Баянзүрх дүүргийн XVII хорооны иргэд хатуу хөл хорионд орлоо

Л.АЛТАНХИШИГ

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр тус дүүргийн XVII хорооны нутагт хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна. Хязгаарлалтын дэглэм өчигдөр өглөөний 06:00 цагаас мөрдөгдөж эхэлсэн юм. Манай сурвалжлах баг хөл хорионд түр хугацаанд орсон иргэдийг хэрхэн шинжилгээнд хамруулах болон хүний эрхийн зөрчилгүй хязгаарлалтын дэглэм яаж тогтоож байгааг албаны эх сурвалжуудаас тодрууллаа. 

“Ковид-19” халдвар гарсан тухайн хорооны нутаг дэвсгэрийн голд Шархад чиглэлийн автозамтай. Энэ хэсгийн замыг хаасан байв. Мөн Да хүрээ авто зах, Цахлай авто зах, техникийн авто захыг гурав хоногийн хугацаанд хаажээ. Мөн нийтийн тээврийн хотоос зорчиж буй чиглэл МТ колонкийн наагуур буцаж эргэж байгаа харагдсан юм.

Г.ЖАРГАЛСАЙХАН: БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН XVII ХОРООНЫ 23 ИРГЭН КОВИДЫН ХАЛДВАР АВСАН

Тус дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан “ Баянзүрх дүүргийн ХVII хороонд энэ сарын 14-ны 06.00 цагаас 16-ны 23.00 цаг хүртэл хэсэгчилсэн хөл хорио тогтоож иргэдийг шинжилгээнд хамруулах ажил хийж эхэллээ. Тус нутаг дэвсгэрт анхны тохиолдол энэ сарын 10- нд бүртгэгдсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл дөрвөн гэр бүлийн 16 хүн халдварт өртсөн байсан ч долоон тохиолдол нэмж бүртгэгдэж, нийт 23 тохиолдол батлагдлаа. Тиймээс бүх иргэдийг шинжилгээнд хамруулах шаардлагатай болсон” гэх тайлбар өглөө. 

ЭХНИЙ ЭЭЛЖИНД 9758 ИРГЭНЭЭС ЯАРАЛТАЙ ШИНЖИЛГЭЭ АВНА 

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбат “Одоогийн байдлаар тус хорооны 79-р сургуулийн ахлах сургууль, хорооны Иргэний танхим , "Баян" дэлгүүр, 21-р худагтай гудманд дөрвөн шинжилгээний цэг, зургаан явуулын байр, нийт 10 цэгт шинжилгээ авна. 

Энэ хороо 2814 өрх, 9758 иргэнтэй. Шинжилгээнд 18-аас дээш насны иргэд хамрагдах бөгөөд өмнө нь шинжилгээнд хамрагдсан эсэхээс үл хамааран бүх иргэнээс шинжилгээ авна. Сүүлийн долоо хоногийн хугацаанд хорооны иргэний танхимаар үйлчлүүлсэн иргэд яаралтай шинжилгээнд хамрагдах шаардлагатай байна. Хэсэгчилсэн хөл хорио тогтоож буйтай холбогдуулан хорооны нутаг дэвсгэрт байрлах эмийн сан, шатахуун түгээгүүр, түлш борлуулах цэг, худаг, хүнсний дэлгүүр хэвийн горимоор ажиллаж байгаа. 

Онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх шаардлагатай” гэж онцолсон юм. Ийнхүү зөвхөн нэг хорооны арван мянга шахам иргэн түр хугацаанд хөл хорионд орохоор боллоо. Яг ийм халдварт өвчний үед хөл хорио тогтоохдоо хүний эрх зөрчихгүй байх ёстой гэдгийг өмнө нь олон хоног тусгаарлалтад байсан иргэд сануулсан юм. Тодруулбал, Баянзүрх дүүргийн XIV хороонд байрлах “Аман хуур” хотхоны оршин суугчид өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 13-ны орой хүртэл тусгаарлагдсан. 

Тус хотхоны “Г” байрны иргэд нийт 16 хоног гэрээсээ гаралгүй хөл хорионд байсан гэсэн үг. Хөл хорио тогтоох үед хүний эрх зөрчигдөж байсан энгийн нэг жишээ бол “Аман хуур” хотхон руу засварын ажлаар очсон Э.Эрдэнэбаяр тус байрны орцонд, хүйтэн шалан дээр хоносон. Хамгаалалтад зогсож байсан цагдаа гэрээс нь ирсэн хоолноосоо түүнтэй хуваалцаагүй бол олон хоног өлсөх байжээ. 

ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД ЖИЖҮҮРИЙН САНАЛ ДЭЭР УНТДАГ БАЙСАН

 “Аман хуур” хотхоны харуул Ч.Хишигдалай “Манай байр хоёр харуултай. Хоногоор ээлжилж гардаг. Хөл хорио тогтоосон өдөр жижүүртэй байсан тул 16 хоног тусгаарлалтад байсан. Шөнө нь жижүүрийн сандал дээр унтана. Гэр Хужирбуланд учир байрны СӨХ хоол, ундыг маань зохицуулж өгсөн. Нийт дөрвөн удаа шинжилгээ өгсөн. Ер нь хатуу хөл хорионы үед иргэд бие биедээ тус дэм болох нь их чухал санагдсан” гэлээ. 

ТУСГААРЛАЛТАД ОРСОН АЙЛ ӨРХИЙН ХҮНСНИЙ НӨӨЦИЙГ СУДЛАХ ХЭРЭГТЭЙ

 “Аманхуур” хотхоны оршин суугч Б.Нарантуяа “Хөл хорио тогтоох үед санхүүгийн боломжтой байсан учраас зарим нэг хүнсний бүтээгдэхүүн захиалж авсан. Мөн дүү маань хоол ундны зүйл дөхүүлж өгч байлаа. Хэрэв манай гэр бүл мөнгөгүй, хамаатан садангүй байсан бол маш хүнд байдалд орох байсан. Тиймээс тусгаарлалтад орсон айл өрхийн хоол хүнсний нөөц ямар байгаа судалгааг авах шаардлагатай гэж бодож байна. 

Манай гэрт 78 настай өндөр настан бий. Бие сайтай хүн тул өвдөж, айлгаагүй. Хөл хорионы үед байрны гадаа хог овоороод их муухай санагдсан. Учир нь, иргэд хүнсээ байрны үүдэндээ гарч авна. Мөн хогоо үүдэндээ гаргаж тавьдаг байсан. Халдвартай үед цэвэрлэгээ маш чухал. Гэтэл байрны маань үүд хогонд дарагдаад байхад цэвэрлэхгүй удсан” гэв. 

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар “Хөл хорио, бүх нийтийн бэлэн байдлын хамгийн дээд зэрэглэлд явж байгаа энэ үед тодорхой хэмжээний хүний эрхийн хязгаарлалт байх ёстой” гэж хэлсэн. Гэвч хүний эрхийг зөрчихгүй байх тал дээр улс орон бүр хичээж байна. Энэ тухай дагаж мөрдөх олон зөвлөмж гарсан. 

Тухайлбал, Коронавирусний цар тахалтай холбоотой Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Дэд хорооноос Урьдчилан сэргийлэх Үндэсний Механизм болон оролцогч улс орнуудад гаргасан зөвлөмж юм. Энэ зөвлөмжийг Төрийн зүгээс албан ёсоор хөл хорио тогтоосон газруудад авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс товч дурдвал, Ямар нэгэн байдлаар хөл хорионд орсон хүнийг “хоригдол” мэт харж, харьцаж үл болно. Хөл хорионд орсон хүмүүсийг байршуулсан газар нь хэмжээ, зайны хувьд хангалттай байх. Эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай авах. 

Зохимжтой арга хэрэгслээр гэр бүл, найз нөхөдтэйгөө холбоо барихыг дэмжих. Хөл хорионд орсон талаар мэдэгдсэн байх. Уух ус, хоол хүнсээр дутахгүй байх зэрэг өнөөдөр гэнэт хол хорионд орж байгаа иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг дурдсан байна. Иргэдийн хувьд УОК-ын шийдвэрийг хүндэтгэн дагаж хаана байгаа газраа солих хувцас, хоол хүнсний нөөцгүй хөл хорионд орж байна. 

Харин төрийн зүгээс иргэнийхээ наад захын эрхийг зөрчихгүй байх тал дээр анхаарах шаардлага гарч байгаа нь дээр хөндсөн баримтаас харагдаж буй юм. Учир нь, ХЭҮК-т өнгөрсөн онд Коронавирусний халдвар, хөл хориотой холбоотой 119 гомдол иржээ. 

Энэ дагуу Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой Комиссын дарга Я.Содбаатарт удаа дараа шаардлага, холбогдох газруудад зөвлөмж өгсөн байна. Хөл хорио халдвараас сэргийлэх хатуу дэглэм ч хүний эрх зөрчих шалтгаан биш юм.