Дэлхийн жишгийг харахад парламентын тавиас  илүү хувь нь хууль эрх зүйч, эдийн засагчид байдаг. Гэтэл Монголд тамирчин, дуучин бөх, сэтгүүлч гээд цуглуулга шиг байх юм. Та төр түшээдийн насны хязгаар болоод мэргэжлийн талаар ямар байр суурьтай байдаг вэ?

Нэр дэвшихээр зорьж гишүүний суудалд хүрсэн тэд өөрийн нэр дэвших эрхээ эдэлж сонгуульд оролцсон. Харин тэднийг сонгож байгаа сонгогчдын сонголт л ийм байна. Сонгогчид маань хууль тогтоох байгууллагыг нэрийг нь сайн мэддэг, дүрийг нь сайн тогтоосон хүмүүсээр бүрдүүлээд байгаадаа энэ удаагийн сонголтондоо анхаарна бизээ. Таны сонгосон хүн төрийн хэргийг шийдэж, хууль цаазыг боловсруулахад гар бие оролцож, гүйцэтгэх засаглалыг хянах эрх хэрэгждэг, УИХ-д таныг төлөөлөх төлөөлөл. Салбар салбартаа тэргүүлэгч хууль эрхзүй, эдийн засаг, инженерийн болон бусад салбарын боловсрол, мэдлэг туршлага бүхий төлөөллөөс танхим бүрдэх нь төрийн хэрэг цэгцтэй, ард олны нийтлэг эрх ашгийг бодлого, шийдвэр зохистой байхыг харуулж байна. Харин насны хувьд ямар нэг хязгаар байх шаардлагагүй, бие эрүүл, ухаан саруул хэн боловч төрийн үйлд хувь нэмрээ оруулахад ямар нэг хаалт байх шаардлагагүй. Харин ахмадууд маань үгэндээ эзэн, үйл хөдлөлдөө хянуур, жинхэнэ төрийн хар хүний зарчмаар ажиллаж амьдарч залуустаа үлгэрлэх ёстой.      

Намууд тодруулбал АН 100 сая төгрөгийн дэнчин нэр дэвшигчдээсээ авч байна. Бүх нам ийм системээр сонгуулийг санхүүжүүлдэг, анх удаа  АН ил зарласан гэж өмөөрч буй ч энэ үйлдэл нь хэрвээ тэднийг сонговол энэ мөнгөө олж авах ажлаа хийнэ гэж хэлээд байх шиг. Та горилогчдоос энэ мэт мөнгө авч буйг юу гэж үздэг вэ. Өөр ямар гарц байж болох вэ?

Энэ удаа АН ах намынхаа системийг хуулбарлан санхүүжилтээ босгож байна гэсэн яриа хүмүүсийн дунд байна. Өнөөдөр намын сан хөмрөг гишүүдийн татвар, хандивлагчдын намд оруулсан санхүүжилтээс бүрддэг систем үйлчилдэг. Намын бүрдүүлсэн мөнгөн сан сонгуулийн зардлыг санхүүжүүлж хүчрэхгүй тохиолдолд гишүүдээсээ хандив авахыг үгүйсгэхгүй. Харин сонгуульд нэр дэвших горилогчдын үндсэн шалгуур дэнчин нэрийн дор мөнгө байршуулах гэж байгаа нь туйлын буруу. Энэ үйлдэл намын гишүүд нэр дэвших эрхээ мөнгөөр худалдаж авдаг, намын доторхи хүний нөөцийн сонгон шалгаруулалт мөнгөтэй хүмүүст үйлчилдэг гэдгийг баталж байна. Санхүүжилтээ албан тушаал зарахаас өөрөөр бүрдүүлж чадахгүй байгаа бол намууд тарах хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд өнөөгийн сонгуулийн систем хэт нүсэр байгаа нь зардал өндөр байх шалтгааны нэг. Сонгуулийн зохион байгуулалтыг сайжруулах хэрэгтэй байна.           

Эрх баригчид гаднын томоохон банк оруулж ирэхээс их болгоомжлох юм. ЖДҮ эрхлэгчид өндөр хүүтэй зээл авч, хүү төлөх гэж байдгаа барах нь бий. Гаднын банк орж ирэхээр өрсөлдөөн бий болж, зээлдэгчдэд таатай нөхцөл үүснэ гэх хүмүүс ч байна. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

Энэ асуултыг сүүлийн асуултаас нь эхлэх хариулъя. Банкны салбарын чадавх санхүүгийн зуучлалын чадамжийг 2018 онд банкны салбарын активын хэмжээ ДНБ-ийн харьцаа үзүүлэлтээр үнэлэхэд 1,02 төгрөг байсан бол 2019 онд 0,97 болж буурсан байна. Энэ үзүүлэлт буурахын хирээр банкны салбарын санхүүгийн зуучлалын хэмжээ, зээлийн санхүүжилт буурч байгааг харуулж байна. Банкны салбар санхүүгийн зах зээлд дэх нийт хөрөнгийн 95 хувийг эргэлтэд оруулж байгаа энэ нөхцөлд банк дотоодын зах зээлээс хөрөнгө төвлөрүүлэх боломжгүй тул гадаадын банк, банкны салбарыг өөрийн улсад ажиллуулах замаар хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжтой юм. Манай улсын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн нээлттэй, хүртээмжтэй байдал туйлын хангалтгүй учир төрөөс тусгай зориулалтын сан байгуулах замаар жижиг дунд үйлдвэрийг санхүүжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодлого борви бохисхийх завгүй ажиллаж байгаа үйлдвэрлэл эрхлэгчдэд биш мэдээлэлд ойр төрийн эрх бүхий этгээд сангийн хөрөнгө ашиглаж байгаа нь эмгэнэл юм даа...

Сонгууль болсны дараа төрийн албан хаагчид олон зуугаараа ажилгүй болох нь бий. Ийм тогтолцоо үйлчлээд олон жил болчихож. Ялсан намынхан ажилтай болж байгаа ч нөгөө талдаа Төрийн залгамж халаа гэдгийг үгүй хийж байгааг та харсан байх. Өөрчлөх ямар боломж байна гэж та хардаг вэ?

Төрийн алба иргэдэд үйлчлэх байгууллага. Иймд төрийн албан хаагчийг оюуны болон сэтгэлийн боловсролтой байх зарчимд суурилан сонгон шалгаруулж ажиллуулах хэрэгтэй. Үнэхээр ажлын байрны шаардлага хангаж чадахгүй бол ямар нам байх нь үл хамааралтай чөлөөлөх тогтолцоо үйлчлэх ёстой. 2017 онд Монгол Улсын “Төрийн албаны тухай” хууль батлагдаж 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс нийтээр дагаж мөрдөж байна. Энэ хууль сонгууль бүрийн дараа болдог төрийн албан хаагчдын халаа сэлгээг зогсоож, төрийн албаны тогтвортой, уламжлалт байдлыг хангах гол зохицуулалт болж үйлчлэх ёстой.

Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ?

Нийгмийн хэрэгцээ шаардлага гэж ойлгож байгаа. Бид 30 жилийн өмнө хүн төвтэй ардчилсан нийгмийн байгуулахаар эхэлсэн боловч одоо нам төвтэй намын гишүүнчлэлээр ард түмнээ алагчилсан улс болж хувирч. Үүнийг засварлах хэрэгтэй гэдгийг ард түмэн харж шинэчлэлийн төлөө зориглон босч байгаа хэлбэр гэж ойлгож болно.

Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч?

Бие даагчдыг сонгох дараах шалтгаан байна гэж харж байна.

-          Бид төрийн эрхийг барьж буй 2 намын бодлого шийдвэрт хяналт тавих, хэн нэгнээс хараат бус жинхэнэ ард түмний төлөөлөл байх болно.

-          Хууль тогтоох байгууллагад ард түмний хяналтыг улс төрийн 3 дах хүчин нам бус жинхэнэ ард түмний төлөөлөл бие даагчид тогтооно, хяналтгүй төр хазаартай болох гарц бие даагчийг сонгох замаар хэрэгжих боломжтой гэж үзэж байна.