С.УЯНГА

Сонгууль хаяанд ирж, нийгэм тэр чигээрээ л энэ сэдэв рүү анхаарч байна. Сонгуулийн хууль, сонгуулийн тойрог, нэр дэвшигчид гээд л. Энэ дуулиан дунд хэн нэгний хууль бус хүсэл зорилгоо гүйцэлдүүлэх боломж бүрдэж эхлэв бололтой. НИТХ-ын тэргүүлэгчид тавдугаар сарын 6-нд нэгэн чухал шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, НИТХ-ын 2015 оны 32/31 дүгээр тогтоолоор Нийслэлийн Засаг захиргааны нэгдүгээр байр буюу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуучин байрыг буулгаж шинээр барих гэж батлагдсан Концессын гэрээтэй холбоотой тогтоолд нэмэлт өөрчлөлт хийжээ. Ингэхдээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрыг гэдэг дээр нь спорт заалны хамт хэмээн өөрчилсөн байна. Харин “Зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх” гэж батлагдсан Концессын төрлийг “Зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх, өмчлөх, ашиглах” болон хувиргажээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил зөвхөн НЗДТГ-ын хуучин байрыг шинээр барихаар баталсан тогтоолыг 10 хүрэхгүй хоногийн өмнө өөрчилж “НЗДТГ-ын хуучин байрыг спорт заалны хамт” хэмээн нэмэлт өөрчлөлт оруулахдаа “Барих, шилжүүлэх өмчлөх, ашиглах” болгон ноцтой өөрчлөлт хийж НИТХ-ын дарга Д.Баттулга гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Концессын гэрээ гэдэг нь гүйцэтгэгч компани мөнгөө гаргаж барьчихаад дараа нь төрөөс мөнгөө авна гэсэн үг. Харин Хотын захиргааны байрын концессын гэрээний нөхцөл үүнээс тэс эсрэгээрээ. Одоо байгаа байрыг нурааж дахин шинээр барих компани нь ӨМЧЛӨХ, АШИГЛАХ аж. Тодруулбал, барьсан компанийн өмч болно гэсэн үг. Сүхбаатарын талбай тойрсон газар ямар үнэ хүрч байгааг Төрийн ордны зүүн тал дахь хуучин Хэвлэх үйлдвэрийн барилгын жишээн дээрээс бид бэлхэнээ харж байгаа. Нурсан барилга нь биш, газар нь л 24 тэрбум төгрөг хүрч байгаа юм гээд л нийслэлийн удирдлагууд хөөрцөглөөд байсан. Гэтэл өнөөдөр зүгээр хэвийн ашиглаж байгаа, уран барилга архитектурын хувьд Улаанбаатарт цөөхөнд орох үүх түүхтэй байшингаа концесс нэрээр барьсан эзэнд өмчлүүлнэ, ашиглуулна гээд явчихаж байгааг юу гэж ойлгох болж байна аа! Хотын захиргааны байшингийн газар нь гэхэд л хуучин хэвлэх үйлдвэрийнхээс хэд дахин илүү үнэ хүрэх бус уу.

Хотын захиргааны хуучин байрыг спорт заалны хамт аль нэг компаниар концессын гэрээгээр бариулчихаад дээр нь өмчлүүлж ашиглуулах гэж байгаа нь сохор зоосны төлбөр авахгүй бэлэглэчихсэнээс өөрцгүй. Тогтоолыг ингэж яаран сандран өөрчлөхөд хүргэж байгаагийн цаана томоохон ашиг сонирхол байгаа гэдэг нь эргэлзээгүй юм.

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид энэ долоо хоногт хуралдаж, хотын захиргааны шинэ байрыг шинэ эзэнд нь өгөх шийдвэрээ гаргах сурагтай. ИТХ хавиар тарсан мэдээллээр бол концессоор “Зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх, өмчлөх ашиглах” шинэ эзэн нь “Голомт Секюритиз” гэдэг компани гэдэг нэр дуулдаж байна. Нэрнээс нь харахад “Голомт Секюритиз” компани нь Голомт банктай холбоотой бололтой. Хэзээ зарлагдсан гэдэг нь тодорхойгүй сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн цорын ганц оролцогч гарч ирээд, “яахав өөр санал ирээгүй юм чинь” гээд шийдчих вий гэдэг хардлага ч ИТХ-ын зарим гишүүдэд байна билээ. Энэ хардлага үнэн худал нь энэ долоо хоногт аяндаа тодорхой болох нь.

Монголын залуучуудын холбооныхон яг ийм юмыг чинь л хуулийн хүрээнд хийж байгаа хулгайч гээд, хууль тогтоолоор халхавчлан хулгайлдаггүй улсыг гаргаж ирье гээд байгаа шүү дээ. Харин хулгайлдаггүй шинэ хүн гаргаж ирэх сонгуулиас өмнө урьтаад чоно борооноор гэдэг шиг юм Хотын захиргааны байран дээр болж байгааг хотын дарга Э.Бат-Үүл мэдэж байгаа болов уу.