2012 оны УИХ-ын сонгуулийн дараа АН “Шударга ёс” эвсэлтэй хамтран Засгийн газраа байгуулахдаа хийсэн томоохон ажлын нэг нь нэмж яамд байгуулсан явдал юм.

Тухайн үед АН-ынхан бие биедээ зориулан яам байгуулж байна гэсэн шүүмжийг сөрөг хүчний зүгээс харамгүй шидэж байлаа. Нээрээ ч намынхаа гишүүдэд ямар яам байгуулж бэлэглэх вэ гэж ярьж сууж байгаад байгуулсан мэт хэд хэдэн яам шинээр бий болсон шүү дээ. Түүний нэг нь Эдийн засгийн хөгжлийн яам билээ. Сайд нь Н.Батбаяр. Өнөөдөр түүнийг Монгол Улсын эдийн засгийг дампууруулсан гэм буруутай гэж үзэн УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс огцруулах хангалттай үндэслэлийг гаргаж тавьсан ч амжилт олсонгүй. Ер нь Н.Батбаяр гэдэг хүнийг Монголын улстөрд, тэр тусмаа эдийн засгийн хөгжилд нэмэр болохуйц юу хийж, ямар эерэг нөлөө үзүүлж ирснийг бодоод олсонгүй. Харин сөрөг муу мэдээ бол хангалттай олдож байна. Хамгийн ойрхны жишээ гэвэл Эдийн засгийн хөгжлийн сайд болонгуутаа Төс¬вийн тогтвортой байд¬лын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуу¬лийн төс¬лийг УИХ-д өргөн ба¬рьсан явдал. УИХ, Засгийн газрын гишүүний хувьд хуулийн төсөл өргөн мэдүүлэх бүрэн эрхтэй. Гэвч хуу¬лийн гол заалт нь манай улсын өрийн хэмжээг ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байх заалтыг өөрчилж 60 хувьд хүргэх тухай өөрчлөлт байсан юм. 40 гэсэн тоог 60 болгон өөрчилснөөр Монгол Улс гаднын орнуудаас нэмж зээл авах сайхан нөхцөл бүрдэнэ, харин 40 хувиас хэтрэхгүй бол зээл олж ирж эдийн засгаа сайжруулах боломж олдохгүй байна гэж салбарын сайд Н.Батбаяр тайлбар хийж асан. Энэ хүн эдийн засгийн хөгжлийг зөвхөн зээлийн хөрөнгөөр бүтээн байгуулалт босгох явдал гэж ойлгодог бололтой юм билээ. Тэр ч байтугай хуучин ЗХУ манай өрийг тэглэсэн, түүнтэй адилхан 20,30 жилийн дараа өрийг маань тэглэчих ч юм билүү, олдож л байвал зээл авч л байя л даа гэж ярьж явдаг хүн юм. Зээл авахаа мэддэг ч яаж төлөхөө мэддэггүй, тэр талаар бодож ч үзээгүй сайдаар улсынхаа эдийн засгийн салбарыг удирдуулж буй улс манайхаас өөр байдаггүй л болов уу. Харин одоо түүний санаачилсан, миний автортай хууль гэж сайрхдаг 68 хувийн татварыг Монголын эдийн засгийн хөгжилд ямар хувь нэмэр оруулсныг сануулъя. 2006 онд “Фортуна” Батбаярын толгойд хаанаас ч юм гэв гэнэт алт, нүүрс, зэс олборлогчдоос 68 хувийн татвар авах санаа орж иржээ. Түүнийгээ хуулийн төсөл болгон УИХ-д оруулж ирсэн нь дэмжигдсэн хэрэг. Дэмжигдэх юу байхав, эдийн засгийн бэрхшээлтэй үед улсын сан хөмрөг уруугаа эргэх шахаж байсан 2006 онд эрх баригчид дэмжихээс өөр арга байгаагүй гэдэг. 68 хувийн энэхүү татвараа “Гэнэтийн ашгийн” гэж нэрлэлээ. Уул нь ч алт олборлогчид гэнэт баяжчихсан юм биш, эдийн засаг хүнд үед гадна дотнын хөрөнгө оруулагчдаас өндөр хүүтэй мөнгө зээлж алтны салбараа босгож байсан үе. Гэтэл яасан их гэнэт баяждаг юм гээд алтанд 68 хувийн татвар ногдуулчихсан. Харин Н.Батбаяр гишүүн Монголын түүхэнд байгаагүй их баялгийг бүтээсэн мэтээр онгирч “Би Монголын эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр орууллаа. Энэ бол миний автортай хууль гэдгээрээ түүхэнд бичигдэж үлдэнэ. Би өөр зүйлээр сайрхахгүй, энэ л байхад хангалттай” хэмээн ихэд сайрхан ярьж явсан юм даг. Эхэндээ орлого нэмэгдэх нь гэж хөөрсөн улстөрчид сайхан санаа гэж дэмжсэн ч сүүлдээ эдийн засагт маш сөрөг нөлөө үзүүлсэн “муугийн муу бодлого” байсныг хожмоо мэдэрсэн юм. Гэнэтийн ашгийн буюу 68 хувийн татвараас айгаад хөрөнгө оруулагчид Монголыг нэг нүдээр харахаа болив. Монголбанк 2005 онд 15 тонн алт худалдаж авсан байдаг. Гэтэл дараа жил нь “68” мэндэлснээр энэ тоо 2.2 тонн болж буурсан. Хэдэн тонн алт олборлосноо хамаагүй ил тод мэдээлдэг байсан алтныхан “нуугдаж”, гадагш нь нууцаар хил гарган зардаг далд сүлжээ үүсгэсэн. Үүнд нь мэдээж гаалийнхан өндөр үүрэгтэйгээр оролцож бас нууц орлоготой болох эх үүсвэр тавигдаж билээ. Ийм хэд хэдэн тодорхой муу жишээтэй, явцгүй бодлого хийж ирсэн хүн ялангуяа эдийн засгийн бодлогыг тодорхойлох гээд ядаж явснаас цөөнхийнхөө үгийг дуулгавартайгар биш юмаа гэхэд эр зориг гарган дагачихсан бол улстөрчийнхөө хувьд нэр хүнд нь өсөх байлаа. Түүнчлэн цөөнхийн зүгээс түүнийг огцруулахаар болсон үндэслэлдээ Монгол Улсын өрийг нэмэгдүүлж, төсөвт дарамт учруулахуйц их хэмжээний гадаад өр үүсгэж таван тэрбум ам.долларын бондыг үндэслэл тооцоогүй, нэмүү өртөг шингээх төсөл хөтөлбөргүйгээр яаравчлан арилжаалж, өнөөдөр 600 гаруй сая ам.доллар “үхмэл хөрөнгө” болон хэвтэж, хүү нь төлөгдөж байгааг дурдсан. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайдын хувьд Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүйнхээ төлөө бас хариуцлага хүлээх ёстой гэжээ. Улсын төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасалдсан, 2013 онд 301 аж ахуйн нэгж дампуурсан, системийн хэмжээнд чанаргүй зээл 572,5 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 274 тэрбум төгрөг буюу хоёр дахин өссөн, улсын вальютын нөөц 21.8 хувиар буурсан зэрэг Монгол Улсын эдийн засгийн “элгийг ухсан” бүхэн түүнд л очиж наалдана. Энэ хүн үнэндээ Монголын Эдийн засгийн хөгжлийн яамыг бэлгэнд авсан нь тодорхой. Өмнө нь Сангийн яам улс орны эдийн засаг, санхүүгийн бүхий л бодлогоо зангидаж төвлөрүүлээд, төсөв санхүүгээ бариад, алдаатай ч гэсэн ажиллаад болж байжээ. Харин сахил хүртээд шал дордов гэгчээр Н.Алтанхуяг агаа гарч ирээд улс орны эдийн засаг туйлдаж эхэлсэн нь энэ. Мөнгө байлаа ч бодлого буруу бол эдийн засаг хөөсөн дунд явдгийг бид харлаа. 2008-2012 онд С.Батболдын Засгийн газар 12 яамтай байхад эдийн засгийг хөгжүүлдэг нэг яамтай, төсөв хөрөнгөө хариуцдаг тусдаа яамтай байгаагүй. Гэтэл АН-ын гишүүн Ерөнхий сайд танхимдаа Эдийн засгийн хөгжлийн яам хэмээх том бүтцийг бий болгон Сангийн яамнаас тусдаа нэг яамтай болгосон. Одоо л улс орны эдийн засгийг хурдтайгаар хөгжүүлж, улсынхаа сан хөмрөгийг дүүргэж өгөх нь дээ гэж бодтол бүх юм орвонгоороо.
 

Б.МӨНХТУЯА