Л.ТУЛГА

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажиллаж эхлээд боловсролын салбартаа нэлээд анхаарч байгаа нь элдэв долоон шинэчлэл, туршилт гэлгүйгээр өнгөрсөн он жилүүдэд гарсан гажуудал, завхралыг засах нь үүдээ гэсэн итгэлийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭнхАмгалангийн яриа төрүүлж байна. 

Тэрбээр өндөр төлбөртэй сургуулиудын хувьсах зардлыг хасна, таван настнуудыг 100 хувь цэцэрлэгт хамруулна, сургуулийн эзэмшил газраа зарсан захирлуудад хариуцлага тооцно гэхчлэн олны таашаалд нийцсэн хэд хэдэн супер мэдэгдэл хийгээд байгаа. 

Боловсролын сайдыг сургуульд элсүүлэх насыг долоон нас болгоно гэсэн гэх. Үнэн эсэхийг хэн мэдлээ. Зарим сайтад бүр 2021-2022 оны хичээлийн жилээс нэгдүгээр ангид долоон настай хүүхэд авна гээд биччихсэн байх нь тааралдана. Гэхдээ энэ талаар албан ёсны ямар нэгэн шийдвэр гараагүй л байгаа.

Сургуульд, нэгдүгээр ангид элсүүлэх насны тухай эцэг эхчүүд сэтгэл зовниж, анхаарал хандуулдаг асуудлын нэг дээрх асуудал яахын аргагүй мөн. Нэгэнт л гадаад улс орнуудын их дээд сургууль ерөнхий боловсролын сургуульд 12 жил сурч төгссөн хүүхэд элсүүлнэ гээд байгаа болохоор манайх зургаан настнуудаа нэгдүгээр ангид элсүүлдэг болсон. Нөгөө талаар хүүхдийн ой тогтоолт, сэтгэн бодох чадвар зэргийг сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны үүднээс эрх биш судалж үзээд, олон улсын жишгийг даган ийм шийдвэр гаргасан нь лавтай. 

Харин улс орнууд зургаан настай хүүхдээ сургуульд элсүүлдэг жишгийг даган дуурайснаас биш, ийм балчир хүүхдүүдийн сургалтыг хэрхэн зохион байгуулдаг арга туршлага, жишгийг нь огт мартан орхигдуулсан. 

Өнөөдрийн манай зургаан настай нэгдүгээр ангийнхан ЕБС-ийн 11, 12 дугаар ангийнхантай бараг л ижил аргачлалаар ижил ачаалалтай сурч байгаа.....Энэ бүхэн юунаас үүдэлтэй билээ.

Багшаа бэлтгээгүй. Хүүхдээ зургаан настайд нь сургуульд оруулдаг улс орнууд чинь багш нь бараг цэцэрлэгийн багш, сэтгэлзүйч байдаг юм байна. Тэр улсуудад манай уламжлалт бага ангийн багш нар шиг хүүхдийг ширээний ард номхон суулгачихаад 40 минутаар лекц уншаад, бичүүлээд байдаггүй. Хичээл, тоглоомыг хавсруулаад тоглоомон дундуур нь зохих мэдлэг, чадвар, дадал төлөвшүүлдэг. Тэгэхээр манайх багш нараа бэлтгэлгүйгээр шууд л хуучин аргаар зургаан настнуудаа “чангалж” эхэлсэн нь алдаа байлаа. 

ХИЧЭЭЛИЙН ЦАГИЙГ ЗОХИЦУУЛААГҮЙ 

Зургаан настныг сургуульд оруулах санаачилга гаргагчид өөрөө нэг суудал дээрээ хэдэн минут хөдлөлгүй сууж чадах бол. Зургаан нас бол хүүхдийн хамгийн их хөдөлгөөнтэй нас. Ийм насны хүүхэд ертөнцийг танин мэдэх гэж мянган “Яагаад” гэдэг асуулт тавьдаг шигээ, нэг суудал дээрээ ердөө дөрөв таван минут л тэвчээртэй сууж чадна. Тэр барууны орнууд чинь ийм насны хүүхдийн хичээл гэж яг л цэцэрлэг шиг, хичээлээ заана гэж багш нь жүжигчин шиг л юм болно, тэгээд тав зургаан минут болоод л хүүхдүүддээ босгоод мөлхүүлээд л.... гүйлгээд л...манайхаар бол тарвагачилж тоглоно. Тэгээд л буцааж суулгаад өөр нэг зүйлийн тухай ярина. 

АНГИ ТАНХИМАА БЭЛТГЭЭГҮЙ 

Зургаан настнуудыг сургуульд оруулдаг улс орнуудад нэг ангид ердөө 20­15 хүүхэд л хичээллэдэг. Тэднийг манайхан шиг шил шилийг нь харуулаад яс номхон суулгадаггүй. Тав зургаагаар нь ширээ тойруулан суулгаад багш нь дундуур нь явж, хичээлээ зааж, хүүхдүүдтэйгээ тоглож наадаж байдаг. Гэтэл манай ерөнхий боловсролын сургуулиуд маань хуучин зөвлөлтийн стандартаар нэг ангид 30­40 хүүхэд суухаар барьчихсан, ариун цэврийн өрөө нь зургаан настнуудад зориулсан тосгуур, суултуургүй, ширээ нь ч зургаан настай хүүхдэд өндөрдөөд байгаа хэвээрээ. Хөдөөгийн сургуулиудын модон жорлон нь өнөө зургаан настнууд өлхөөн дундуур нь унаад өгөхөөр суултууртай. 

ХИЧЭЭЛИЙН ПРОГРАММАА БЭЛТГЭЭГҮЙ 

Хүүхдээ зургаан насанд нь сургуульд оруулдаг улс орнууд манайх шиг зургаан настай хүүхдэд бүх үсэг, хоёр үл мэдэгдэгчтэй бодлого заадаггүй юм байна. Өдөрт 40 минутын дөрвөн цагийн хичээл орж яс номхон суулгахгүй. Харин амьдрах ухаан, хүрээлэн байгаа орчин, нийгмийн тухай мэдээлэл өгдөг. Ухаандаа японд бол аюулын дохионы үеэр хүүхэд яаж сургуулиас гарах, гараа яаж угаах, хоолны ширээнд яаж суух, халбага сэрээгээ яаж барих, хүнтэй хэрхэн мэндлэх зэрэг. Японы сургуулиуд бага ангид ер нь даалгавар өгөхгүй, ямар нэг хүнд сэдэв, шалгалт авахгүй. Ер нь бага ангид хүүхдэд шинжлэх ухааны нэг их мэдлэг олгох гэж манайх шиг үл мэдэгдэгчтэй бодлого бодуулаад байхгүй харин биеэ зөв авч явах, бие дааж сурах, бусдыг хүндлэх амьтан хайрлах болон сурах арга зүй, сахилга баттай байхад л сургана. 

СУРАХ БИЧИГ ГЭЖ ЖИНГИЙН АЧАА 

Нэгэнт л зургаан настанд зориулсан сургалтын шинэ программ зохиож гаргах ухаан манай эрх баригчдад байгаагүй болохоор сурах бичиг, хүүхдийн ачааллыг бас огт тооцоогүй. Зургаан настай хүүхэд хэдий ачаа үүрэх ёстой вэ. Боловсролын салбарын гайгүй хаялгатай хэдэн бизнесийн бараг тэргүүн эгнээнд сурах бичиг зохиох, хэвлэх явдал ордог болохоор зохиогчид нь өнөө л том форматын зузаан сурах бичиг зохиосон хэвээр. Үндсэн хичээлийн хэдэн ном дээр “Сонгон” энэ тэр гээд бас баахан ном. Ингээд ийм олон номтой болгочихсон дээр нь сургуулиудын сургалтын менежерүүд бас сурах бичгийг нь харгалзаж, өдөр өдөрт үүрэх ачааг нь бодолцож хичээлийн хуваариа гаргахгүй. Нэг өдөр гурав дөрвөн ном авч явж ч мэднэ, зарим өдөр нь ганцхан сурах бичигтэй ч явж мэднэ. Ер нь бол энэ мангар улс төрчид, шуналтнуудаас болж яс нь бэхжээгүй, мөгөөрс хэвээрээ байгаа зургаан настнуудынхаа нуруу тулгуур эрхтнийг нь гэмтээсээр байгаа. 

ЗУРГААН НАСТАЙ ХҮҮХДИЙН НАС СЭТГЭХҮЙ, ЧАДВАР ДАДЛЫГ ОГТ ТООЦООГҮЙ 

Зургаан настнууд чинь үнэндээ зарим нь ээжийнхээ хөхнөөс гараагүй. Нүүрээ зөв угааж, бие засчихаад бөгсөө арчих нь бүү хэл, өмдөө ч зөв татаж чадахгүй нас шүү дээ. Тэгээд сургуулиудад өдрийн хоол өгч байгаа өнөө үед хоолоо асгаж цутгалгүй идчихэж чадахгүй, идээгүй аягандаа үлдсэн хоолоо тэр чигт нь л цүнхэндээ хийчихдэг улс... Зарим нь бол ариун цэврийн өрөө орчихоод эргээд ангиа олохгүй л нас шүү дээ....Хичээлд суугаад харж байхад гурав дөрвөн цагийн хичээлд хүүхдийн чадавх илт сулраад зарим нь үүрэглэж эхэлдэг. Ингээд арай гэж дуусахад нь дөнгөж нэг цай унд уулгаад л “за даалгавраа хий” гээд суулгачихна.... Тэгээд өнгөрсөн хоёр жилд гайтай коронавирусийн цар тахлаас болоод сургуулиуд танхимаар хичээллээгүй. Эхний жил нь Боловсролын яамны боловсруулсан теле хичээлээр аргацааж өнгөрөөсөн, өнгөрсөн хичээлийн жилд хаа очиж онлайн сургалт нэлээд түгээмэл болж ялангуяа хувийн сургуулиуд энэ талаар сайн ажилласан. Гэхдээ л нэгдүгээр ангийн зургаан настай хүүхэд хичээлийн дөрвөн цаг, даалгавар хийх хоёр гурван цаг гээд бодоход энэ балчир хүүхэд өдөрт хамгийн багаар бодоход зургаан цаг компьютерын ард сууж байгаа. Өнөөдөр нэгэнт эхлүүлсэн ажлаас ухраад долоон настайд нь сургуульд элсүүлдэг болно гэж юу байх вэ. Боловсролын салбарт хийх шинэчлэл өөрчлөлт нь хаа тэртээх газрын элдэв нэр хаягтай ямар нэг “шинэчлэл” гол биш юун түрүү зургаан настай нэгдүгээр ангиа, үүнээс уламжлаад бага сургуулийн сургалтын хөтөлбөр программыг нэн даруй шинжлэх ухааны үндэстэйгээр боловсруулах явдал болж байгааг багш сурган хүмүүжүүлэгчид ярьж бичсээр байгаа. Нөхцөл байдал ийм хүнд байсаар байтал өнгөрсөн хичээлийн жилд БШУЯ хичээлийн жилийг гурван улиралтай болгохдоо нэгдүгээр улирлыг есдүгээр сарын 1­нээс арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгасан нь зургаан настнуудыг бүр чирэгдүүлсэн. Бод л доо, зургаахан настай хүүхэд бүтэн 17 долоо хоног тасралтгүй долоо хоногт таван өдрөөр, өдөрт зургаан цаг компьютерын ард номхон сууж чадах уу. Том хүн ч бараг чадахгүй. Хаа очиж хувийн сургуулиуд өөрсдөө зохицуулаад нэгдүгээр ангиа арваннэгдүгээр сарын эхээр долоо хоног амраасан. Тэгээгүй бол энэ багачуул сунаж унах байлаа шүү дээ. Улсын сургуулиуд хэрхсэнийг хэн мэдлээ. Хүүхдийг эртнээс сургуульд оруулж нийгэмшүүлэх, сурах арга барилд сургах нь зүй боловч манай өнөөгийнх шиг бас хэтрүүлж болохгүй л дээ. Одоо ганцхан сарын дараа 2021-­2022 оны хичээлийн жил эхэлнэ. Зургаан настай жаахан хүүхэд маань яаж сурах бол гээд эцэг эхчүүд бодож л байгаа даа. Хүүхэд яах вэ заасныг сурна, харин сургууль багш нар нь яаж заах вэ.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН