Америкт үерийн усанд унасан охины амь насыг хоёр монгол залуу аварчээ. 911 дуудсан ч, тэднийг ирэхийг хүлээж цаг алдалгүй, түрүүлж ирсэн нэг цагдаатай хамжилцан аварсан байна. Б.Амарбаясгалан, Б.Дашням хоёул гэр бүлээрээ АНУ-д ажиллаж амьдардаг бөгөөд Чикаго хот руу аялах үед энэ үйл явдал болжээ.

 

-Сайн байна уу? Өөрсдийгөө танилцуулахгүй юу. АНУ-д ажиллаж амьдардаг уу?

-Б.Амарбаясгалан: -Намайг Баясгалангийн Амарбаясгалан гэдэг. Бид анх АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод гэр бүлээрээ ирсэн. Эхнэр маань өнгөрсөн жил магистраа хамгаалж, мэргэжлээрээ туршлага хуримтлуулах боломжоо ашиглан одоогоор эндээ ажиллаж амьдарч байна.

-Б.Дашням: -Сайн байна уу? “Family First MGL” нэртэй гэр бүлийн влог хөтөлдөг Билэгт овогтой Дашням байна.  Одоогоор Калифорни мужийн Сан Франциско хотод эхнэр, хоёр хүүхдийн хамт ажиллаж амьдарч байна.

-Тухайн үед болсон үйл явдал дэлгэрэнгүй яриач?

-2020 оны 7 сарын 4-ний өдөр. Аяллын зургаа дахь өдөр. Манай хоёр гэр бүл АНУ-ын тусгаар тогтносны баярын өдөр Колорадо мужийн Денвер хотоос шууд Өмнөд Дакота муж руу явах маршруттай байсан юм. Гэтэл гэнэт бороо шиврэх үеэр бие биетэйгээ тоглоом наргиа болж “Бороо орж байна, Чикаго явах уу? Тэгээд дараа нь Нигара хүрхрээ үзчихээд буцах уу? “ гээд утгагүй наргиан хийж байгаад Чикаго хотын зүг хөдөлцгөөсөн. 2020 оны 7-р сарын 8-ны өдөр. Бидний аяллын арав дахь өдөр байсан. Төлөвлөгөө ёсоор бол Нью-Йорк мужид оршдог Нигара хүрхрээ рүү замд гарах ёстой байсан ч тухайн өдрийн өглөөнөөс хойш л тийш явах нь нэг л бүтэхгүй байсан. Калифорни мужийн харьяалалтай бид хэрэв Нью-Йорк муж руу орвол тэндээ 14 хоног сайн дураар өөрсдийгөө карантилах шаардлагатай болоод явчихсан. Тэгээд л тухайн мужийн дүрмийг даган, Нигара хүрхрээг хажууханд нь оччихоод үзэх боломжгүй болсон бид GUYAHOGA National Park-д оршдог нэгэн хүрхрээг үзэхээр шийдээд энэ явдалтай таарсан юм.

Биднийг Narional Park руу орох үед гэнэт хүчтэй бороо асгарч эхэлсэн. Хүрхрээ рүү очих жимийн эхэнд машинаа зогсоолд тавих үед гол хэвийн урсаж байснаа машинаас буух үед (бараг л 1 минутын дотор) эргээд хартал улаанаараа эргэлдсэн үер буусан байсан.

Эхэндээ үер буучихжээ ч гэж бодолгүй бид Хүрхрээ рүү жимээ даган алхаж байхдаа гэнэт эмэгтэй хүний орилох чимээ сонсогдлоо. Очоод хартал үерлэсэн голын нэг талд эмэгтэй хүн хоёр жаахан хүүхэдтэйгээ, нөгөө талд нь нэг жаахан охин гишгэх ч газаргүй хаднаас зүүгдсэн байдалтай байсан. Бороо орсоор байсан тул дахиад хэдхэн минут энэ байдал үргэлжилсэн бол үерийн усны түвшин нэмэгдэж охин усанд урсахаар байлаа.

Манай эхнэрүүд 911-т дуудлага өгч, бид хоёр шууд л уртхан, барьцтай мод хайж эхэлсэн. Амарбаясгалан үлдэж, би машин руугаа олс авчрахаар гүйн машинд байсан олс хэт нарийн санагдсан ч яг тэр үед эхний цагдаа ирж таарсан тул цагдаатайгаа гурвуулаа цагдаагийнхаа авчирсан бүдүүхэн олсоор татаж гаргахаар арга зам хайж эхэлсэн. Охин өөрөө овсгоотой байж олсоороо өөрийгөө сайн бэхэлсэн учир бид амжилттай уснаас гаргаж чадсан юм. Яг тэр үед Аврах баг ирсэн. Энэ хөөрхөн охинд тусал гээд цаанаасаа Нигара Хүрхрээ үзэх маань бүтэхгүй байсан ч юм шиг...

Үер гэдэг чинь нүд ирмэхийн зуур болдог зүйл юм байна. Охин үер буухаас өмнө голын усанд тоглож байгаад, нүд ирмэхийн зуур үерлэж эхлэхэд сандарч, ээж болон ах дүүгээсээ салж үерийн нөгөө талд зүүгдэж тогтсон байсан.

-Тухай үед төрсөн сэтгэгдэлээ хуваалцаач, мэдээж хэрэг үерийн уснаас хүний амь аварна гэдэг бол өөрсдийн чинь амь насанд эрсдэлтэй үйлдэл шүү дээ?

-Б.Амарбаясгалан: Яг тухайн үед толгой дотор юу ч орж ирдэггүй юм билээ. Өөрсдөө тийм ч сайн сэлж чаддаггүй болохоор эмээж л байлаа. Гэхдээ хүний эцэг болсон хүн чинь тэр жоохон охиныг уйлаад орилоод тусламж гуйж байхыг үзээд яагаад ч зүгээр хараад зогсоод байж чадаагүй ээ. Сошиал дээр ингэж олон хүнд хүрнэ гэж огт төсөөлөөгүй. Эхнэр маань сэтгэл нь хөдөлж болсон явдлаа өөрийн хуудаснаа байршуулсан байсан. Бид нар хөдөө зам дээр явж байгаа болохоор сүлжээ орж гараад юу ч анзаараагүй. Гэнэт олон хүнээс сэтгэгдэл, найзын хүсэлт ирээд одоо л нэг зөв зүйл хийсэн дээ баярлах ухаантайгаа болж байна