.    Шударга бус байдлыг эс тэвчих нь хуульч хүний үүрэг шүү дээ.
-    Шүүгчдэд ял оноохгүй гэсэн яриа байна. Хэрэв гэм буруутай бол шүүгч нар ял авах нь зүйн хэрэг үү. 
-    Өөрөө хаанаас ийм яриа сонсоо вэ. Гэм буруутайг нь хууль ёсны дагуу, үнэн зөв, шударгаар, улс төрчдийн  болон бусад этгээдийн нөлөө, дарамтаас ангид байдлаар тогтоосон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн талаарх олон улсын олон гэрээ, конвенцид зааснаар хууль, шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй. Иймээс хууль ёсноос гажууд иймэрхүү “цуу” яриагаар хүмүүсийг төөрөгдүүлж болохгүй байхаа. 
-    Дээд шүүх хэргийн шийдвэрийг хэрхэн гаргадаг вэ? Таван шүүгч шийдвэрлэдэг гэж Та дээр хэлсэн?
-    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдааны дэгийг зохицуулсан байдаг. Тиймээ дээд шүүх 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэргийг шийдвэрлэдэг.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 94 дүгээр зүйлд  ...бүх шатны шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргана, зөвлөлдөх тасалгаанд хэргийг хянан шийдвэрлэх талаар шүүх бүрэлдэхүүний гаргасан санал нууц байна гэсэн зохицуулалттай. Түүнчлэн мөн хуулийн 95 дугаар зүйлд шүүх бүрэлдэхүүн асуудлыг шийдвэрлэх дарааллыг тогтоож өгсөн байгаа.  
-    Улсын Дээд шүүх дээр иргэний хэрэг овоорсон байгаа, энэ тал дээр таны байр суурь?
-    Та нар шүүхийн статистикаас харж болно. Манай улсад хамгийн ихээр хурдацтайгаар өсч байгаа хэрэг, маргаан гэвэл Иргэний хэрэг байгаа. Товчдоо энэ нь манай улсын эдийн засаг хэрхэн доройтож буйг харуулж буй нэг үзүүлэлт. 2013-2019 оны 6 сар хүртэл зөвхөн дээд шүүхийн иргэний хэргийн танхим нийт 9302 хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Анхан болон давж заалдах шатны статистикийг ч бас үзэх хэрэгтэй. Хаана хаанаа байнга өсөлттэй байгаа. Дээд шүүхийн иргэний хэргийн танхим маш ачаалалтай ажиллаж байсан, долоо хоногт 2 өдөр хуралддаг өмнөх жилүүдээс ачаалал нэмэгдсэн учраас 3 өдөр хуралдах нь нэмэгдсэн, энэ нь мэдээж нэг талаас иргэдийн гомдлыг шуурхай барагдуулахад ач холбогдолтой ч нөгөө талаараа шүүгч нар хэмжээнээс хэтэрсэн ачаалалтай ажилласаар иржээ. Гэтэл 2019 оны 6 сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хэрэг шийдвэрлэгдэхгүй “овоорч” байгаад үнэхээр сэтгэл эмзэглэж байна. Дээд шүүхэд хандсан гомдол бүрийн цаана хүний амьдрал, хуулийн этгээдийн үйл ажиллагаа гээд маш олон эрх ашиг хөндөгдөж, хэрэг  нь шийдвэрлэгдэхгүй хугацаа өнгөрч байгаад харамсалтай байна.  Шүүх бол өөрөө төрийн нэг эрх мэдэл, төрийн үйлчилгээний нэг хэсэг нь ажиллахгүй  байна гэсэн үг.  
-    Миний асуугаагүй таны хэлмээр байгаа байр суурь?
-    “Үр минь үлдэх хорвоод нэр минь бүтэн байг” гэсэн ардын зүйр үг миний амьдралын зарчим.  Нэр хугарахаар яс хугар, хүнд нэг нэр хоёр хоч хэрэггүй, үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэх зэргээр ардын зүйр цэцэн үгийг аав, ээжээсээ сонсч өссөн, нүгэл буянаа ялгахтайгаа, энгийн нэг эгэл бор ардын хүүхэд өнөөдрийг хүртэл  өдий зэрэгтэй яваа нь төрүүлж өсгөсөн ээж, аав, түшиг тулгуур болдог төрсөн эгч, ах дүү нар, хол ойрын ах дүүс, эрдэмт олон багш нар,  итгэж нөхөрлөсөн найз нөхөд, хууль зүйн үндэсний хүрээлэн,  академийн болон шүүхийн хамт олон, урам зориг хайрладаг  олон оюутнуудын минь итгэл сэтгэлтэй салшгүй холбоотой, Та нартаа талархаж явдгаа илэрхийлэхийг хүсч байна.  

Монгол төрийн минь мэлмий нь тунгалаг, шийдвэр нь шударга, мэргэн байж, төрийн хуульдаа тангараг өргөсөн хуульчид нь өргөсөн тангарагтаа үнэнч байна гэдэгт гүнээ найдаж байна. 

Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсье.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа. 
 

А.Баярмаа