Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Чуулган завсарласан энэ хугацаанд гишүүд хуулийн төсөл дээрээ ажиллах боломж бүрддэг. Таны хувьд хаврын чуулганаар ямар хуулийн төсөл өргөн барихаар ажиллаж байна вэ?

-Миний хувьд гишүүн болсноосоо хойш яг өөрийн санаачилж, бие даан боловсруулж буй нэг анхдагч хуулийн төсөл дээр төвлөрөн ажиллалаа. Хамтран өргөн барьсан 10 орчим хуулийн төсөл бий ч бие даасан үндсэн төсөл маань “Асрах үйлчилгээний тухай” ерөнхий анхдагч хууль юм. Энэ хуулийн төслийг хаврын чуулганаар УИХ-д өргөн барихаар төлөвлөж, одоогоор төслийг бэлэн болгоод “D-parlianment”-д тавиад олон нийтийн санал асуулгыг авч байна.

-Хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажил ямар шатанд явж байна вэ?

-Хаврын чуулганаар өргөн барихын өмнө парламентын түвшинд олон нийтийн санал авах шаардлагын дагуу төслийг нээлттэй хэлэлцүүлэгт оруулахаар болсон. Тодруулбал, энэ сарын 30-ны өдөр буюу баасан гарагт Төрийн ордонд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгуулна. Энэ хэлэлцүүлэгт экспертүүд, төрийн бус байгууллагууд, асрах үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн төлөөллүүдийг урьсан. Зарлалыг аль хэдийнэ олон нийтэд хүргэсэн бөгөөд маш олон хүн оролцох хүсэлтээ илэрхийлээд байна.

-“Асрах үйлчилгээний тухай” хуулийн төсөл юугаараа онцлог юм бэ?

-Энэ бол Монгол Улсад өмнө нь байгаагүй, асрахуйн эдийн засаг, асрахуй талаар бие даан зохицуулсан анхны томоохон хууль гэдгээрээ онцлог. Манай улсад асрах үйлчилгээний асуудал өнөөг хүртэл халамжийн хуультай хавсарсан байдлаар явж ирсэн. Харин энэ удаад асрах үйлчилгээг тусдаа салбар, тусдаа эрх зүйн зохицуулалттай болгож байгаа нь маш чухал. Ийм учраас нэлээд нарийн, ажиллагаа их шаардсан хууль болж байгаа. Ерөнхий үзэл баримтлал, үндсэн санаануудыг миний бие болон манай ажлын алба боловсруулсан. Үүний зэрэгцээ мэргэжлийн томоохон хуульчид, хуулийн фирмүүдтэй хамтран ажиллаж байна. Мөн цаашид энэ асуудлыг хариуцан авч явах Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай ойр хамтран ажиллаж байгаа. Ер нь чуулганы завсарлагааны энэ хугацаанд миний үндсэн анхаарал яг энэ хуулийн төсөл дээр төвлөрч байна.

-Асрах үйлчилгээний энэ хууль нийгэмд яагаад зайлшгүй хэрэгтэй гэж үзэв. Одоогийн асрамжийн тогтолцоонд ямар асуудал ажиглагдаж байна вэ?

-Миний хувьд энэ хуулийг санаачлах болсон гол шалтгаан нь ахмадуудын асаргаа, сувилгаа, түүнчлэн асрах үйлчилгээний салбарт хувийн хэвшлийг бодитойгоор оруулах шаардлага байлаа. Дан ганц ахмад гэлтгүй асрах шаардлагатай иргэн бүрд л хамаатай ийм эрх зүйн зохицуулалт. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад ахмад настны улсын ганц асрамжийн газар болох Батсүмбэрийн асрамжийн газар л ажиллаж байна. Гэтэл энэ газар ачааллаа даахаа больж, очих хүсэлтэй ахмадуудын урт дараалал үүссэн. Батсүмбэрийн асрамжийн газар анх 1924 онд “Өнчин ядуусыг тэтгэх төв” хэлбэрээр байгуулагдсан. Тухайн үеийн сэтгэхүй, статусаар өнөөдрийг хүртэл явж ирсэн гэсэн үг. Мэдээж үйлчилгээний чанар сайжирсан ч суурь ойлголт нь үр хүүхэдгүй, асрах хүнгүй ахмадуудыг л тэнд байршуулах гэсэн хэвээрээ байна. Гэтэл өнөөдөр бодит байдал дээр үр хүүхэдтэй ч ганцаардсан, асаргаа сувилгаа шаардлагатай ахмадууд олон байна. Тэд бусад ахмадуудтайгаа хамт, нийгмийн дунд амьдрах хүсэлтэй байдаг. Тиймээс энэ хуулиар асрах үйлчилгээний салбарыг бүхэлд нь цогцоор нь зохицуулж, хувийн хэвшлийн оролцоог нээж өгөхийг зорьж байна.

-Анхдагч хууль гэж ярьж байна. Ер нь асрах үйлчилгээний тухай хуулийг санаачлах болсон гол шалтгаан нь юу байв?

-Хуулийн төслийг санаачлаад, хууль эрх зүйн орчныг нь судалж үзэхэд манай улсад асрах, асрамжийн чиглэлээр хувийн хэвшил ажиллах боломжийг дэмжсэн, хамгаалсан ямар ч хууль эрх зүйн орчин байгаагүй. Гэтэл зах зээл дээр бодит хэрэгцээ байсаар байна. Ахмадын асрамжийн газар хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй, эрэлт нь байсаар л байдаг. Гэхдээ хувийн хэвшил орж ирээд ажиллах гэхээр хууль эрх зүйн хувьд огт хамгаалалтгүй. Хэрэв хувийн хэвшил асрамжийн газар ажиллуулаад, тэнд асруулагч ахмад настай холбоотой ямар нэгэн эрсдэл, нас баралт гарвал тухайн байгууллага, ажилтнууд ямар хуульд тулгуурлаж хамгаалуулах вэ гэдэг нь тодорхойгүй. Хүний эрхийн асуудал ч мөн адил зохицуулалтгүй. Өөрөөр хэлбэл, асрах үйлчилгээний салбар бүхэлдээ хууль эрх зүйн вакумд байсан. Тиймээс энэ орчныг зайлшгүй хуульчлах, салбарыг нээж өгөх шаардлагатай гэж үзсэн. Би энэ чиглэлд огт туршлагагүй хүн биш. Германд оюутан байх хугацаандаа зургаан жил ахмадын асрамжийн газарт ажиллаж байсан. Тиймээс ийм хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, хувийн хэвшлийг зөв зохицуулалтаар оруулах хүсэл, бодол надад анхнаасаа байсан.

-УИХ-ын дарга солигдсонтой холбоотойгоор ажлын хэсгүүд шинэчлэгдсэн. Та ямар ажлын хэсгүүдэд ажиллаж байна вэ?

-Миний хувьд өмнө нь Нийслэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан учраас Улаанбаатар хоттой холбоотой хууль эрх зүйн орчныг шинэчлэх ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Энэ ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан ахалж, хотын төлөөлөгчөөр ажиллаж байсан гишүүдийг түлхүү оруулсан. Хот гэдэг өөрөө том асуудал. Түгжрэл, дэд бүтэц, эрчим хүч, мега төслүүд гээд олон сэдэв хөндөгдөнө.

-Хотод тулгамдсан асуудал их байна. Тэр дундаа эрчим хүч, дулаан хангамжийн асуудал ээдрээтэй байна шүү дээ. Үүнтэй холбоотойгоор үүсээд байгаа асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Олон жилийн хуримтлагдсан асуудлын үр дүн одоо ил гарч байна. Станцуудын эвдрэл, доголдол бол санамсаргүй зүйл биш. Энэ бүхэнд хатуу хариуцлага тооцох ёстой гэж би хувь гишүүнийхээ хувьд үзэж байгаа. Хэн нэгнийг улстөржүүлж, бие бие рүүгээ дайрах биш, бодит хариуцлагын тогтолцоо хэрэгтэй. Үнэндээ станцын эвдрэл гэмтэл өнөөдөр гэнэт гарсан зүйл огт биш. Аль хэдийнээс л хуучирч, ужгирсан асуудлууд хуримтлагдсаар ирсэн. Жишээлбэл, тавдугаар цахилгаан станцын асуудлыг манай нам 2012–2016 онд эрх барьж байхдаа маш идэвхтэй ярьж, шийдэл оруулах гэж оролдож байсан. Харин өнөөдрийн нөхцөл байдал бол улс төрийн талцал, хариуцлагагүй байдлын л шууд үр дүн гэж би харж байна. Ерөнхийдөө бүх зүйл ил гарч байна. Бүх систем, бүх салбарт авлига, хээл хахууль, улсаа тонон дээрэмддэг үзэгдэл хэвийн мэт, бүр дасал болсон байдалтай явж ирсэн. Хатуухан хэлбэл, энэ бүхнээс л шалтгаалсан асуудал. Түүнээс биш аль нэг улсын дарамт шахалт, гадны нөлөө гэх мэт яриа бол огт хэрэггүй. Бид өөрсдөө дотроосоо цэвэрлэгээ хийх ёстой.

-Одоо илэрч байгаа зөрчил, асуудлуудад хатуу хариуцлага тооцох ёстой гэж та үзэж байна уу?

-Тийм ээ, зайлшгүй хатуу хариуцлага тооцох ёстой. Салбарын хүн л бол сайн, доороосоо гарсан хүн гээд ард түмэн итгээд явдаг. Гэтэл бодит байдал дээр зарим нь хулгайч байж байдаг. Тийм учраас “салбарын хүн” гэдгээр халхавч хийлгүйгээр, бодит хариуцлагыг нь үүрүүлэх хэрэгтэй.

-Та эрчим хүчний реформын ажлын хэсэгт орж ажилласан. Тэндээс ямар дүгнэлтэд хүрсэн бэ?

-Манай намаас эрчим хүчний реформын хүрээнд ажлын хэсэг байгуулж, нам бүрээс хоёр гишүүн оролцсон. Ардчилсан намаас С.Цэнгүүн гишүүн бид хоёр орсон. С.Цэнгүүн гишүүн бол анхнаасаа эрчим хүчний реформыг ярьж ирсэн хүн. Харин би тухайн салбарын бодит нөхцөл байдал ямар байгааг мэдэхийн тулд нэг жил таван сарын хугацаанд ажилласан. Ингэх явцад асуудал нь дотроосоо байгааг маш тодорхой ойлгосон.

-Реформ гээд үнэ нэмээд л өнгөсрөнд иргэд нэлээн шүүмжлэлтэй хандаж байна л даа. Эрчим хүчний үнийг нэмэх шийдвэрийг та хэрхэн харж байсан бэ?

-Эрчим хүчний үнийг нэмэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн. Олон жил улсаас татаас авч явсан, өр ширэндээ баригдсан, “идээ бээр” нь хэт их болсон салбар гээд үнээ нэмсэн. Ингээд үнийн нэмэгдлээр нийт 560 тэрбум төгрөг төвлөрсөн. Харин энэ мөнгийг яг яаж зарцуулсан бэ гэдэг асуултыг бид реформын ажлын хэсгийн хүрээнд эргэж асуусан. Харамсалтай нь тухайн үед салбарынхан “Өр ширэнд өгөөд дууссан” гэж тайлбарлаж байсан. Гэтэл бодит байдал дээр асуудал шийдэгдээгүй хэвээр л байна. Угтаа аль зуухыг эхний ээлжинд солих вэ, аль нь нэн тэргүүний асуудал вэ гэдгийг тодорхойлох ёстой байсан. Энэ бол реформын ажлын хэсэг хийх ажил биш, салбарыг удирдаж байгаа хүмүүсийн хийх ёстой ажил. Үүнийг хийж чадаагүй, хариуцлагагүй хандсан. Үүнийхээ үр дүнд өнөөдөр -40 хэмд иргэд тог цахилгаангүй сууж байна. Энэ бол эрх баригчдын л арчаагүй байдлын илрэл.

-Энэхүү асуудлыг цаашид яаж шийдэх ёстой гэж та харж байна вэ?

-Энэ бол ужгирсан асуудал. Ужгирсан асуудлыг зөвхөн жинхэнэ реформоор л шийддэг. Тиймээс реформоо зоригтой, хүчтэй хийх ёстой.

-Зарим хүн ингээд дулаарах байх гэж найдаж байгаа ч цаг уурын бодит төлөвөөс харахад ирэх хоёр, гуравдугаар сард дахин хүйтрэх эрсдэл байна. Хүйтрэх тусмаа л эрсдэл нэмэгдэхээр байна шүү дээ...?

-Мэдээж тэгнэ. Ер нь сүүлийн 10 жилд ямар ч салбарт дорвитой шинэчлэл хийгдээгүй. 10 жил гэдэг бол маш урт хугацаа. Энэ хугацаанд нэг ч шинэ цахилгаан станц бариагүй, одоо ажиллаж байгаа станцуудынхаа үндсэн тоног төхөөрөмжийг ч сольж чадаагүй. Энэ бол 2016 оноос хойших 10 жилийн хариуцлагагүй бодлогын үр дүн. Улс орнуудын хувьд 10 жил гэдэг огцом хөгжих боломжтой хугацаа. Харин бид юу ч хийж чадаагүй. Энэ бол эрх барьж байгаа намын ажил хэрэгч бус, эрэмбэ дараагүй, бодлогогүй удирдлагын илрэл гэж хэлмээр байна.

-Танай намын гишүүн хоёр сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн. Та үүнийг дэмжиж байгаа юу?

-Миний ойлгосноор гишүүдийг цуглуулж гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Хувь гишүүнийхээ хувьд өөрийн бланк дээрээ шууд гарын үсэг зурж өгсөн гэж ойлгосон. Намын түвшинд “дэмжээч, нэгдээч” гэсэн шахалт, зохион байгуулалт явагдаагүй. Манай намын гишүүн Д.Ганбат хэлсэн шүү дээ, “реформ хийнэ, мөнгө орж ирж байна” гэж хэлсэн хүн байгаа. Тэр хүн өөрөө хар толгойгоороо хариуцна гэж мэдэгдсэн. Гэтэл түүнээс хойш бараг хоёр жил өнгөрлөө. 2024 оноос хойш бодит үр дүн харагдсангүй. Тиймээс хариуцлагаа үүрэх ёстой. Реформ нэрийн дор салбарыг дундуур нь хувааж, олон удирдлагатай болгосон нь ч бас асуудлыг улам хүндрүүлсэн. Ө.Шижир гишүүний албан бичиг Ерөнхий сайдад хүрсэн байх гэж бодож байна.

-Хариуцлага хүлээнэ гэж амласан хүмүүс амлалтаа биелүүлэхгүй байна гэж шүүмжлүүлж байна...?

-Хариуцлага хүлээнэ гэж өөрсдөө ил тод хэлсэн хүмүүс хэлсэн амандаа хүрэх л ёстой. Энэ бол ганц хүний асуудал биш, улс төрийн хариуцлагын зарчимтай холбоотой асуудал.

-Ардчилсан намын хэмжээнд энэ асуудлаар тодорхой улс төрийн акц өрнүүлэх талаар ярилцсан уу?

-Албан ёсоор “ингэж акц хийе” гэж нэг шийдвэр гарсан зүйл одоогоор байхгүй. Манай нам дотооддоо бол үнэхээр их бужигнаантай байна. Намын дотоод сонгуулийн процесс идэвхтэй явж байгаа, гишүүд маш хөдөлгөөнтэй байгаа. Чуулган завсарлахаас өмнө намын дарга, бүлгийн даргын гарын үсэгтэйгээр Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурь ч гарсан. Үүнийг манай бүлгийн гишүүдийн ихэнх нь дэмжсэн. Энэ асуудал хэзээ ч дахин тавигдаж болохоор, нээлттэй хэвээрээ байгаа. Бүгд ярилцаад дараагийн алхмыг хийх боломж нь нээлттэй.

-Ер нь хаврын улс төр нэлээн халуухан болох шинжтэй байна, тийм үү?

-Хэлж мэдэхгүй л байна.

-Танай намын дүрэм, хөтөлбөрийн асуудал сүүлийн үед их яригдаж байна. Дээд шүүх бүртгэсэн дүрэм албан ёсоор хүчин төгөлдөр үү?

-Намын дүрэм Улсын Дээд шүүхэд бүртгэгдсэн. Бид Дээд шүүхэд бүртгүүлэхээсээ өмнө намын ҮБХ-гоороо дүрмээ хэлэлцэж баталсан, түүнийг л Улсын Дээд шүүх баталгаажуулсан. Тиймээс одоо хүчин төгөлдөр, албан ёсны дүрмээрээ явж байна. Энэ дүрэм хэрэгжиж эхэлсэн. Үүний дагуу бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтүүд хийгдэж, Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч томилогдсон.

-Шинэ дүрэмд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой тодорхой заалт бий юу?

-Тусгайлан нэр заасан, тодорхой хүн рүү чиглэсэн заалт байхгүй. Харин бодит байдал дээр манай намд 50 гарсан, шаардлага хангахуйц маш олон нэр дэвшигч бий. Багаар бодоход л таван орчим кандидат байна. Тиймээс 50-иад насныхны дунд нэлээд ширүүн өрсөлдөөн өрнөх магадлалтай.

-Ерөнхийдөө сайд нарын бодлого, Засгийн газрын үйл ажиллагаанд олон нийтийн шүүмжлэл их байна. Та Засгийн газрыг бүхэлд нь солих ёстой гэж үзэж байна уу, эсвэл хариуцлага алдсан сайд нарыг л өөрчлөх ёстой гэж харж байна уу?

-Зарим хүмүүс “сууриар нь өөрчлөх ёстой” гэж ярьдаг. Гэхдээ сууриар нь өөрчилнө гэдэг яг юу гэсэн үг вэ гэдэг нь тодорхой биш. Миний харж байгаагаар гол асуудал бол бодлогоосоо илүү “хулгай хийж болдог” гэсэн сэтгэхүй. Бодлого, хууль эрх зүйн орчин манайд харьцангуй бий, 700 гаруй хууль байна. Сайн хууль ч цөөнгүй. Гэхдээ хууль зөрчсөн, хулгай хийсэн хүмүүст бодит, хатуу хариуцлага тооцдоггүй нь л хамгийн том асуудал. Хэрвээ хууль зөрчсөн, хулгай хийсэн нь нотлогдвол заавал хууль ёсны хатуу хариуцлага хүлээлгэх ёстой. Зүгээр огцруулаад, дараа нь өөр газар дарга болгоод явуулдаг байж болохгүй. Эсвэл хэдэн тэрбум, их наядаар нь идчихээд, 1–2 жил ял аваад гараад ирдэг байж болохгүй. Хатуу хариуцлага бүр хуулийн хариуцлага хүлээлгэж байж л дараагийн хүн “хулгай хийж болдоггүй юм байна” гэдгийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, огцруулалт биш, сэтгэхүйн өөрчлөлт л хамгийн чухал. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайдын эрх мэдэл гээд дотроосоо “шүд сугалж” байгаа нөхцөлд асуудал хэзээ ч сайжрахгүй. Нэг хүнийг халаад, оронд нь өөр нэг хүнийг тавиад, өмнөх хариуцлага алдсан хүмүүстэй хуулийн хариуцлага тооцохгүй бол байдал дахиад л давтагдана. Тиймээс гол нь заавал хууль, шүүхийн хариуцлагыг бодитоор хэрэгжүүлэх ёстой гэж би үзэж байна.

-Гол нь хулгай хийчихье гэдэг сэтгэхүйг л өөрчлөх ёстой болохоос төрийн хууль, тогтолцоо тийм их гажуудсан зүйл байхгүй гэж хэлж байна уу?

-Яг тийм. Манай улс нэг их буруу бодлоготой, эсвэл хууль эрх зүйн орчин нь дампуурчихсан улс биш. УИХ-ын гишүүн болоод дотроос нь харж байхад ч хууль эрх зүйн орчин ер нь тийм муу биш байна. Хүмүүс “хууль нь буруу, тогтолцоо нь буруу” гэж их ярьдаг. Харин би үүний эсрэг байр суурьтай. Гол асуудал бол сэтгэхүй, тэр дундаа “хулгай хийж болдог” гэсэн ойлголт л байна. Үүнийг яаж засах уу гэдэг рүүгээ бид чиглэх ёстой. Засах гол арга бол хатуу хариуцлага тооцох л асуудал болов уу.

-Тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгох ёстой гэж ахмадууд шаардаж байна. Сая 80 мянган төгрөгөөр тэтгэвэр нэмэгдсэнд бухимдалтай байх шиг байна...?

-Өнөөдөр ахмадуудын 50 орчим хувь нь 600 мянга орчим төгрөгийн тэтгэвэр авч байна. 600 мянган төгрөгөөр өнөөдрийн нөхцөлд амьдрах үнэхээр хэцүү. Нийт ахмадуудын 93 хувь нь бага тэтгэвэртэй, ердөө долоон хувь нь л харьцангуй өндөр тэтгэвэр авч байна. Тиймээс доод тэтгэвэр 1.5 сая байж нэг хүн энгийн, наад захын амьдралаа залгуулах боломж бүрдэнэ гэж үзээд байгаа. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд их хэмжээний мөнгө шаардлагатай. Доод тэтгэврийг 1.5 сая болгохын тулд ойролцоогоор дөрвөн их наяд төгрөгийн нэмэлт төсөв хэрэгтэй болж байгаа. Тэр мөнгийг хаанаас гаргах вэ гэдэг нь бодит асуудал. Засгийн газар ч “төсөв дийлэхгүй байна, дөрвөн их наяд байхгүй” гэж хэлж байна. Тэгвэл шууд мөнгө тараах биш, тэтгэврийн бодолтын тогтолцоог өөрчлөх ёстой. Өнөөдөр 20 гаруй жил ажиллаад эрт тэтгэвэрт гарсан хүн 200–300 мянгаар тогтоолгочхоод, нэмэгдсээр байгаад 500 мянга болж байна. Энэ нь нийт ахмадуудын бараг 50 хувь. Харин яг адилхан 20 гаруй жил ажилласан хүн сүүлд тэтгэвэр тогтоолгоход нэг сая төгрөгөөр гарч байна. Ажилласан жил нь адилхан атлаа тэтгэвэр нь ингэж зөрүүтэй байж болохгүй.

-Өөрөөр хэлбэл, бодолтын систем өөрөө шударга биш байна гэсэн үг үү?

-Тийм. Тиймээс хамгийн багаар тогтоолгох тэтгэврийн хэмжээг 500 мянгаас дээш гаргах, бодолтын системийг бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй. Үүн дээр сүүлийн үед нэлээн санал нэгдэж эхэлж байна. УИХ-ын дарга Н.Учрал ч хаврын чуулганаар тэтгэврийн бодолтын тогтолцоонд реформ хийнэ гэж хэлсэн. Энэ бол зөв чиглэл болов уу.

 

Э.МӨНХТҮВШИН

ӨДРИЙН СОНИН