Минжийн заставт Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн нисдэг тэрэг хөлөглөн УИХ-ын нэр бүхий гишүүдийг дагуулан очжээ. Тэрбээр хилийн бүсийн нөхцөл байдалтай танилцуулах, гарц шийдэл хайх нэрийн дор Минжийн хангайн заставт тусгай уулзалт зохион байгуулж, халдвар тархах нөхцөл байдал үүсгэсэн байж болзошгүй гэнэ. Учир нь, уулзалтын дараагаас Минжийн хангайн заставын албан хаагчид болон тэдний ар гэрийнхэнээс халдвар илэрч, дархан хил эзгүйрэх дээрээ тулж байгаа гэнэ гэх мэдээлэлд ХХЕГ-аас дараах тайлбарыг өгчээ. 

“Минжийн заставт халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн ХХЕГ-ын даргад хариуцлага тооцох уу” гэсэн гарчигтай мэдээлэл “Өнөөдөр” сонины нэгдүгээр сарын 17-ны, “Өдрийн сонин”-ы 01 дүгээр сарын 18-ны өдрийн дугаарт болон олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн. Тус мэдээллийн мөрөөр тодруулбал,

Хилийн 0151 дүгээр ангийн харьяа Минжийн застав нь алслагдсан, хүрэхэд хүндрэлтэй нөхцөлд улсын хил хамгаалалтыг зохион байгуулдаг, хугацаат цэргийн алба хаагчгүй, офицер, ахлагч нар ээлжийн журмаар үүрэг гүйцэтгэдэг онцлогтой. Сүүлийн үед иргэд хуш модны самар түүх зорилгоор тус хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч, удаа дараа хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил гаргах явдал нэмэгдсэн мөн алслагдсан хилийн анги, салбарт ажиллаж, амьдарч байгаа хилчдийн ахуй байдалтай газар орон дээр нь танилцуулах зорилгоор энэ сарын 07-ны өдөр ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн УИХ-ын зарим гишүүдийн хамт Минжийн заставт ажилласан юм. Бүлгийн бүрэлдэхүүн хилийн застав явахаас өмнө PCR-ын шинжилгээнд хамрагдахад бүгд сөрөг гарсан байна.  

Дээрх бүлгийг ажиллаад ирсний дараа буюу энэ сарын 09-ний өдөр тус застав руу хүнс, материалын хангалт хүргэх, ээлж солилцох бүлэг явсан. Тус бүлгийн бүрэлдэхүүнд байсан жолооч, ахлах ахлагч Б-гээс 01 дүгээр сарын 13-ны өдөр халдварын шинж тэмдэг илэрснийг хилийн заставаас мэдэгдсэн.

Дуудлагын дагуу очиход уг ахлагчаас гадна хилийн заставт ажиллаж амьдарч байсан хоёр том хүн, нэг хүүхэд халдвар авсан байсныг шинжилгээгээр тогтоож, Улаанбаатар хот руу татан авсан. Халдвар авсан тус иргэдийн биеийн байдал хөнгөн зэрэгтэй байгаа тул гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байна. Хилийн заставт үлдсэн алба хаагчдын биеийн байдал хэвийн байгаа бөгөөд халдвар хамгааллын хэрэгслээр бүрэн хангаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.