​Монголын улстөрчид дахин давтагдашгүй. Гэхдээ тэдний дийлэнх нь ухаантнуудын дүрийг бүтээг­чид. “Улстөрч хүн” гэх ерөнхий жаазанд өөрсдийгөө хийж, түүндээ тохирсон нүүр будалтыг хийнэ.

Гэхдээ жирийн ч нэг өдөр тутмынх бус. Тайзны нүүр будалт. Одоо хар л даа. МАН-ынхан сөрөг хүчний дүрд тоглох гэж ямар их хичээж байгааг. Ард түмний талын баатрын дүрийг бүтээх хэрэгтэй байгаад байдаг. Гэтэл тэр дүр нь гарахгүй. “Талхны үнэ өссөн байна” гэж хэлэх гэхээр нүүрнийх нь хувирал дасан зохицохгүй яг л Соёл урлагийн их сургуулийн нэгдүгээр курсын оюутан шиг. Ардчилсан намын хувьд харин асуудалгүй. Жүжигчин бүсгүй бүрт Жулеттагийн дүрийг бүтээх хүсэл нуугдаж байдаг шиг л тэд эрх баригчийн дүрийг мөрөөдөж байсан нь гарцаагүй. Тиймээс ч сэтгэлдээ ургуулсан эрх баригчийн дүр төрхийг тэд мөрөөдөж, хүсснээрээ бүтээж суугаа нь энэ.

Ингэж жүжиглэлтээс жүжиглэлтийн хооронд амьдрагч тэдний дунд хэн нэгэн өөрийнхөөрөө хашгирах нь нэг талдаа гайхалтай сайхан харагдах шиг. Гэхдээ гайхалтай сайхан гэх дүгнэлтийн цаана гайхширмаар тэнэг үйлдэл нуугдаж буй гэдгийг хэлэх хэрэгтэй.

Тэр хүн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Монголын улс төрд өөрийнхөөрөө үзэгдэл байх гэж ихэд чармайсан. Ингэхдээ “Би муухай харагдах бий вий” гэсэн болгоомжлолд огтхон ч хөтлөгдсөнгүй. Түүний өдүүлсэн хэрүүл, дэвшүүлсэн санаа, хэлсэн ярьсан үгс... Хачин сонин. Бас хамаг олны элгийг хөшөөж, инээдийг нь бармаар. Тэрбээр үүнээсээ ичсэнгүй. Эцэс сүүлдээ тэрбээр өнөөдөр өөрийгөө “Би бол Н.Энхбаяр” хэмээн хашгирч эхэллээ. Магадгүй тэрбээр өн­гөрсөн хугацаанд яг энэ үгийг хэлэхийг туйлын ихээр хүсч байсан байж болох юм. Тэр нь “О.Баасанхүү Н.Энхбаяр” гэх дүгнэлт. Түүний энэ томъёоллыг МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвын өөдөөс гаргасан салаавч гэж ойлгож болно.

Учир нь тэрбээр өдгөө МАХН-д үлдсэн Н.Энхбаярын талын цөөхөн хүмүүсийн нэг. Хэрэв МАХН-д О.Баасанхүү тэргүүтнүүд байхгүй байсан бол Ерөнхийлөгч асан маань намдаа дахин хэн ч биш болж мэдэх эргэлзээтэй үетэй өнөөдөр тулгарчихаад байгаа. Хэдийгээр Д.Тэрбишдагвад дахин УИХ-ын гишүүн болж, Засгийн газарт багтаж Шадар сайдын үүрэг гүйцэтгэх боломжийг Н.Энхбаяр олгосон ч түүнд үнэнч үлдэх нь эргэлзээтэй. Эрүүл мэндийн сайд Н.Удвалын хувьд ч тэр адилхан. “Засгийн газраас хөөгөөд ч гарахгүй” гэх утга бүхий мэдэгдэл түүнийх. Тэрбээр Н.Энхбаярыг Н.Алтанхуягийн Засгийн газрыг айлгаж суухад ар хударгаар нь дээрх үгийг хэлээд сууж байсан. Сангийн сайд Ч.Улааны хувьд гэхэд албанаасаа буух байсан аль хэдийнэ л хоёр ч удаагийн санал хураалтаар бууж болох байв. Гэсэн ч тэр тэгээгүй. Ингэж МАХН-аас төрсөн сайдууд Н.Алтанхуягтай тэврэлдэж байхад нөгөө л О.Баасанхүү засгийн ч тэр, улстөрчдийн ч тэр дайсан хэвээрээ л байгаа. Өөрөөр хэлбэл өнөөдөр Н.Энхбаярт үлдсэн цөөхөн түшиг тулгуурынх нь нэг нь О.Баасанхүү. Ийм учраас түүнийг Монголын улс төрд удаан байгаасай ч гэж хүсэх шиг. Тэнэг байна уу, хэрүүлч байна уу хамаагүй. Тэртээ тэргүй УИХ-д ухаантны дүр бүтээгчид олон байхад яагаад ганц ч болов сондгой дүр байж болохгүй гэж. Тэр дундаа ирэх өдрүүдэд тэрбээр өөрийнхөө хувиар бус харин Н.Энхбаярын дүрээр улс төр хийх нь тодорхой болж ирж байна. “Би хүчгүй гэдэг бол Н.Энхбаяр хүчгүй гэсэн үг” гэж том дуугарч чадаж байгаа хүнээс юу ч эс гарч мэднэ шүү дээ. Иймд дахиад хэлэхэд “Монголын улс төрд О.Баасанхүү байгаа нь гоё”. Түүнийг тэгээд Н.Энхбаярын илч төлөөлөгч гэдэг талаас нь хар. Тэр үүнд итгээд Засгийн газраас Шадар сайдыг авч сугалах ч юм билүү хэн мэдлээ. Улс төрд өөрийнхөө дүрийг бүтээсэн олон хүн өрөөлийн бүтээсэн дүрд дурлаж, түүндээ уусан шингэхийг харах нь байдаг л нэг үзэгдэл болчихоод удаж байна шүү дээ.