Өнөөдрөөс 22 хоногийн дараа шинэ онтойгоо золгох гэж байна. Улиран одож буй хуучин ондоо НИЙГЭМд өрнөсөн онцлох үйл явдлын тоймыг уншигч авхай танд хүргэе.

-Хуулийг гууль болгосон нэг удаагийн хэрэглээний тор-

2018 он гарсан даруйд нэг удаагийн хэрэглээнээс татгалзахыг уриалж, хууль хүртэл батлаад авсан. Гуравдугаар сарын нэгний өдрөөс өргөн хэрэглээний нэг удаагийн гялгар уутыг худалдаанд гаргахгүй байх шийдвэр хэрэгжиж эхэлсэн.

Гялгар уут нь 100-500 жил хөрсөнд задардагүй, хөрс үржүүлж, байгаль орчин бохирдуулахаас гадна хорт хавдар үүсгэх, генийн өөрчлөлтөд оруулах зэрэг эрүүл мэнд болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө их байдаг.

2016 онд улсын хэмжээнд нийт 3000 орчим тонн, 480.000 ширхэг нийлэг уут, нийлэг уутны бэлдэц импортоор орж ирсэн байна. Харин өнгөрсөн онд импортоор 4000 тонн уут, 500000 ширхэг уутны бэлдэц болж нэмэгджээ. Манай улсад гялгар уутны 4-5 үйлдвэр байдаг байна. Иргэд гялгар уутны хэрэглээг багасгах биш, бүрэн мөсөн халж, хэрэглээнд даавуун уут, тор ашиглахыг холбогдох байгууллагуудаас өнөөдрийг хүртэл уриалж байна. Өдгөө цөөн тооны хүмүүс хэрэглээгээ даавуун тороор хангаж бусад нь гялгар тороо ашигласаар л. Учир нь бизнес эрхлэгчид хуулийг гууль болгож, гялгар уутны нимгэн байдлыг зузаан болгоод худалдаанд гаргасан нь хэн бүхэнд харагдаж буй. Нийлэг хальсан уутны хэрэглээг дэлхийд 60 гаруй улс хязгаарлажээ. Ирэх ондоо бүх нийтээрээ даавуун тортой болж, нэг удаагийн хэрэглээнээс бүрэн татгалзана гэдэгт найдъя.

-Гахайн мялзан өвчин өндөр авахуулав-

Манай улсад Гахайн Африкийн мялзан өвчин гарч мэргэжлийн байгууллагыг өндөр авахуулсан билээ. Сар шинийн өмнөхөн болсон эл үйл явдлын шуурганд бизнесийнхэн өртөж, олон тонн бүтээгдэхүүнээ устгалд оруулаад авсан. 

Гахайн Африкийн мялзан өвчин нь хүнд халдварладаггүй өвөрмөц вирус гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж иргэдийн айдас намжсан юм. Тухайн гахайн аж ахуйндаа бол өндөр эрсдэлтэй өвчин. Энэ өвчнөөр өвчилсөн гахай 100 хувь үхдэг. Хүн уг өвчнөөр өвчилдөггүй. Харин өвчтэй гахайтай харьцсан хүмүүс бохир гар, бохир хувцсаараа халдвар тараах эрсдэл их. Өөрөөр хэлбэл хүн өөрөө дамжуулагч болдог. Тийм болохоор хувь хүмүүс ариун цэвэртээ маш сайн анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн гадаад, дотоодод аялах, зочлох үедээ гахайн аж ахуй, фермээр орохгүй байхыг зөвлөж байгаа. Африкийн мялзан өвчнөөр халдварласан бүтээгдэхүүн дэлгүүр болон лангуун дээр худалдагдахгүйгээр лацдаж, мал эмнэлгийн төв лабораторид шинжлээд эрсдэлтэй гэдгийг нь бүгдийг ялгаж устгалд оруулсан байдаг.

-Өндөг 2008 онд 203 төгрөг байсан бол харин өнөөдөр 350-450 төгрөг болжээ-

Үндэсний статистикийн хорооноос 2018 оны нэгдүгээр сарын 24-нд өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ сүүлийн 10 жилд хэрхэн өөрчлөгдсөнийг танилцуулж байсан юм. Жишээ нь, талхны үнэ 2008 онд 592 төгрөг байсан бол 2018 онд дунджаар 1173 төгрөг болж нэмэгджээ. Та илүү дэлгэрэнгүйг эндээс харах боломжтой.

-Автобусны цахим картыг хөгжүүлэх гээд барсангүй-

Нийтийн тээвэрт хөгжил дэвшлийг нэврүүлэхээр нэлээдгүй олон ажлыг өнгөрсөн 2018 онд хийж гүйцэтгэсэн. Үүний үргэлжлэл болох автобусаар U-money карт буюу цахим картаар зорчих юм. Өөрөөр хэлбэл, зорчигч бэлэн мөнгө төлдөг байдал халагдаж уг картаараа зорчих болсон. Өнөөдрийг хүртэл хэрэгжиж байгаа уг картыг хэрэглээндээ нэвтрүүлж, хэвшүүлсэн соёлтой монгол хүн цөөхөн. Учир нь нийтийн тээвэр нь зорчигчоо багтаах зайгүй шахам үйлчилгээнд явж байна. Гэхдээ нэгэн үеэ бодвол карт хэрэглэж байгаа хүмүүсийн тоо нэмэгдээд буй. Ирэх онд уг картыг улам хөгжингүй болгохоор ажиллаж байгаа аж.

 цахим картаар зорчих хөлсөө төлөөгүй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.1 заалтын дагуу 10000 төгрөгөөр, зорчигчдод зорчих хөлс төлөх шаардлага тавиагүй, зорчигчдоос бэлэн мөнгө авсан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.6.9 заалтын дагуу 25000 төгрөгөөр торгож, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ тооцдог хууль хэвээр мөрдөгдөж байна.

 

-С.Зоригийн хэргийг мөрдөж байсан ажлын хэсгийг тарааж, 13 байцаагчийг ажлаас халав-

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөснөөс хойш 20 жилийн хугацаа өнгөрсөн. Цагдаа, тагнуулын байгууллага уг аллагыг 18 жил мөрдсөний эцэст гүйцэтгэгч нарыг илрүүлж, шүүх гэм буруутай болохыг тогтоосноос хойш жил илүү хугацаа өнгөрсөн.  Харин энэ хэргийг захиалсан этгээдийг одоо болтол олоогүй л байгаа. Захиалагчийг нь олох гэж байгуулагдсан  ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэс, ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Байгуулагдахтай зэрэгцэн уг ажлын хэсгийг хална солино гэх яриа гарч байсан бөгөөд саяхан биеллээ олжээ.

Тодруулбал, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэс, ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсгийг тараасан байна. Улмаар уг ажлын хэсэгт багтан ажиллаж байсан 13 ажилтанг  шалтгаангүйгээр ажлаас халжээ. Халагдсан ажилчдын дийдэнх нь тагнуулын байгууллагын ажилчид гэнэ.

Хамтарсан ажлын хэсэг тарснаар хэргийг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Гол нь хэргийг шилжүүлэхдээ ямар ч акт үйлдээгүй гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Хэрвээ энэ яриа үнэн бол хавтаст хэргээс баримтууд алга болж, хэрэг илэрэхгүй байх нөхцөл боломж бүрдэж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч нь тодорсон энэ хэргийн захиалагчийг олохын тулд дахин 20 орчим жил болох магадлалтай юм.

Одоогоос жилийн гаруй хугацааны өмнө ТЕГ-ын дарга асан Б.Хурц “Ц.Нямдорж Хууль зүйн сайд болох бүртээ С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсгийг бужигнуулдаг. Тэрбээр дөрвөн удаа ажлын хэсгийг тарааж, 32 албан хаагчийн чиг үүргийг өөрчилсөн. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчийг илрүүлэх ажилд Ц.Нямдорж улс төрийн болон бусад зорилгоор нөлөөлж байна” хэмээн мэдэгдэж байсан. Харин энэ яриа үнэний ортой болж таарч байх шиг.  Нөгөө талаас Ц.Нямдорж нөлөөнд орсон байж болзошгүй ажлын хэсгийн нэр бүхий хүнийг чөлөөлсөн байх магадлалтай. Ямартай ч хэн ямар бодол агуулж ажлын хэсгийг тараасан нь, ажлын хэсэгт багтсан 13 хүнийг халсан нь нууц хэвээр байна. С.Зоригийг хөнөөх захиалга өгсөн хүнийг илрүүлэхийг хүлээхээс өөр сонголтгүй боллоо.

-КFC хоолонд олноороо хордлоо-

2019 оны хоёрдугаар сарын 9, 10, 11-ны өдөр KFC сүлжээний Зайсан салбараар үйлчлүүлж, "Найзууд" багцыг авч идсэн болон захиалж авсан хүмүүс хордлогонд орсон талаар нийгэм даяар нэлээдгүй шуугиан дэгдсэн. Тус сүлжээ хоолны газрын уг салбараас гадна нэлээд хэдэн салбараар үйлчлүүлсэн том хүнээс эхлээд бага насны хүүхэд хүртэл хоолны хордлогод орж, халуурах, бөөлжих, суулгах зовиуртай Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д хандсан байдаг. "KFC”-д Мэргэжлийн хяналтын газраас шинжилгээ хийхэд халуунд тэсвэртэй бактери, хадгалалтын хугацаа уртасгадаг, бохирдуулагч бодис буюу нитрит илэрсэн. НМХГ-аас 2017 онд зайсан дахь салбарт шалгалт хийгдсэн байдаг. Энэ шалгалтаар "Бага эрсдэлтэй", 2018 онд "Дунд эрсдэлтэй" гэж гарсан удаатай. Ажилчдаас нь гэдэсний савханцар буюу цусан суулга өвчний бактери илэрсэн гээд дуулиан их.

-"Монгол улс нойрны төвтэй боллоо"-

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь Монголдоо анх удаа Улсын эмнэлгүүдийн хэмжээнд "Нойрны төв"-ийг байгуулж гуравдугаар сард нээлтээ хийсэн юм.

Манай улсын хувьд нойрны асуудалтай, нойрны эмгэгээс болж шаналж буй олон иргэд байдаг ч улсын хэмжээнд энэ талаар нарийн судалсан судалгаа байдаггүйгээс гадна тодорхой хийгддэг эмчилгээ ч ховор байдаг байна. Тэгвэл “Нойрны төв” нээгдсэнээр дээрх төрлийн асуудалтай болон хурхирдаг хүмүүс хандаж болно.

Нойр бол организмын оршин тогтнох онцгой хэлбэр юм. Зөв нойр нь өдрийн идэвхээр зарцуулсан хүчийг сэлбэж өгдөг. Хүн дундажаар өөрийн амьдралын гуравны нэгийг унтахад зориулдаг. Тогтмол нойр алдах нь эрүүл мэндэд хортой.Насанд хүрсэн хүний өдөрт 7-8 цаг, хүүхэд 10 цагаас унтах ёстой.

-Усанд живж байсан хоёр охиныг аварсан иргэнийг 'Шударга журам' медалиар шагнав-

Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны Соёлын бодлогын газрын ахлах мэргэжилтэн З.Баянзулыг эрдэнэт хүний амь насыг аварч Монгол Улсын Зэвсэгт хүчний 98 жилийн ой өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнасан юм.

Тэрбээр 2015 оны долдугаар сард Увс аймгийн Улаангом суманд Увс нуурын эрэг дээр амарч байхдаа усанд живж байсан хоёр охины амь насыг аварчээ.

Тухайн үед дугуйны дотуур хаймар дээр хөвөн тоглож байсан хоёр охин салхинд туугдан нуурын гүнзгий хэсэгт очуутаа усанд унаж аюултай байдал үүссэн байдаг. Ойр хавьд сэлж чаддаг хүн байгаагүй ч З.Баянзул самбаачлан ойр байсан автомашины хийлсэн дотуур хаймрыг хүзүүндээ углаж түрүүлэн ус руу орон 9-р ангийн сурагч С-ийн алтан амийг аварчээ.

Хоёр дахь хүүхэд болох 9-р ангийн сурагч Х нь нэлээн удаан хугацаанд усанд амь тэмцэн самардаж байгаад мөн л живж эхлэх үед Эрдэнэт хотын Хангарьд спорт ордны дарга, Үндэсний сурын дархан мэргэн, гавьяат тамирчин Ш.Даваахүү уснаас гаргасан байна. Ш.Даваахүү, З.Баянзул нар нь өөрийн амь насыг үл хайхран дээрх хоёр охины амийг аварч иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн удаатай.

-БНХАУ-ын 800 иргэнийг албадан буцаалаа-

Одоогоос хоёр сарын өмнө нэг шөнийн дотор 800 Хятад иргэнийг баривчилсан талаарх мэдээ нийгмийн цочроосон юм. Гол зохион байгуулагч гэж үзсэн БНХАУ-ын 14 иргэн, Монгол Улсын хоёр иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байгаа. 

Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар болон Гадаадын иргэн, харьяатын газар 2019 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хамтарсан шалгалт явууллаа. Тус шалгалтаар 783 гадаадын иргэний пасспорт, бичиг баримтад шалгалт хийсэн бөгөөд 637 нь жуулчин ангиллын, 146 нь бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визтэй ирсэн БНХАУ-ын иргэд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон юм. Тиймээс эдгээр иргэдийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.7 буюу ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Монгол Улсад гурван жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоон, Замын-Үүд олон улсын боомтоор албадан гаргаж, БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх ажиллагааг өнгөрсөн сард зохион байгуулав.

Жуулчин (J), бизнес (В) ангиллын 30 хүртэлх хоногийн визийг Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн болон Консулын газар олгодог бөгөөд жуулчин ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн 637 иргэний 586 нь БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, 30 нь Эрээн хотод суугаа консулын газар, 21 нь БНХАУ-д суугаа Бээжин дэх ЭСЯ-аас виз авсан байна. Бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визээр хил нэвтэрсэн 146 иргэний 94 нь БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулын газар, 48 нь Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, 4 нь Хонконг дахь Ерөнхий Консулын газраас тус тус виз авсан байдаг.

-Гамшгийн сургуулиалт хоёр дахь удаагаа зохион байгуулагдлаа-

Нийслэлчүүд "гамшиг тохиолдвол хэрхэн амь насаа аврах хийгээд ямар бэлтгэлийг базаасан байх" талаар томоохон сургуулилалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд хийсэн юм. Манай улсад хоёр дах удаагаа болж буй энэ гамшгийн сургуулилалтыг холбогдох байгууллагын ажилтнууд хэрэндээ л олон өдөр бэлтгэсэн гэдэг.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр замын хөдөлгөөнийг хааж иж бүрэн гамшгаас хамгаалах сургууль болно гээд нэлээдгүй хэдэн өдөр мэдээлэл түгэв. Гэтэл мэдээллийн эрин зуунд амьдарч буй гэж өөрсдийгөө тодотгоод авдаг их хотын иргэдийн чамгүй хэдэн хувь нь энэ талаар огт мэдээгүй байх жишээтэй. "Би өглөө ажилдаа явах гээд 07:30 цагт гэрээсээ гараад автобусны буудал дээр иртэл ганц ч машин явдаггүй. Бүр хүмүүс ч явахгүй болохоор нь их гайхсан. Тэгсэн чинь нөгөө сургуулилалт нь болж байсан юм байна лээ" хэмээн хээв нэг найздаа хуучилж байх юм. Нөгөө хэсэг нь "Манай хажуу талын хүнсний дэлгүүрт зарлан дуудах хуудас нь байсан. Тэрийг уг нь айл болгонд тараахгүй тэгсэн бол "би очих л" байсан. Гэртээ унтаж байхад нөхөр нөгөө хуудсыг нь дэлгүүрээс олж ирлээ маргааш явна гэж орж ирэхээр нь мэдсэн" гэх нь тэр. Тэгээд тэр сургуулилалт очиж оролцсон эсэхийг лавлахад "Гэртээ унтаад үлдсэн. Нөхөр л очоод бүртгэлээ хийлгээд ирсэн" гэв. Нийслэлчүүдээ ийм хэнэггүй байж болох уу.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулах гэж бүтэн сарын турш олон хүний хөдөлмөр хүч шингэсэн ажил байсан гэдгийг мэдэж байна уу. Нөгөөтэйгүүр, энэ ажлын цаана улсын төсвөөс мөнгө гарсан, гамшиг болсон үед өөрийгөө болоод бусдыг хэрхэн яаж амьд үлдээхийн төлөө ажиллах вэ гэдэгт чамгүй хөрөнгө зарцуулсан. Гэтэл та....Нөгөө хэсэг нь дэндүү гэмээр их идэвхитэй оролцсон байгаа. Ямар сайндаа л үзүүлэн сургуулилалт учраас бараг л кино дээр гардаг шиг гамшиг болоод өөрийнхөө амь насыг авруулж байгаагаар төсөөлчихсөн очоод "гоё сургуулилалт болсонгүй" гэж гомдолж байхав дээ. 

Харин гамшгийн сургуулилалтад оролцсон иргэд зохион байгуулалтад "муу" дүн тавьсан. Магадгүй анхны удаа томоохон хэмжээний сургуулилалт байсан учир албаныхан алдсан байх нь дамжиггүй. Цуглах газрыг заасан зарлан дуудах хуудас нь хүн бүрт, айл өрх бүрт сонгуулийн сурталчилгааний хуудас шиг тараагдаж чадаагүй юм. БГД-ийн 5-р хороонд хорооны ажилтан айл болгонд ганц л хуудас түгээсэн. Зарим айлуудад бүр ганц ч очоогүй бөгөөд гэрийнхээ ойролцоох дэлгүүрийн лангуунаас өөрсдөө олж авсан гээд эл ажлын талаарх зарлан мэдээлэх ажил тааруу явагдсан нь эндээс тод харагдаж байна. Түүнчлэн "гамшиг болоод гэрээсээ гараад цуглах талбайд очсон иргэдэд зөвлөгөө мэдээлэл муу түгээсэн. Зөвхөн бүртгэлийн хуудас дээр тамга даруулах л төдий болж өнгөрсөн" гэдгийг зарим иргэд хэлж байлаа.

Уг нь манай улсад гамшгийн давтамж нэмэгдэж байгаа бөгөөд сүүлийн 10 жилийн дунджаар газар хөдлөлт болон цаг агаарын онц үзэгдэл ихэссэн гэдэг. Тиймээс мэргэжлийн байгууллагаас Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтыг зохион байгуулсан нь энэ.  “Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт газар хөдлөлтийн зарлан мэдэгдэх дохио ажилладаг. Үүнд Засгийн газрын тогтоолтой бүх албан байгууллагууд оролцож, “Гамшиг гарсан үед байгаа газраа хэрхэн аюулгүй орхиж гарах вэ”, “Гамшгийн үед нөөц хэрхэн бүрдүүлж, холбоо харилцаагаа яаж тогтоох вэ” гэдэг чиглэлээр сургуулилалт хийдэг. Мөн жил бүр 2-3 аймагт бүх иргэдийг оролцуулан гамшгийн үед ажиллах сургуулилалт хийдэг.  Хэнэггүй монгол зангаараа "амиа аврах"-гүй гэдгийг хатуу санах хэрэгтэй. 

Энэ удаагийн Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулсан нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтын үед зарлан мэдээллийн 60 дуут цамхагаар дамжуулан дохиог 08:00 цагт дуугарсан юм. Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарснаар иргэд орон байрнаасаа гарч, өөрийн оршин суугаа дүүрэг, хороонд байрлах аюулгүйн талбайд цугларан нүүн шилжих дадлага сургуульд идэвхитэй хамрагдав. Нүүн шилжих дадлага сургуульд нийслэлийн 3200 гаруй нийтийн орон сууц, 120 гаруй мянган өрхийн 420 гаруй мянган иргэн оролцсон гэх урьдчилсан тоон мэдээлэл гарчээ. Ямартай ч Аюулгүйн талбай”-гаа мэдэж авсан нь бас авууштай юм даа.

 

-Түргэний эмч нар долоон хүнийг галаас аварчээ-

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 04.30 цагийн үед Баянзүрх дүүргийн арванхоёрдугаар хороонд “Хүн угаартсан байна” гэх дуудлагын дагуу эмч Э.Одгэрэл, жолооч Т.Гүнтэвсүрэн нар дуудлагаар очжээ. Улмаар байшингийн гал хажуу гэр лүү дамжиж, угаартсан иргэд галын аюулд өртсөн байсан аж. Ингээд мэргэжлийн ур чадвар гарган хурдан шуурхай ажиллаж, 2-13 насны таван хүүхэд, хоёр иргэнийг цаг алдалгүй гаргаж, эрдэнэт хүний амь насыг аварчээ.

-Сурагчдын үдийн хоолны мөнгөнөөс хумслахаа зогсоох болтугай-

 

Есдүгээр сарын нэгэнд хичээлийн шинэ жил эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд сургуулиудын үдийн цай хөтөлбөр асуудал дагуулж хэд хэдэн "но" ар араасаа хөвөрлөө.  Хамгийн сүүлийн жишээ нь, 79-р сургуулийн сурагчдад үдийн цайнд нь түлэгдэж, хатсан талх өгч байгаа нь илчлэгдсэн юм.

Үүнээс өмнө олон сургуулийн үдийн цайг хүүхдийн эрүүл мэндэд заналхийлсэн унд өгч байгааг мэргэжлийн хяналтын газрынхан шалгалт хийж тогтоочихсон. Улсын тэргүүний ууган сургууль хүртэл сурагчдад хаана, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхой бус хаяг, шошгийн зөрчилтэй шинжилгээний бичиггүй нарийн боовыг мөн л юуных нь тодорхой бус жүүсний хамт өгч байсныг тус сургуулийн багш нар нь олон нийтэд хүргэж, эсэргүүцсэн юм.

Хамгийн ноцтой асуудал нь сургуулиудын гал тогоог НӨАУГ бусдад түрээсэлдэг гэж буй. Гэтэл сургуулиудын захиралууд эмчээ ажлаас нь хална хэмээн айлган сүрдүүлж үдийн цай гэгдэж ирсэн бэлэн бүтээгдэхүүнийг тараадаг. Тэр нь хоол гэхээсээ илүүтэй хор болж байгааг  эцэг, эхчүүд төдийгүй багш нар нь хэлж байгаа юм. Ямар ч амт, чанаргүй зүйлийг гаднаас хир буртагтаа баригдсан хүнсний зориулалтын бус саваар зөөж шууд хүүхдүүдэд өгдөг аж. Үүнийг нь ихэнхи хүүхдүүд голоод иддэггүй хогийн сав руу хаядаг гэдгийг нэгдүгээр сургуулийн багш нар ярьсан. Ийнхүү төрийн төсвөөс хүүхдийн эрүүл мэндийг бодон төсөвлөсөн мөнгийг завшиж байгаа эл үйлдлийг зогсооё. 

Зарим сургуулиуд нь үдийн цайг хэдийнээ үдийн хоол болгочихоод 5 өдрийн турш хүүхэд нь ямар орц, найрлага орсон хоол идэж байгааг батлаад нээлттэйгээр үзүүлж байна. Гэтэл нөгөө талдаа түлэгдэж, хатсан талх, нэг ширхэг цайны печень өгч нүд хуурч байгаа захиралуудтай хариуцлага ярих эрх мэдэлтэн алга уу? Өнөөдрийг хүртэл удаа дараа гарч байгаа үдийн цайтай холбоотой асуудалд хариулт өгч, дорвитойхон дуугарсангүй. 

Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 217 сургуульд үдийн цай хөтөлбөр хэрэгжиж байгаа аж. Тэгвэл ирэх оноос цэцэрлэгийн хүүхдийн хоол, ЕБС-ийн “Үдийн цай” хөтөлбөрийн зардлыг нэмнэ хэмээн төсөвт тусгажээ. Зардлыг нэмсэн ч захиралууд өөрсдийн ашиг хонжоо харсаар байвал ямар ч үр дүнгүй, байдал хэвээр үргэлжилнэ. Хариуцлага үүрэх ёстой бол үүрүүлээд, хэрэгжүүлэлт  хатуу хяналт тавих чухал гэдгийг дээрх жишээнүүд харуулж байна.