За тэр Нямдорж ч яамай, мэнгэ нь бүүр ч яамай. Хууль зүйн яамны шинэ байрыг тохижуулахад зарцуулсан 700 сая төгрөг, 70 саяын хөшиг ...хамаагүй ээ, тэртэй тэргүй улсгүй болох гэж байж ямбатны яамны ямбаны сандал ёстой яршиг л байна.

Энэ сандлын мөнгөөр хүүхдийн эмнэлэгт авч болох байсан 50 ор одоо бүр үлгэр...энэ бүхний нөгөө талд хууль, хууль сахиулагчид, шүүх, шүүхийн шийдвэр бүгд юу ч биш, хэн ч биш болж, адын шуналт адгийн луйварчид болчихлоо. Нөгөө хулганаа алах гээд байшингаа шатаахын үлгэр шүү дээ, энэ чинь. Төр, түмэн хоёрыг хагаралдуулж, түймэр ус хоёр шиг харшилдуулснаараа бид хаана хүрэх вэ? Төргүй түмэн гэж байдаггүй. Түмэнгүй төр гэж үгүй. Төрөө буулгаж хураачихаад түмэн гэж үлдээд яана. Түмнээ ядууруулж яллачихаад төр гэж данхайгаад яана. Энэ тэнцвэрийг хадгалж чадаагүй улс орны удирдагчдыг адилхан төгсгөл хүлээдэг. Гэхдээ, ард нь үлдсэн ард түмэн, улс орны амьдрал сайжраад саранд хүрээгүй, наашлаад нар үзээгүй. Юун массажны сандал, мань мэтийн хүүхдийн эмнэлэг...бүгд дүрвэж, бүтэн айл, бүлээн ам бүл үлдээгүй. Монголчууд залруулахад хэцүү, зам гарц нь тодорхойгүй яг л ийм их хямралын ирмэг дээр дэнжигнэж байна. Үүнийг ядуудаа халгаатай ямбатнууд олж харахгүй, хаандаа дургүй харц ухаарахгүй л байна даа. Нэг л өглөө ХЗДХ-ийн яамны бүх цонхыг хагалчихсан байвал, тансаг тавилгыг шатаачихсан угтвал бүү гайх. Хулгайчаасаа салах, хуульгүй оршин тогтнох хоёрт асар том ялгаа байдгийг тэр үед хэн ч хэчнээн ч хашгираад нэмэргүй, хэзээ ч сонсохоосоо өнгөрсөн байх болно. Үүнээс л би айж байна.

Сохор ч гэсэн Богд хаантай байх гэж, тарчиг ядуу ч гэсэн тусгаар төртэй байх гэж тэмцсэн өвөг дээдсийн минь түүх ердөө нэг зууныг элээж байна. Манжийн хаад "Монголын төр, түмэн хоёрыг хооронд нь хэмхэлдүүлж, ноёд ард хоёрыг нохой шиг уралцуулж байхад манж үндэстэн эзэрхэн авч, эгнэгт ноёлсоор байх болно" гэж сургасаар ирсэн юм шүү дээ...үүнийг Манжийн төрийг уламжлан авсан хөршүүд маань мэдэхийн сайнаар мэдэж байгаа. Харин Монголын ард нь ч мартаж, ноёд бүр санахыг ч хүсэхгүй байгааг л олж харав...