Хүмүүний амьдрал өөр өөрийн өнгөтэй. Харин тэрхэн өнгийг хэрхэн гэрэлтүүлж, он цагийн хуудсыг амжилт бүтээлээр дүүрэн бөглөх үү, эсвэл зүгээр л нэг урсаж буй ус мэт амьдрах уу гэдэг нь хувь хүнээс шалтгаална. Ингэж хэлэхийн учир нь амьдралыг гэрэлтүүлэгч нэгэн бүсгүйн тухай эргэцүүлэн сууна. Энэ хүн бол Ганбаатарын Бадамцэцэг.

Тэрбээр саяхан маш хүнд хагалгаанд орсон. Гэхдээ сэтгэлээс нь хийж бүтээх, аливаа сайхан бүхнийг цэцэглүүлэн ургуулах хүсэл их буй нь мэдрэгдэж байлаа. Санаандгүйхэн цахим ертөнцөөр аялж байтал, “Бие маш муу, нүдээ ч харж чадахгүй гэртээ хэвтэж байхдаа ТВ8 телевизийн “Амьдрах сайхан” нэвтрүүлэгт орчихсон. Ямар юм гарсан юм бол бүү мэд тэр шөнөдөө хагалгаанд орсон болохоор юу ч болоод өнгөрснийг мэдэх юм алга. Үзсэн хүн байгаа юу манайхаан. Би эмнэлэгт байгаа болохоор сонирхоод асууж байгаа юм” гэсэн посттой таарлаа. 
Тиймээ амьдрах сайхан. Тэгэхдээ зорилготой, тэмүүлэлтэй хүнд амьд­ралын сайхан илүү их мэдрэгддэг. Энэ сайхан мэдрэмжээрээ маргаашийг харж бүтээж суугаа энэ бүсгүйн эгэл хийгээд, дайчин амьдралын тухай нэгэн хуудас дэлгэе. Он цагийн цаглабарын эх хувийг бэлтгэж, фотошоп программаар зургийн өнгө үзэмжийг өөрчлөн хэвлэж бусдын нэгэн торгон агшинг үүрдийн гэрэл гэгээт дурсамж болгон урлах энэ бүсгүй гэрийнхээ баруун хэсгийг ажлын өрөө болгон тохижуулжээ.

Компьютер, принтер, таслагч, цоологч машин, нэрийн хуудасны болон цаас зүсэгч зэрэг төхөөрөмжүүд байх нь түүний ажлын зэвсэг. Хэн нэгнээс захиалга авсан л бол хугацаанд нь хийж өгнө. Хоолоо мартах өдөр, нойргүй хонох шөнүүд түүнд юу ч биш ажээ. Аз жаргалыг бүтээгч байна гэдэг сайхан. Хэдийгээр эрүүл мэндийн асуудалтай ч өөрийнхөө хөдөлмөрч зан чанар, санаачилгатай, сэтгэлтэй, бүтээлч чанараараа олон хүнийг дагуулж яваа энэ бүсгүй нийгэмд эерэг хандлага түгээн дэлгэрүүлэх дуртай нэгэн. Хүний гар харж суух ясны дургүй. Тиймдээ ч гэрт зүгээр суухгүй гэж 1999 оноос оюутнуудын бие даалтыг нэг хуудсыг нь 250 төгрөгөөр шивж өгдөг болжээ. Тухайн үед ээж нь охиныхоо бүтээлч, хичээнгүй зан чанарыг урамшуулж компьютер авч өгсөн гэдэг. Үүндээ илүү их урамшсан энэ бүсгүй “Бие даалт, дипломын ажил шивнэ” гэж зар бичиж түүнийгээ ах, дүү нараа гуйж, зарлалын самбар, шонгийн модон дээр наалгадаг байжээ. Компьютер ховор байсан болоод ч тэр үү, Г.Бадамцэцэгийн хашааны үүдэнд оюутнууд дараалаад зогсчихно. Тухайн үед өдөрт 5000-6000 мянган төгрөг олдог байжээ. Нэг үгээр хэлбэл өөрийнхөө санаа сэтгэлээр бүтээсэн ажлынх нь амт, үр шим нь түүнд төрийн байгууллагын ажилтны сард авдаг цалингаас илүү орлого олж өгдөг байсан аж. Гэвч мөнгөний төлөө биш, илүү сайн зүйл хийж бүтээхийн хүсэлд хөтлөгдөж, өвчин зовиураа марттал суудаг байсан энэ бүсгүй рүү нэг өдөр хуурай эгч нь залгаад хуанли хийх санал тавьсан гэдэг. 
 

“Фотошоп программ ашиглаж чадах уу. Хэрвээ чадна гэвэл эгч нь чамд принтер бэлэглэе” гэж утасны цаанаас хэлсэн тэр л сайхан үг Г.Бадамцэцэгийг хуанличин болгосон байна. Принтер, хор, боодол цаас, календарын нугастай хамт авчирч өгсөн өнөөх эгчийнхээ итгэлийг алдахгүйн тулд түүнд сайн хийх сонголт үлдсэн аж. Ингээд хуанли хийх аргыг бусдаар заалгаагүй ч сарын турш фотошоп программыг уйгагүй судалсны хүчинд өнөөдөр захиалагчийнхаа сэтгэлд хүрсэн их бүтээлийн эзэн болж чаджээ. Тэрбээр хэлэхдээ “Аливаа ажлыг хийх тусам улам сайжирч, суралцдаг. Хүний сэтгэлд хүртэл хийгээд өгчих юмсан гэж хэрэндээ хичээдэг. Одоо 13 хуудастай хуанлиг хоёр цагийн хугацаанд хийдэг” гэж ярьж байлаа. Гар аргаар хийдэг хэрнээ үнийн хувьд тун боломжийн. Том, жижгээсээ хамаарч 15-25 мянган төгрөгийн үнэтэй. Захиалга өгөхийг хүсвэл түүний цахим хуудсаар холбогдож, өөрсдийн зургийг илгээдэг байна. Мэдээж цар тахалтай энэ хатуу үед захиалга орж ирэхгүй өдрүүд олон. Анх хуанли хийж сурчихаад ойр дотныхоо хүмүүсээс л захиалга авдаг байжээ. Нэг захиалга өгсөн хүн дахиад заавал хийлгэдэг юм. Үйлчлүүлэгч нартайгаа эргэх холбоотой ажиллаж заримд нь жижигхэн гарын бэлэг хүртэл бэлдэнэ. Г.Бадамцэцэг хуанли хийхэд хэрэгтэй бүхий л тоног төхөөрөмжийг лизингээр авсан болохоор сар бүр банкинд 400 гаруй мянган төгрөгийн зээл төлнө. Уг нь хорио цээр гайгүй бол шинэ ажлын байр нээж өөртэйгээ адилхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж, цалинжуулахыг зорьж яваа ажээ.

25 жилийн өмнөх 
гашуун дурсамж

 Амьддаа л бие биенээ хайрлахгүй бол, агшин хором бүхнийг алдаж эндэхээс сэрэмжлэхгүй бол бидэнд амаа барих эрсдэл өндөр ажээ. Хүний амьдралын хэнэггүй гашуун алдааны нэгэн золиос нь Г.Бадамцэцэг. Тэрбээр ёстой л цэцэг шиг дэлгэрсэн арвандолоохон насандаа хийж бүтээх хүсэл тэмүүлэл дүүрэн охин байсан. Бусдын зүрх сэтгэлд одоо ч гэрэлтэж олон хүнд өөрөөсөө илүү сайн сайханыг бэлэглэж яваа энэ бүсгүй 25 жилийн өмнө Дархан хот руу томилолтоор явсан байна. Түүний сууж явсан машины жолооч эрүүл байсан бол. Тэгэхэд одооных шиг хөгжил ирчихсэн бол гэх харамсал төрж байлаа. Учир нь тухайн үед унаа тэрэг ховор, зам харгуй хэцүүхэн байсан болоод дайгдсан автомашин шаварт сууж, хүмүүс шавраас гаргах гэж эрвийх дэрвэхээр зүтгэж байх үед жолооч архи уучихсан байжээ. “Согтуу машин барьж болохгүй” гэж Г.Бадамцэцэг олон удаа учирлаж хэлсэн ч согтуу жолооч охины үгийг нь тоосонгүй. Уусан архиндаа согтуурхсан жолооч машинаа асааж, энхэл донхол ихтэй замаар хурдтай давхих үед ЗИЛ-130 машин осолджээ. Машины тэвшин дээрээс унаж ховил руу шидэгдсэн тэрбээр автомашинд хавчуулагдсан байж. Хүмүүс аврах гэж аль байдгаараа хичээж бараг цаг шахам ноцолдсоны эцэст гарган авсан гэдэг.

 Эргээд санахад 1994 он. Нийтийн тээвэр төдийлөн хөгжөөгүй, хот хооронд явдаг тээврийн хэрэгсэл ховорхон байсан цаг. Тэр үеэс тэргэнцэр дээр суух болж, өдөр бүр зовиурлах өвчнөө ялан дийлэх гэж өөртэйгээ тэмцэлдсээр өнөөг хүрчээ. Тэрбээр “хөгжлийн бэрхшээлтэй” гээд гуньж гутарч суусангүй. Харин өвдөлтөө огоорон, боломжтой бүхнийг хийж бүтээж ирсэн. Тэр ч бүү хэл “Уучлал, хариуцлага” лекцийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үнэ төлбөргүй уншдаг болоод удаж байна. Уг нь 21 аймгийн 336 сумын сургуулийн сурагчдад лекцээ уншихыг төлөвлөсөн ч санхүүгийн байдал, дэлхий нийтийг хамарсан цар тахлын хөл хорионоос болоод ажлаа түр зогсоогоод байгаа аж. “Лекцээ хүүхэд залуучуудад хүргэж чадвал ирээдүйд болох олон аюул ослоос олон зуун хүнийг аварч чадна.” Энэ бол түүний нэгэн том зорилго. Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгэмшүүлнэ гээд ярих юм. Бид нийгэм дунд амьдарч байгаа. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмд хэрэгтэй гэдгийг л ойлгуулж өгөх хэрэгтэй. Би өөрийгөө нийгэмд хэрэгтэй гэдгээ мэдэрвэл сэтгэл хангалуун амьдарч чадна. Нэг сургуульд лекц уншихад 200-400 хүүхэд суудаг” гэж ярьж байлаа. Үнэндээ эрүүл саруул бидэнд ч энэ төр засгийн зарим бодлогод ч алдаа бий. Иймээс Г.Бадамцэцэгээс ичих шиг болж байлаа. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь нийгмийн олон талд ажлыг санаачлан хийж, зөв ирээдүйг бүтээж буй талаараа ярьж суухад, бидэнд юу байна вэ. Энэ бүсгүйн хүүхдүүдэд ярьсан, ойлгуулсан, ухааруулсан сургалт ирээдүйд жолооны ард суух хэдэн зуун хүнд том эрдэм болж, суудлын автомашинаар зорчих хэдэн мянган хүний аюулгүй байдлыг хангаж чадна гэдэгт итгэнэм. Нөгөөтэйгүүр “хөгжлийн бэрхшээлтэй иргэн” гэдэг нь нийгмийн л дунд тархсан үг хэллэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэртээ суудаг, аав, ээж, ах дүүгийнхээ л гарыг харж амьдардаг гэсэн буруу ойлголт ч бий. Тэгвэл энэ ойлголтоосоо салах цаг болжээ. Бусдыгаа ажлын байртай болгох чин хүсэлтэй, өөрийнхөө хүч хөдөлмөрөөр сурсан мэдсэнээ бусдадаа зааж сургаж, хамтарч нэгдэж ажиллаж үр дүн, сайн сайхан бүхнийг түгээн дэлгэрүүлэх гэсэн чин хүсэлтэй олон хүн бий. Тэдний нэг нь Г.Бадамцэцэг. Энэ бүсгүй хийж, бүтээж чаддаг. Хэдийгээр өөрөө хэлээгүй ч түүнд дэмжлэг хэрэгтэй. 

Дуучин бүсгүй

Сэтгэлийн хөнгөн гунигийг хөндөж
Сэрүүн цэнхэр бороо шивэрнэ
Сэргэлэн салхиа үүлс сэмлэсэн
Сэвэлзүүр нойрондоо чамайг би харна
Сарны шувууд дуулан жиргээд
Саруул талын цэцэгс бүжинэ
Хайр үгүй байхын арга үгүй
Хавар хайр дагуулж ирдэг юм уу... 


энэ бол дуучин Г.Бадамцэцэгийн дуулсан “Хавар хайр дагуулж ирнэ дууны нэгээхэн хэсэг. Энэхэн хорвоог аргаданхан зөөллөдөг зүйл бол яах араггүй дуу байдаг. Дуугаар уярч ухаарахын утга учир их. Г.Бадамцэцэг хүүхэд байхаасаа авьяаслаг, урлагт дуртай охин байсан. Өөрийн гэсэн олон сайхан бүтээлтэй. 2000 оноос уран бүтээлдээ ханцуй шамлан орж анхны уран бүтээл болох “Би очно” дуугаа олонд хүргэж байв. Түүний дараа 2002 онд МУГЖ Ч.Бат-Эрдэнэтэй хамтарч “Хавар хайр дагуулж ирнэ” дуугаа амилуулж, клип хийлгэсэн байна. 
Хүн дуртай ажлаа хийхэд сэтгэл санаа ч сайхан болдог. 2006- 2008 оны хооронд 21 аймаг, сумаар өөрийн тайлан тоглолтоо хийжээ. Ийнхүү урлагийн алтан тайзнаа эгшиг дуугаа мөнхлөн өөрийнхөө өнгө аялгуугаар зон олондоо бэлэг барьсаар 2011 онд МУСТА цолыг хүртжээ. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаасныхаа дараа ээжийнхээ төрсөн нутагт “Бурхан заяатай ээж” уран бүтээлийн цэнгүүнээ хийсэн байна. 

Г.Бадамцэцэг маань урлагийн гэр бүлд өссөн охин. Тэр ч утгаараа СУИС-д жүжигчний ангид суралцаж байжээ. Хэрэв холын гай ирээгүй бол өнөөгийн монгол түмэн нэгэн сайхан жүжигчинтэй байх байсан. Гэхдээ ийм харуусал, халаглал Г.Бадамцэцэгт зохихгүй. Түүний эхэмсэг, өөрийгөө ялж чаддаг дайчин чанарт ялагдлын нулимс байдаггүй. Тэргэнцэр дээр 25 жилийг туулахдаа тэсгэл алдах үе түүнд бишгүйдээ байсан. “Үхчих минь яав даа” гэсэн бодол төрдөг байлаа гэж хоолой зангируулан хэлэх, ярих ч үе олон бий. Гэхдээ амьдрал сайхан. Өнөөдрийн нийгмийг энэ бүсгүй буруутгасангүй. Өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж олон зүйлээс хойш суусангүй. Тэр дуулж чаддаг дуучин юм. Тэр бүтээж чаддаг бүтээлч бүсгүй. Энэ бүсгүйн эгэл амьдралд өдөр бүхэн нэгэн шинэ содон зүйл байдаг. Тэр нь түүний сэтгэлээс ургаж гарсан урлал, хүнийг баярлуулах бусдын амьдралд нэгэн сайхан түүхийг бүтээсэн хуанлийн нандин хуудсууд билээ. Тиймээ он цагийн цагалбар эргэсээр л. Сэтгэлийн жигүүртэй амьдардаг энэ бүсгүйд олон сайхан чанар бий. Магадгүй гэнэтхэн л хоёр хөл дээрээ босоод маргааш өглөө ээжийгээ тэврэх юм шиг санагдана. Тиймээ гэнэтхэн л хос жигүүр ургуулаад дууны их тайзан дээр алхах юм шиг бодогдоно. Энэ бол миний зүгээс Г.Бадамцэцэгт илгээх сэтгэлийн хүч юм. Харин би өглөө босоод аливааг сайн сайхан бүхний төлөө хийж бүтээхийг хүснэм. Энэ бол Г.Бадамцэцэгийн надад өгсөн итгэлийн хүч юм.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН