Өмнөх парламентын түүхэн гавьяа болох Оюутолгойн гэрээг Монголд ашиг багатай болсныг эрх баригчид ухамсарлаж эхэллээ. Гэхдээ гэрээг яаран цуцлахаасаа илүүтэй засаж залруулахыг урьтал болгоод буй.

Хаврын чуулган дөрөвдүгээр сарын 5-нд хуралдах товтой. Үүнээс урьтаж, Оюутолгой, Тавантолгой асуудлаар ээлжит бус чуулган хуралдана гэх яриа ч гишүүдийн дунд тархаад буй.

 

Учир нь Оюутолгойн хөрөнгө оруулагчдийн уулзалт энэ сарын сүүлчээр болох тул гэрээг нухацтай хэлэлцэх учиртай хэмээн зарим гишүүд тодотгож буй юм. Түүнчлэн "Оюутолгой" ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралдаан хоёрдугаар сарын 6-нд зарлагдаж, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар орж тодорхой асуудлыг тавьсан ч тэр хүрээнд асуудал шийдвэрлэгдээгүй, дахин энэ сарын сүүлээр хурал зарлахаар болсон юм.

 

Гэтэл үүний дараахан Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх үеэр "Оюутолгой" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс Ерөнхийлөгч асан Н.Багабандийг чөлөөлөх ёстой гэх байр суурийг илэрхийлсэн нь олны анхаарлыг татсан. Тэгвэл Оюутолгойн гэрээний талаар зарим хүний байр суурийг хүргэе.

 


Ц.Элбэгдорж: Хуультай бол хуультай орон

Оюутолгойтой холбогдсон асуудлаар нээлттэй ярилцана. Эхлээд Засгийн Газар, УИХ-ынхаа хүрээнд. Гадныхан хичнээн хүч чадалтай байсан ч Монгол бол төртэй бол төртэй, хуультай бол хуультай орон. Ард түмэн нь эрхээ мэддэг, эдэлдэг орон шүү.

 


З.Энхболд: Гэрээг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй

Оюутолгой, Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй. УИХ гаргах ёстой тогтоолоо гаргасан байгаа. Гэрээнд өөрчлөлт орлоо гэхэд Засгийн газар өөрөө хийгээд явах боломжтой. УИХ 2009 онд гэрээ хийх эрх, ямар зохицуулалт хийхийг нь Засгийн газарт зааж өгсөн. Энэ хүрээнд Засгийн газар "Рио тинто" хоёр хоорондоо зохицох боломжтой.

 

Г.Уянга: "Айвенхо  Майнз"-тай хуйвалдчихсан юм биш биз дээ

Нөгөөтэйгүүр 2007 оны ТЭЗҮ-д Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний анхны хөрөнгө оруулалт 2.7 тэрбум ам.доллар байна гэж тусгасан байтал Монголын Засгийн газар өнөөдөр анхны хөрөнгө оруулалтыг 5.1 тэрбум ам.доллар гэж хүлээн зөвшөөрч байна. Энэ бүх зөрүү Монголын талд өр болж байгаа. Монголчууд энэ зөрүүний 34 хувийг зээл хэлбэрээр төлж байгаа шүү дээ.

 

Анхны хөрөнгө оруулалтын хэмжээгээ бодитойгоор нэмж байгаа юу гэдгийг хянах боломж Монголын талд байхгүй байгаа нь үнэн. Засгийн газрын зүгээс Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг эсэргүүцэж байгаа мэт боловч дээрх алдаатай тоонуудыг хүлээн зөвшөөрсөн нь л асуудал үүсгээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар "Айвенхо майнз" компанитай хуйвалдчихсан юм биш биз дээ гэдэг хардлага бидэнд төрж байна.

 

Яагаад анхны нөөцийг маш багаар тооцов. Анхны хөрөнгө оруулалтыг өсгөв гэдэг нь их сонин байгаа юм. Энэ бүхний ард ямар нэгэн тохиролцоо байгааг үгүйсгэх аргагүй шүү дээ. Бид энэ бүхнийг цаашид нарийвчлан судлах болно.

 

Ц.Сэдванчиг: Гэрээнд зөрчил байна гэдгийг бид хэлээд байгаа юм биш

Гэрээнд тусгасан зүйлийг зөрчсөн зарим нэг зүйл бий. Тухайлбал, гэрээнд тусгаснаар Оюутолгойн ажилчдын 90 хувь нь Монголын ажилчид байна гэж заасан байдаг. Гэтэл нийт ажилчдын 80 хүрэхгүй хувь нь Монгол ажилчид, гадаадын ажилчдын тоо 200-300 гаруйгаар илүү байна гэж дүгнэсэн. Гэрээнд зөрчил байна гэдгийг зөвхөн бид хэлээд байгаа юм биш. Хөдөлмөрийн яам, МХЕГ, Нийгмийн хамгааллын улсын байцаагч нараас бүрдсэн баг томилоод, шалгалт хийгээд гаргасан дүгнэлт бий.

 

Гэрээнд зөрчил байна, засч залруулах шаардлагатай. Мэдээж асуудлууд боломжтой байдлаар ойлголцох нь зүйтэй. Гэхдээ энэ асуудал зөвхөн хувь нийлүүлэгчдийн хурлаар ярьж байгаа асуудал биш. Өнгөрсөн аравдугаар сараас хойш хоёр талдаа ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Бидний хувьд энэ хугацаанд асуудлыг ойлгомжтой байдпаар, Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль дүрэмд нийцэж байгаа эсэх, гэрээний заалтын

 


Л.Цог: Ийм улстөрчидтэй эвлэрч явахыг хүсэхгүй болов уу

УИХ-ын бүрэн эрхийн дагуу үүрэг өгөх ёстой. Хамгийн түрүүнд энэ гэрээг УИХ хэлэлцэх ёстой. Түүний эцэст яах эсэх нь шийдэгдэх учиртай. 100 сая ам.доллараас дээш гэрээг УИХ өөрөө хийнэ гэсэн заалт бий. Тэгэхээр юу болсныг УИХ үзэх цаг нь үнэхээр болсон байгааг харуулж байгаа хэрэг. Миний хувьд Оюутолгойн гэрээг анх хийхээс нь эхлээд тэмцэж, одоогийн луйврын эсрэг явж ирсэн. Одоо байр сууриндаа ч хатуу байна.

 

Энэ гэрээг гарцаагүй дахин хийх ёстой. Луйвар нь ч илэрч байгаа хэрэг. 30 жилийн дараа бид өртэй хоцроно. Үндсэн зээлийнхээ хүүнд хөрөнгөө өгсөөр байгаад дуусна. Тиймээс бид үүнийг хууль бус үйлдэл гэж үзэж байгаа. Хахуулиа аваад явж байхад Монголын ард түмнийг хуурна уу, хоосорно уу гэдэг нь тэдэнд падгүй болох гэж байна. Ийм улстөрчидтэй эвлэрч явахыг Монголын ард түмэн хүсэхгүй болов уу.

 


Лу.Болд: Монголын төр, засаг өөрөө хариуцаж шийднэ

Оюутолгойн гэрээг албан ёсоор анх удаа чуулганаар хэлэлцлээ. Ямар ч байсан Монголчууд бид ямар ойлголттой байгаагаа нэгтгэж авлаа. Үүнийг хүн бүр өөрийн өнцгөөс л харна. Зарим нь маш муу гэж байгаа бол нөгөө хэсэг нь сайн гэхчлэн хүлээж авч байна. Гэвч сайн муу гэж дүгнэх нь аливаа нэг гэрээнд бололцоогүй. Энэ гэрээ цаашдаа ард түмэнд үр ашиг нь яаж бууж байна гэдгээс л харагдах байх. Миний хувьд энэ гэрээг байгуулах үйл явцад шууд оролцоогүй. Тэгэхээр гэрээ сайн муу байхыг нь Монголын төр, засаг өөрөө хариуцаж шийднэ.