Нийслэл Улаанбаатар хотыг гэр хороололгүй болгох төсөл 1950-иад оны сүүлээр яригдаж эхэлсэн бололтой. Учир юу хэмээвээс Монгол улсын нийслэлийн төв хэсгийн барилга байгууламжуудыг Хятад улсын тусламжаар барьж босгожээ.

Энэ үед Зөвлөлт, Хятад хоёр орны харьцаа муудаж Монгол,Зөвлөлт хоёр улам дотносов. Хятадын орхиж байгаа энэ хоосон орон зай нь зөвлөлтүүд манайд нөлөөгөө улам бэхжүүлэх таатай нөхцөл бүрдүүлэв. Үүнийгээ  үзүүлэх нэг том талбар бол нийслэл хот гэдэг нь ойлгомжтой биз дээ. Өөрт нь олон жил үнэнч холбоотон байсан Монгол улсын нийслэлийн байж байгаа халтар хултар царай тэднийг ч өөрсдийг нь ичгүүртэй байдалд оруулж байсан тул санаа нь зовсон ЗХУ-ын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн А.Микоян гэдэг зөвлөлтийн том удирдагчдын нэг уг асуудалыг улсынхаа хамгийн дээд төвшинд гаргаж тавьснаар энэ асуудал хүчээ авчээ.

 

Улмаар 1960-аад оны эхээр Москва хотын “Мосгорпроект” ч бил үү нэгэн институтэд бүтээсэн Улаанбаатар хотыг хөгжүүлж барилгажуулах эхний хувилбар модель намайг жоохон хүүхэд байхад Улсын Барилгын Зургийн Институтийн үүдний танхимд байдаг байлаа. 

 

Зургийн Институт манай 23-р сургууль, Бага тойрог дахь байр хоёрын яг дунд байх тул тэндхийн хэвлэх үйлдвэрт нь ажилладаг нагац эгч З.Харнүдэн дээр очиж зураг зурах ватуум гэдэг хатуу орос цаас авдаг байсан юм. Тэнд байсхийгээд л очдог тул тэр загварыг олон удаа харсан. Бас найз нөхдөө дагуулж очиж харуулдаг байсан. Үүдний танхимын голд зассан том тавцан дээр хөөрхөн жижигхэн цагаан байшингууд өрөөстөй. Дөрвөн уулын дунд дүүрэн гэхдээ тун эмх цэгцтэй байшин барилга. Төслөөр бол Улаанбаатар хот нь 1980 гэхэд 500 мянган хүн амьдрах 21 иж бүрэн хороололтой тэр бүр нь дотроо сургууль цэцэрлэг, яслитай, үйлчилгээний төвүүдтэй орчин үеийн бүрэн барилгажсан урбан хот байхаар төлөвлөж байж. Хамгийн гол нь гэр хороололгүй орчин үеийн цэмцгэр хот! Тэр үед аливаа төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэстэй, олон талаас нь сайтар боловсруулж, хэлэлцэж байж баталдаг түүнийгээ ч хэрэгжүүлдэг чанга цаг байсан. Тухайн үед нийслэлийн хүн ам цөөхөн 250 мянга орчим. Орон сууцны хороолол нь хотын төв хэсэгт Бага Тойрог, 40,50 мянгат, зүүнтээ 12,15-р микр, урагшаа 120 мянгат, Дунд голын хойхно 220 мянгат, баруун урд Төмөр замын тосгон гэсхийгээд дуусаа. Гэр хороолол давамгайлсан жижигэвтэр хот байж. Хотын баруун зах Төмөр замын аптек хүрээд цаашаа эзгүй хоосон талбай цэлийж тээр хол Толгойт, Мах комбинат сүүмэлзэнэ.

 

Өнөр, Москва, 3,4,13-р хороололууд болон бусад өндөр сүрлэг барилгууд бол тас байхгүй шүү дээ. 3,4-р хороололын газар дээр 500 айл нэртэй гэр хороолол байсан. Хойд зүгтээ Пионерийн Ордоноос (өнөөгийн Хүүхдийн урлан бүтээх Төв) хойш гэр хороолол 5 буудал хүрээд цаашаа 7 буудал хүртэл айл цөөхөн дөө. Зүүн тал руугаа Улаанхуарангийн эцэс, нилээн зайтай Шархад. Гэхдээ бараг эзгүй байсан байхаа. Би тийшээ сайн мэдэхгүй юм. Урагшаа Комбинатын гэх хороолол. Яармаг чинь эзгүй дэнж. 1966 оны үерийн дараа л айлууд бууж эхэлсэн. Өнөөдөртөй харьцуулалтгүй цомхон хотод шинэчлэл хийх бүрэн боломжтой. Гэр хороололын айлуудыг хотоос гаргаад орон сууцны хороолол баригдахаар эргүүлээд түүндээ оруулах юм гэж бяцхан надад ойлгогдож байсан. Засаг төр хүчтэй, ард иргэд дуулгавартай, ухамсартай. Нам засаг ч төлөвлөснөө хийнэ, зөвлөлт нөхөд ч хичээнэ. Тэд дэлхий нийтийн өмнө их гүрний нэр нүүрээ бодно ! Нэг үгээр жижигхэн макетууд амилан жинхэнэ хот болон хувирах нь цаг хугацааны л асуудал байж гэж би одоо ч бодож сууна.      

 

 Тэртээ олон жилийн өмнөх тэр макет, тоо баримтыг яагаад сайн санаад байна гэхээр нэгд олон удаа харсных, харах бүртээ тэр тайлбар сэлтийг уншдаг, хоёрт зүгээр хараад өнгөрдөггүй найз нөхөдтөйгөө энэ талаар ярилцаж байсан байж таарна. Тэгж байсан санагдаад байгаа юм. Жоохон амьтад хөөрхөн л юм мөрөөдөцгөөдөг байсан биз. 1980 он гэхэд аугаа Зөвлөлт гүрэн коммунизм гээчид орох юм их сурталддаг. Манай орон дагаад бас тийм болчих юм ярьдаг, ойлгодог хамгийн гол нь учир мэдэх ахмадууд ч итгэдэг байж. Тэр нь жоохон хүүхдүүд бидэнд ч хүртэл нөлөөлдөг байсан байх нь. Харамсалтай нь энэ сайхан төсөл хэрэгжилгүй өнгөрчээ. Хожим нас бие гүйцсэн хойноо, нөгөө цэмцгэр хотын төсөл нь “коммунизм хүртэл ганцхан километр дутуу...” гэдэг онигоо шиг юм болж дээ хөөрхий гэж боддог байлаа. Гэтэл 1990-ээд оны эхээр нэгэн сонин дээр хэн ч билээ нэг нөхөр ярилцлага өгсөн байсныг уншиж байснаа санаж байна. Тэр хүн, Монгол улсын нийслэл нь орчин үеийн урбан болон нүүдлийн соёл хосолсон дэлхийн цорын ганц хот байвал зохистой гэж санал гаргасан гэнэ, Их үндэстний үзэлтэй хүн байж хуухай чинь! Тэр нь явсаар удирдлагын дээд төвшинд дэмжигдсэн бололтой. Ингээд тэр гоё төсөл нуран унажээ. Түүний ярьснаас ойлгох юм бол мань эр өөрийгөө үндэсний уламжлалт соёл болох “гэр”ээ  нийслэлдээ авч үлдсэн гавьяатай шахуу юм ярьсан байсан санагдана! Уншаад их уур хүрч байж билээ! Шал дэмий үндэсэрхэг үзлийн хийрхэлээс болж өнөөгийн Улаанбаатар маань Утаанбаатар болчихоод угаартаж суугааг харахаар бүтээгүй төслийн макет, тэр ярилцлага хоёр байсхийгээд л санаанд ордог юм. Хэрэв тэр үед ийм “гай” таараагүй бол зөвхөн Улаанбаатар гэлтгүй улс орны амьдрал өөр байх байсан даа. Бид өөрсдөөсөө их болдог шүү! “Эрвээхийн дэвэлт дэлхийг хөмрөнө ч бил үү нэг айхтар гүн ухааны үг байдаг даа! Бодууштай…! 

 

сонин mn

 

сонин mn

 

сонин mn

 

сонин mn

 

Тайлбар: Дээд зураг. 1957 он.(Энэ зургийн доор байгаа хөндлөн байрлалтай байранд манайх 1957-72 онд амьдарч байсан болно). Доод З зургийн эхний нь 1950-иад оны эхэн гэнэ. Дундах нь 1960-аад оны эхэн үе байх. Сүүлийнхийг мэдэхгүй. Гэхдээ ийм гудамжууд 1960-аад оны дунд үе гэхэд байж л байсныг санаж байна. Facebook болон ном сонин бусад материалуудыг ашиглан бичив.

 

Зураач Тодын Отгонбаяр

 

сонин mn