Өнөөдөр эх орончдын өдөр бол юуны өмнө эх орон тусгаар Монголынхоо төлөө халуун амь бүлээн цусаа зориулан байж асар их үнэ цэнээр азтай жаргалтай алттай мөнгөтэй оюутай зэстэй есөн эрдэнийн орныг халдашгүй дархан хил хязгаар тусгаар тогтнол тугтай тамгатай нь бүрэн бүтнээр нь бидэнд хүлээлгэн өгсөн ахмад үеийнхээ шударга хөдөлмөрч дайчин уламжлалыг  дурсан санаж алдаршуулах өдөр. Ахмад үе маань юуны төлөө Алтайн нуруунд Оспаны дээрэмчидтэй алалцаж алтан амиа алдаж, Халх голд харийн дайсантай тулалдаж халуун цусаа урсган Элст манханд тэднийг элдэж Хянганы нуруунд хиаруулж байв гэдгийг залуу хойч үедээ  ойлгон таниулах өвлүүлэн авч үлдээх өдөр /зураг дээр Эх орныхоо төлөө цусаа урсгаж явсан Тамсаг булагийн 6 дугаар морьт дивизийн командлагч, Монгол Улсын Гарамгай Баатар Лодонгийн Дандар алдарт алаг морьтойгоо, Монгол Улсын Баатар, Монгол Улсын цорын ганц Армийн генерал Батын Дорж хээр морьтойгоо, Тамсаг булагийн 8 дугаар морьт дивизийн командлагч, Монгол Улсын Баатар Дүгэрийн Нянтайсүрэн өндөр хээртэй морьтойгоо/.

 

 

1945 оны чөлөөлөх дайнд Аюуш баатар Ардын армийн байлдагчаар цэргийн алба хааж байхдаа Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг тагнах үүргийг наймдугаар сарын 19-нд авч их хүчээсээ түрүүлж дайсны пулемётын галын цэгүүдийг устгасаар арваннэгэн удаа шархадсан ч дайсантай баатарлагаар тулалдсаар амь үрэгджээ.

 

Баатар Гэлэгбаатар Халх голын дайнд Японы самурай нарын эсрэг 1939 оны тавдугаар сард болсон удаа дараагийн тулалдаанд дайчдаа чадамгай удирдан зохион байгуулж байлдсан ба мөн сарын 28-ны өдөр дайсны давшилтыг пулемётчин есөн нөхрийн хамт арвуулхнаа тогтоон барин эрэлхэгээр тулалдаж байгаад амь үрэгджээ.

Даваадорж баатар Ховд аймгийн нутаг дахь хилийн цэргийн 6 дугаар отрядад алба хааж хөнгөн пулемётын туслах наводчик байхдаа 1948 оны 7 дугаар сарын 7-8-нд Бүдүүн харгайтын гол орчмоор хил нэвтэрч ирсэн гоминдааны 150 дээрэмчидтэй 9 нөхрийн хамт эрэлхэг тулалдсаар амь үрэгджээ. Тэгшээ баатар мөн дээр өгүүлсэн зэвсэгт тулгаралтад оролцож хэдэнтээ шархдаж, сум нь дууссан үед тал талаасаа бүчин ирсэн дайсанд амьдаар олзлогдохгүй гэсэндээ гранатаа тэсэлж олон дайсныг устгангаа амь үрэгджээ. Түүний баруун хөл нь миномётын суманд өртөн тасарч, яс нь ёрдойн гарч газар зурагдсаар мөлийж чөмгөнд нь шороо чулуу чихэгдсэн, 15х15м газар цусаа гоожуулан тулалдсан байдалтай, пулемётын сум нь дууссан тул буугаа хад саван эвдээд амь үрэгдсэн байжээ.

Лхагвадорж баатар мөн баруун хязгаарт дайсны элдэв өдөөн хатгалга, зэвсэгт халдлагыг цаг тухайд нь няцаан, тагнуул туршуулуудыг нь олон удаа илрүүлэн баривчилж байсан бөгөөд 1948 оны 6 сарын 2-нд ”Оспаны 22 баатар” гэгчтэй Мэргэн ууланд баатарлагаар тулалдаж яваад амь үрэгджээ. Дамба баатар 1938 оноос цэргийн алба хааж хязгаарын цэргийн Баяннуурын заставт байхдаа 1943 оны 7 дугаар сарын 30-нд Шар говийн давааны амаар хил нэвтэрч ирсэн Оспаны 100 гаруй зэвсэгт дээрэмчидтэй гурвуулхнаа баатарлагаар тулалдаж амь үрэгджээ. Гиваан баатар Ховд аймгийн нутаг Үенчийн заставт байлдагчаар цэргийн алба хааж байхдаа эх орны баруун хилийг нэвтэрч орж ирсэн Оспаны дээрэмчидтэй 1948 оны долдугаар сард эрэлхгээр тулалдаж яваад амь үрэгджээ.

 

Баатар Бадам хилчдэд туслах ардын сайн дурын бүлгийн гишүүнээр олон жил идэвх зүтгэлтэй, үнэнч шударга ажиллаж гоминдааны болон Оспаны зэвсэгт дээрэмчдийн эсрэг эх орныхоо үүрэг даалгаврыг олон удаа биелүүлж яваад дайсанд баригдаж тамлуулсан ч цэрэг, улсын нууцыг чанд хадгалсаар амь үрэгдсэн юм.

 

Бадамыг зэвсэгт дээрэмчид үсийг нь гал дээр хуйхлан, биеийг нь улайссан төмрөөр хайрч, нэвт сүлбэн цоргих зэргээр зэрлэгээр тамлан хөнөөсөн.

Самдан баатар мотобуудлагын дивизийн 22 дугаар мотобуудлагын хороонд пулемётчин байхдаа анги руугаа халдсан дайсны довтолгоог пулемётынхоо галаар хааж ангиа байрлал солих бололцоогоор ханган баатарлагаар тулалдаж амь үрэгджээ. Сум нь дууссан учир пулемётынхоо гол төмрөөр 12 дайсныг цохин устгасан байв. Жанчив баатар Монголын ардын армийн мотомеханикжуулсан хуягт VII бригадын холбооны тасгийн дарга, ахлах түрүүч цолтойгоор 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг эзлэн авах ширүүн байлдааны үед хэдэн удаа шархадсан боловч дайсныг устгасаар, тэргүүн анги, үндсэн хүчний хоорондын холбооны тасарсан утсыг амандаа зууж ангийнхаа холбоо харилцааг залгуулсаар амь үрэгджээ.

Экей баатар Халхын голын байлдааны үед VI морьт дивизийн сумангийн захирагч байхдаа олон удаа давуу хүчтэй дайсны эсрэг баатарлаг тулалдаж амь үрэгджээ. Ялангуяа 1939 оны VII сарын 24-нд Гөлөгт Манханд болсон тулалдаанд дайсны давуу хүчний эсрэг сумангаа чадамгай удирдан гарамгай гавьяа байгуулжээ. Намнан баатар одоогийн Баян-Өлгий аймгийн нутагт байсан хилийн Баяннуурын заставт ахлах түрүүч цолтой алба хааж байхдаа 1943 оны 7 дугаар сарын 30-нд Шар говийн давааны аманд түрүүч Дамба, байлдагч Балжир, Лувсанпүрэв нарын хамт харуулд гараад байхад нь Оспаны 100 гаруй зэвсэгт дээрэмчин улсын хил нэвтэрч нутгийн гүн рүү цөмөрч ирэхэд эрэлхэгээр тулалдаж баатарлаг гавьяа байгуулан амь үрэгджээ.

Шарав баатар Ардын армийн 8 дугаар дивизийн 23 дугаар морьт хорооны танк эсэргүүцэх бууны тусгай салааны захирагч, дэслэгч цолтой байхдаа 1939 онд Халхын голын байлдаанд оролцож 8 дугаар сарын 3-нд дайсны их бууг тоотынх нь хамт, 11-12-нд 10 гаруй хүнд, хөнгөн пулемётыг тоотуудынх нь хамт, дайсны 4 их буу, 3 танк, 6 автомашин, хүнд, хөнгөн 20 орчим пулемёт, амьд хүч хэдэн арвыг устгаж, мөн амь үрэгдсэн наводчикийнхоо оронд наводчикийг хавсран гүйцэтгэж мэргэн галаар дайсны хэд хэдэн галын цэгийг тоотынх нь хамт устгаад байлдааны талбарт амь үрэгджээ.

Баатар Данзанваанчиг Ардын армийн хуягт бригадын миномёт пулемётын наводчик байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг цөмлөн Японы милитаристуудтай байлдан таван удаа шархадсан ч баатарлаг гавьяа байгуулжээ. Гуулин баатар 1937 оноос Ардын армид алба хааж Халхын голын дайны үед Чогдон баатар даргатай Сүмбэрийн 7 дугаар заставт пулемётчин байхдаа 100 гаруй дайсныг устган, хүч тэнцвэргүй тулалдаануудад гарамгай байлдаж олон удаагийн бүслэлтээс ангиа пулемётынхоо галаар халхлан гаргасан бөгөөд наймдугаар сарын шийдвэрлэх тулалдаанд хүндээр шархаджээ.

 

Чогдон баатар 1939 онд Халхын голын дайны үед 24 дүгээр отрядын Сүмбэрийн 7 дугаар заставын даргаар ажиллаж Японы милитаристуудын эсрэг заставаа чадамгай удирдан хүч тэнцвэргүй тулалдаануудад дайсныг устган бүслэлтүүдээс гарч эх орны даалгаврыг нэр төртэй биелүүлсний дээр 1945 оны чөлөөлөх дайнд идэвхтэй оролцож гарамгай гавьяа байгуулсан. Миний аав Жамсран овогтой Доржпалам нь Чогдон баатрын ангид Халх гол Хянганы нуруунд харийн дайсантай байлдахдаа самурайн япон винтовын сум шилэн хүзүүндээ зоолгон шархдаж, энгэртээ хэд хэдэн Ялалтын медальтай дайнаас ирж байсан энэхүү үнэмлэхийг /зураг дээр/ харах тусам миний аав таны өвөө мянга мянган монгол эрс эх орон тусгаар тогтнолынхоо төлөө хэрхэн тулалдаж Асар их үнээр олдсон аз жаргалаа хайрлаж яваарай Тун чиг их үнээр олдсон тусгаар тогтнолоо хамгаалж яваарай хэмээн захиж хэлсэн ахмад үеийнхээ алтан сургаалийн үнэ цэнийг монгол хүнийхээ хувьд ч, тангараг өргөсөн цэрэг хүний хувьд ч өдрөөс өдөрт улам ихээр ухаарч байна..

 

 

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт