Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадаад улсаас ирж байгаа иргэдийг гурав хоног тусгаарлах шийдвэрийг хүчингүй болгохыг УОК-т үүрэг болгосон байна.

Мөн гадаадаас ирж байгаа иргэдээс нисэх онгоцны буудал, хилийн боомтоор нэвтрэх үед коронвирусний шинжилгээг төлбөртэй авахыг үүрэг болгожээ. Дээрх шийдвэрийн талаар УОК өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэдгийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр онцлов.

 

Тэрбээр, “Коронавирусний омикрон хувилбар өнөөдрийн байдлаар 147 оронд бүртгэгдсэн. Уг хувилбарын тархалт цаашид үргэлжилбэл коронавирусний вакцины хамрагдалт багатай европын орнуудын хүн амын 50 хувь нь халдвар авах эрсдэлтэй гэдгийг энэ сарын 11-нд анхааруулсан. Коронавирусний вакцины нэмэлт тун омикрон хувилбарын шинж тэмдэгтэй халдвараас 70-75 хувиар хамгаалж байна гэсэн судалгааг Их Британийн эрүүл мэндийн байгууллагууд гаргасан байна. Тиймээс иргэдийг вакцины нэмэлт тундаа хамрагдах уриалга зөвлөмжийг Засгийн газар, УОК гаргаж байгаа” гэлээ.

Ташрамд дурдахад, Монгол Улсад омикрон хувилбарын тархалтын оргил үе энэ сарын 20-ноос ирэх сарын 10-нд тохионо гэж УОК-ын дэргэдэх иргэдийн зөвлөл тооцоолсон. Энэ үеэр хоногт 18-20 мянган иргэн халдвар авах магадлалтай байгаа аж. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 66.6 хувь нь вакцины бүрэн тунд, 29.1 хувь нь гуравдугаар тунд 29.1 хувь нь хамрагджээ. Түүнчлэн 10 247 хүн сайн дурын үндсэн дээр дөрөвдүгээр тунд хамрагдсан байна.