• Эрх баригчид вирусийн эсрэг тэмцлийг дайнтай адилтган асар том дэмжлэгийн бодлого хэрэгжүүлж, ажлын байрыг хамгаалах арга хэмжээ авахаа амлаж буй ч энэ жил дэлхийн эдийн засаг уналтаас зайлсхийж чадахгүй бололтой

Дэлхий даяар 17000 орчим хүнийг хөнөөгөөд буй вирусийн тархалтыг хумих үүднээс Засгийн газрууд бизнес болон айл өрхүүдэд хориг хязгаарлалт тогтоосон. Энэ нь эдийн засагт сүүлийн хэдэн арван жилд үзэгдээгүй цохилт авчирлаа. Уг хохирлыг харуулах эхний үзүүлэлт болох эрэлт дээд хэмжээгээр буурч, үйл ажиллагаа хумигдсанаар зах зээлийн итгэл эрс доошлов. Эрх баригчид вирусийн эсрэг тэмцлийг дайнтай адилтган асар том дэмжлэгийн бодлого хэрэгжүүлж, ажлын байрыг хамгаалах арга хэмжээ авахаа амлаж буй ч энэ жил дэлхийн эдийн засаг уналтаас зайлсхийж чадахгүй бололтой. АНУ-д үйлдвэрлэл, үйлчилгээний индекс 9.1 нэгжээр доошилж, 40.5 үзүүлэлт дээр ирсэн. Энэ нь 2009 оны 10-р сарын түвшин юм. Евро бүсэд уналт 1998 оны түвшин руу уруудсан бол Британи, Австралид мөн байдал дээргүй байна. Японы холимог индекс 2011 оноос хойших хамгийн доод цэгт ирсэн бол мөн үзүүлэлт Герман, Францад буурсан. HSBC Holdings-ийн зөвлөгч Стефен Кинг “Эдийн засгийн ойрын төлөв аймшигтай байна. Болж байгаа үйл явдлаас харахад эдгээр үзүүлэлт гайхах зүйл биш. Энэ нь Хятадад өмнө болсон үйл явцаар батлагдаж байгаа” хэмээн тайлбарлав. Хангамжийн сүлжээ тасалдсанаас байдлыг тооцоход хүндрэл гарсан тул PMI буюу худалдан авагч менежерүүдийн индекс ч уналтыг бүрэн хэмжээгээр харуулж чадахгүй байгаа аж. ОУВС-гийн захирал Кристалина Георгиева даваа гарагт “Дэлхийн эдийн засаг ойрын саруудад багаар бодоход дэлхийн санхүүгийн хямралын үе буюу түүнээс ч их хэмжээгэээр унах болно” гэж анхааруулсан. Хувьцааны зах зээлд яарч сандарсан арилжаа явагдаж байна. MSCI Дэлхийн индекс энэ он гарсаар 32 хувиар доошилжээ. Агаарын тээврийн салбар хамгийн хүнд цохилт амссаны дотор Германы Lufthanza хэдэн мянган онгоцоо газардуулжээ. Бизнесүүд хаагдсанаас ажил эрхлэлтэд эрсдэл учрахын сацуу улс орнуудад хөл хорио тогтоосон тул үйлдвэрлэл тасалдлаа. Уналт гүнзгийрэх тухай анхааруулга өдөр бүр шахам нийтлэгдэж буй. Morgan Stanley банкны таамгаар АНУ-ын ДНБ хоёрдугаар улиралд жилийн дүнгээр 30 хувь унаж, ажилгүйдлийн түвшин 12.8 хувьд хүрэх төлөвтэй байна. Холбооны нөөцийн бодлого тодорхойлогчдын нэг Жэймс Буллард ажилгүйдэл бүр 30 хувьд хүрч болзошгүйг анхааруулжээ. 

Засгийн газрын мэдээ сонин