Увс аймгийн Улаангом сумын иргэн 33 настай Т үндэсний бөхийн бэлтгэл хийж дуусаад ухаан алдан сэхэл авахгүй байсаар нас баржээ.

Тэрбээр өнгөрсөн даваа гаргийн үдэш 20.00 цаг өнгөртөл гурван цагийн хугацаатай бэлтгэл хийсэн гэнэ. Түүнийгээ дуусгаад удалгүй ухаан алдсан бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүлээн авах тасагт хамт байсан хүмүүс нь хүргэсэн ч нас барсан байжээ. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр талийгаач ямар нэг хууч өвчингүй, аймгийн начин цолтой нэгэн бөгөөд цогцост хийсэн шинжилгээгээр биедээ ил харагдах гэмтэл шарх байгаагүй гэнэ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Талийгаач даваа гарагт 20:00 цагийн үед бэлтгэл хийж байгаад ухаан алдаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн юм билээ. Түүний зүрх зогссон байсан учир эмчийн тусламж авч чадаагүй юм. Түүний цогцост задлан шинжилгээ хийж байгаа. Тэрээр 2010 оноос хойш бэлтгэл хийж байсан. Хоёр удаа коронавирусийн халдвараар өвчилсөн. Түүний гэнэт нас барах болсон шалтгаан нь коронавирусийн халдвартай холбоотой байж болзошгүй. Өнөөдөр манай аймгийн Өмнөговь суманд бөхийн барилдаан болох байсан. Тус барилдаан хойшлогдсон. Саяхан манай аймгийн хоёр иргэн гэнэт нас барсан. Тэд мөн коронавирусийн халдвараар өвчилж байсан” гэв.