Сэтгүүлч Н.Өнөрцэцэг:

Төрийн сайд асан Ё.Отгонбаяр Zarig.mn сайт болон сэтгүүлчдийг заналхийлсэн.

Сэтгүүлч У.Оргилмаа:

Ё.Отгонбаяр над руу ална гэж бичсэн. Энгийн иргэн биш төрийн өндөр алба хашиж байсан хүн ийм үйлдэл гаргах нь ёс зүйгүй юм. Мөн энэ талаар эрүүгийн цагдаад хандсан. Өнөөдөр өглөө надаас уучлал гуйсан. Гэхдээ энэ асуудал бид хоёрын асуудлаас хальсан. Энэ заналхийлэл дээр бид дугарахгүй бол дараагийн сэтгүүлчдэд ямар дарамт ирэхийг мэдэхгүй байна. Тэр хүний тухай ямар ч сөрөг зүйл бичээгүй байхдаа ийм заналхийлэлд өртөж байхад хариуцлага тооцох шаардлагатай.

Сэтгүүлч:

Сэтгүүлчийг айлгах, заналхийлэх замаар хэвлэлийн эрх чөлөөг боомилох үйлдэл гэж үзэж байна. Хэвлэлийн эрх чөлөөгөө хамгаалахын тулд бид дуу нэгтэй, амь нэгтэй байх хэрэгтэй. Хэвлэлийн эрх чөлөө нь зөвхөн сэтгүүлч бус олон нийтэд хамааралтай ойлголт юм. Хэвлэлийн эрх чөлөө байж ардчилал оршдог.

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу:

Сүүлийн үед хэн нэгнийг ил цагаар заналхийлдэг болсон. Одоо төрийн сайд нь заналхийлж байна. Төрийн эрх мэдэл нэг талдаа төвлөрөхөөр муу тал нь эрх мэдлээ нийгэм рүү ашиглаж эхэлж байна. Хөгжлийн банканд 1.3 их наяд төгрөгийн чанаргүй зээл бий. Одоо шүүхэд хандсан нь 800 тэрбум төгрөг. Дахиад 500 тэрбум төгрөг нь дэлгэгдэнэ. Тэрийг ярьсан болгоныг заналхийлэх юм уу? Дахиад олон хэргийг дэлгэнэ. Тэр бүрдээр сэтгүүлчдийнхээ амийг алдчихмааргүй байна. Одоо холбогдох хүмүүст нь хариуцлага тооцох хэрэгтэй Ерөнхий сайд аа.

Сэтгүүлч Г.Мөнхтуул:

Энэ хэрэг зөвхөн Ё.Отгонбаяр гэсэн хүнтэй холбоотой биш. Сэтгүүлчдийг заналхийлсэн тохиолдлууд өмнө олон байсан. Тэр бүр ил гардаггүй байсан. Бид заналхийлүүлээд зүгээр суугаад байхгүй. Одоо байгаа хэвлэлийн эрх чөлөөгөө хумимааргүй байна. Бусад төрийн өндөр албан тушаалтнууд Ё.Отгонбаярын алдаанаас суралцах хэрэгтэй байх.

Сэтгүүлч Б.Ууганбаяр:

Олон сэтгүүлчид ил гараагүй баримт зөндөө бий. Мөн шүүх, хуулиар далайлгадаг тохиолдлууд бий. Сэтгүүлчид нэгдэж өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах цаг иржээ. Бид бусдын эрх ашгийн төлөө байнга ажилладаг. Хэвлэн нийтлэх эрх чөлөөг эрүүгийн хуулиар хамгаалсан.