Жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийг ДОХ-ын улмаас амь насаа алдсан ойр дотны хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэн, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тархалтыг бууруулахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш байдал, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах чиглэлээр төр, иргэний нийгэм, иргэн бүрийн анхаарлыг хандуулан, дэлхий нийттэй дуу хоолойгоо нэгтгэн, тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг 31 жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан бөгөөд энэ 2019 онд ХДХВ, ДОХ-ын асуудалд иргэн, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор "Өөрчлөлтийг та бид хийнэ” уриан дор зохион байгуулах юм.

Монгол улсад ХДХВ-ийн халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2019 оны 10 сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын 281 тохиолдол мэдээлэгдсэн (энэ нь өмнөх онтой харьцуулахад 3 тохиолдлоор бага байгаа) үүнээс 44 хүн нас барсан бөгөөд 32 нь ДОХ-ын улмаас нас барсан байна. 

Манай улсад бүртгэгдээд байгаа ХДХВ-ийн халдварын тохиолдлууд 100 хувь бэлгийн замаар дамжсан бөгөөд цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр болон эхээс хүүхдэд халдвар дамжаагүй байна. ХДХВ-ийн халдвартай 17 эхээс 25 хүүхэд төрсөн (8 эх давтан төрсөн), хүүхдүүд эрүүл бойжиж байна.

ХДХВ-ийн халдварын тохиолдлын 81.2 хувь нь эрэгтэй, тэдний 80 хувь нь бэлгийн цөөнх эрэгтэйчүүд байгаа бөгөөд нийт тохиолдлын 76.8 хувь нь 39-өөс доош насандаа (15-39 нас) оношлогдсон байна.