Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж 20 асуудал хэлэлцлээ. Вакцинжуулалтын талаар мэдээлэл өгье. Улсын хэмжээнд аравдугаар сарын 19-ний байдлаар КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын нэгдүгээр тунгийн хамрагдалт 69.3 хувь, хоёрдугаар тунг 65.7 хувь, гуравдугаар тунд өнөөдрийн байдлаар 373,543 хүн хамрагдаад байна.

Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар 2.7 сая тун вакцины нөөцтэй байгаа. ЭМЯ болон УОК-оос гуравдугаар тунгийн хамрагдалтыг идэвхжүүлэхийн тулд шат дараатай арга хэмжээ авч байна.

Эрдэнэт үйлдвэрийн хувьд нийт ажилчдынхаа 82.4 хувь буюу 3,919 ажилтныг гурав дахь тунд хамруулснаар тухайн үйлдвэрт гарах халдварын тохиолдол 10 дахин буурсан талаар мэдээллийг авсан. Тиймээс 18-аас дээш насныхныг гурав дахь тунд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Ерөнхий сайдын зүгээс гүйцэтгэлд суурилсан цалингийн системд шилжихтэй холбогдуулан төрийн алба хаагчдын ажлын үнэлгээний журмыг сайжруулах, ажилдаа илүү хариуцлагатай байхыг анхааруулсан" гэлээ. 

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Засгийн газраас их, дээд сургуулиудыг орон нутагт сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх тогтоолыг албажуулан гаргалаа.

Их, дээд сургуулиудыг орон нутагт хөгжүүлэх нь нийслэлд үүсээд байгаа түгжрэлийг бууруулахаас гадна хөдөө бүс нутгийн хөгжилд нөлөөлөх асуудал.

Өмнө нь Улаанбаатар хотод байгаа их, дээд сургуулиудын салбарыг аймгуудад байгуулах, нүүлгэх тогтоол гарч байсан ч бодитоор хэрэгжээгүй.

Өнөөдөр Монгол Улсад 88 их, дээд сургуульд 158 мянган оюутан суралцаж байна. Үүнээс 143 мянга нь буюу 92 хувь нь Улаанбаатар хотод суралцаж байгаа бол  нийт оюутны тавхан хувь нь хөдөө байгаа найман их, дээд сургууль суралцаж байгаа юм.

Цаашид хөдөө орон нутагт их дээд сургуулийг хөгжүүлбэл боловсролын чанарт анхаарах зайлшгүй шаардлагатай.

Бид Эрдэнэт, Дархан-Уул, Өмнөговьд сургалт судалгаа үйлдвэрлэлийн цогцолбор болгож МУИС, ШУТИС, ХААИС -ийг байгуулах шийдвэр гарч байна.

Ингэхдээ салбарыг биш сургуулиудыг байгуулах шийдвэр юм. Ингэхдээ шинээр барилга барихгүй бөгөөд тухайн аймгуудад байгаа барилга байгууламж, дотуур байр, хичээлийн байруудыг ашиглаж өргөтгөл хийх замаар сургалт судалгааны цогцолборыг байгуулна.

Эдгээр аймагт заах сургалтын хөтөлбөр Улаанбаатар хотод давхцахгүй. Ингэснээр 10-15 мянган оюутан орон нутагт суралцах боломжтой болно. Багш нарт орон нутагт ажилласны нэмэгдэл бий болно.

Мөн ирэх оноос хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, цалин урамшууллыг нэмэх, оюутнуудад тэтгэлэг олгож дэмжих шийдвэр гаргалаа" гэв.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

“Тээврийн үйл ажиллагаа саатсантай холбоотойгоор нарийн ногоо тасарт, шок үүсэх эрсдэлтэй байна. Гэвч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн тасрахгүй, үнийг барих бодлого баримтална. Бидний зүгээс нэгэнт захиалга хийгдсэн бараа, бүтээгдэхүүнүүд тухайн улс орны хил дээр гацсан асуудал үүссэн. Улмаар Тянжины боомт дээр саатсан барааг хурдан нэвтрүүлэх асуудлаар ярилцаж байна. Гурил, будаа, сахар зэрэг бүтээгдэхүүний татан авалтыг түргэсгэх тал дээр ажиллаж байна” гэв.

Байгаль орчин, аялал  жуулчлалын сайд Н.Уртнасан

 "Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай цөлжилтөд өртсөн тооцоо судалгаа гарсан. Үүнээс 23 хувь нь буюу 30 орчим га талбай хүчтэй цөлжилттэй гэсэн ангилалд багтаж байна.

Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих ажлын хүрээнд БОАЖЯ-нд Үндэсний хороог байгууллаа. Хорооноос тэрбум мод тарих ажлыг 2030 он хүртэл үе шаттайгаар зохион байгуулна.

Ингэхдээ уулнаас мод шилжүүлэн суулгах ажлыг дэмжихгүй. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 9.2 сая суулгац байгаа. Хэрэв 100 сая суулгац хэрэгтэй гэвэл одоо байгаа нөөцөө 10 дахин нэмэгдүүлэх шаардлага бий.

Тиймээс мод үржүүлгийн аж ахуй нэгжүүдийг урамшуулах, үйл ажиллагааг нь дэмжих бодлого барина" гэв.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэл өглөө.

Тэрээр "Хайгуул олборлолт нь ашигт малтмалын тухай хуулиар явдаг. Энэ хуульд өөрчлөлт оруулахаар боллоо. Мөн Хүнд үйлдвэрийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсан.

Монгол Улсын Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод энэ төрлийн бүтээгдэхүүний гадаад дотоод зах зээл дэх борлуулалтыг нээлттэй, шударга болгоно гэж заасан. Тиймээс Эрдэс баялгийн биржийн тухай хуулийг өргөн барилаа. Энэ хууль гарснаар уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнэд ойртуулж ил тод нээлттэй шударгаар борлуулах нөхцөл бүрдэнэ.

Бид экспортын бүхий л боломж, сувгийг ашиглана. Чингэлэг тээврийн терминалыг Монгол жолоочдоор явуулах тухай ярилцаж байна" гэв.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл өглөө.

Тэрээр Тавантолгой ДЦС-ын тендерийг зарлах бэлтгэл ажил хангагдсаныг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан ба тендерийг энэ долоо хоногт зарлана гэж мэдээллээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Засгийн газраас улсын эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор шинээр 16 эх үүсвэрийг барьж байгуулахаар тусгасан. Үүнээс төр өөрөө барих 450 мегаватт хүчин чадалтай Тавантолгой нүүрсний уурхайг түшиглэн барих Тавантолгой ДЦС-ын барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерийг энэ долоо хоногтоо зарлана.

Энэ станц говийн бүсийн хэрэгцээг бүрэн хангахаас гадна томоохон төсөл, үйлдвэрийн хэрэглээг хангаж шаардлагатай тохиолдолд төвийн эрчим хүчний нөөцөд нийлүүлэх боломжтой.

Томоохон төсөл дунд Оюутолгой багтаж буй. Оюутолгой нь Хятадаас 110-120 сая ам.долларын өртөгтэй цахилгаан эрчим хүчийг авч байна. Үүнийг орлох боломжтой.

Тавантолгой ДЦС-ын ТЭЗҮ-ийг шинэчлэн боловсруулсан ба 808 сая ам.доллар шаардлагатай. Энэ эх үүсвэрийн 30 хувийг Засгийн газар гаргаж 70 хувийг зээлийн хөрөнгөөр хангана" гэв.