Бид технологиос хамааралтай эрин үед амьдарч байна. Технологи нь цаг хугацааг хэмнэх, амьдралын үйлдэл бүрийг илүү хурдан, илүү үр дүнтэй болгох боломжийг бидэнд олгодог.

Тиймээс ч Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааныхаа  хөтөлбөрт “Цахим үндэстэн” болох зорилтыг тавиад буй. Тэгвэл хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэл Улаанбаатар хотын хувьд тулгамддаг бүхий л асуудлаа цахим технологийг ашиглан цэгцлэх ажлаа эхлээд байна. Дэлхийн хотууд иргэдийнхээ оролцоог хангах, авлига, хүнд суртлыг бууруулах гээд их хотод тулгардаг бүхий л  асуудлыг мэдээллийн технологийн тусламжтайгаар шийдэж эхэллээ. Жишээлбэл, хойд хөршийн Москва хот төрийн үйлчилгээ, түгжрэл, авлига, хүнд суртал гээд хот бүхэнд тулгамддаг асуудлаа мэдээллийн технологийн тусламжтайгаар цэгцэлж эхэлжээ.

Тэгвэл Улаанбаатар хотын тухайд онцлогтоо тохируулсан ухаалаг системийг ямар хувилбараар, ямар арга аргачлалаар хэрэгжүүлж эхэлж байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Гарцаагүй хийх ажлын нэг бол Улаанбаатар хотыг цахимжуулах юм. Технологи хурдацтай хөгжиж, технологийн эрин зуун ирчихээд байна. Дэлхийн бүх хот ухаалаг технологийн программ хэрэгжүүлж, хүний хүчин зүйлээс хамаарахгүй тогтолцоо руу орчихлоо. Хөгжлийг урт хугацаагаар нь харах ёстой. Улаанбаатар хот хэдий чинээ богино хугацаанд технологийн шинэчлэл  хийж чадна, тэр хэмжээгээр Монгол Улсын төрийн захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбоо нээлттэй, ил тод явагдаж, төрийн хүнд суртлыг багасгах,  авлигын индексийг бууруулах, цаг хугацаа, зардлыг хэмнэнэ.

Ухаалаг удирдлагын систем маш олон давуу талыг авчирна. Тиймээс технологийн шийдлийг хурдтай хийх ёстой.  Улаанбаатар Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь нийслэлдээ амьдарч байгаа том хот боловч дэлхийн түвшинд аваачиж харвал жижиг хот учир хөрвөх чадвартай, шилжилтийг хурдан хийх боломжтой юм. Сая Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр хотыг бүрэн цахимжуулах, камержуулж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлыг ярилцсан.

Авто зам, хөнгөн галт тэрэгний тойрог замын болоод бусад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төдийгүй хүнд суртал, авлигыг бууруулах үндсэн зорилгын малгай нь “Ухаалаг Улаанбаатар” дижитал шилжилт юм. Цахим шилжилтийг хийснээр авлигын индекс буурч, олон улсын түвшинд Монгол Улсын нэр хүнд сэргэнэ” хэмээсэн юм.

Ухаалаг систем төрийн албанд шинэчлэл авчраад зогсохгүй зардал, цаг хугацааг хэмнэж байгаа

Улаанбаатар хот цахим шилжилтийн “Нэг тархи нэгдсэн систем” төслийг 2024 оныг хүртэлх хугацаанд хэрэгжүүлж буй. Энэхүү системийн талаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзоригтой ярилцлаа.

-“Нэг тархи нэгдсэн систем”-ийн талаар танилцуулахгүй юу. Энэ систем нэвтэрснээр ямар үр дүн гарах вэ?

-Нийслэлийн 1.6 сая иргэн, бизнес эрхлэгчид болоод төрийн байгууллагуудын харилцаа холбоог нэг системд оруулж, нэг мэдээллийн системтэй болгосноор төвөггүй, ойлгомжтой болох юм гэсэн концепцийг үндэслээд “Нэг тархи нэгдсэн систем”-ийг хэрэгжүүлж байгаа. Энэ систем нь таван үндсэн зорилттой. Үүнд:

  • Авлига, хүнд суртлыг бууруулах, бизнесийн орчныг сайжруулах
  • Замын хөдөлгөөний хяналт, удирдлагыг сайжруулж, ачааллыг бууруулах
  • Иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрийн албан хаагчийн хариуцлага, цахим соёлыг дээшлүүлэх
  • Худалдан авалт, бүтээн байгуулалтын ажлын ил тод байдлыг нэмэгдүүлэх
  • Иргэдийн тав, тухтай, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх

Энэ бүгдийг гурван бүлэгт багтаан хэрэгжүүлэх юм. Цахим засаглал, зам тээвэр, аюулгүй хот гэсэн гурван бүлгийн хүрээнд 12 дэд төсөл, 27 арга хэмжээг  2024 он хүртэлх хугацаанд нэвтрүүлнэ.

-Гурван бүлгээс зам тээврийг онцлоод, жишээ татаж тайлбарлахгүй юу

-Зам тээврийн харилцаанд хүн бүр оролцдог. Маш их асуудал өрнөдөг. Машинаа унаад өглөө гэрээсээ гарахаас эхлээд гэрлэн дохиогоор зорчих, түгжрэлд орох, зарим нь зөрчил гаргаж, зарим нь зохиомол түгжрэл үүсгэх гэхчлэн олон төрлийн харилцаанд орж байдаг. Бид хамгийн түрүүнд Улаанбаатар хотын хамгийн ачаалал ихтэй 10 уулзварт хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухаанд суурилсан камерын ухаалаг системийг нэвтрүүлнэ. Ингэснээр гэмт хэрэг, зөрчил багасна, замын хөдөлгөөнд оролцогчдын соёл дээшилнэ, мөргөлдсөн шүргэлцсэнээс үүдэлтэй цаг хугацаа алдах, зам дээр түгжрэл үүсгэх  байдал арилна.

Бүрэн тоноглосон камер суулгаснаар тэрхүү камерын бичлэг байгаа тохиолдолд цагдаа, зохицуулагч дуудах шаардлагагүйгээр нотлох баримт болох юм. Цагдаа, даатгал гээд бүгдэд бичлэг нотлох баримт болох учир хүн бэртэж гэмтээгүй л бол зам дээр цагдаа, даатгал хүлээж зогсох шаардлагагүй болно. Нийслэл хотын хэмжээнд өдөрт замын цагдаагийн 250 албан хаагч ажиллаж байгаа. Нэг албан хаагчид 1,750 тээврийн хэрэгсэл ноогддог. Түүнчлэн жолооч нарт зориулсан “Smart car” системийг  ажиллуулж эхэлсэн. Одоогоор 200 мянган иргэн энэхүү системийг ашиглаж байна. Цаашид зам дээрх ачаалал, аль зам засвартай байгаа талаар гэхчлэн замын талаарх бүхий л мэдээллийг уг системээс авах боломжтой болно.

-“Ухаалаг Улаанбаатар” төслийн хүрээнд амжилттай хэрэгжүүлсэн бас нэг систем нь “UB erp” систем. Төрийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн энэхүү системийг ашиглан нийслэлийн харьяа газар, алба, агентлагуудын албан хаагчид албан бичиг, үүрэг даалгавар, өргөдөл гомдол, хурал, уулзалт, сургалт, судалгаа, цаг бүртгэл гэх мэт өдөр тутмын үндсэн үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү системийн үр дүнг хэрхэн үнэлж байна вэ?

-“UB erp” системд нийслэлийн 1,100 гаруй байгууллага нэгдээд байна. 204 хороо, нийслэлийн хэмжээний бүх сургууль, цэцэрлэг, нийслэлийн нутгийн захиргааны 35 агентлаг, төсөвт үйлдвэрийн газрууд гэхчлэн 1,100 гаруй байгууллагын 35 мянга гаруй албан хаагч  иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж байгаа. Тэгэхээр “UB erp” системд энэ бүх албан хаагч багтаж, мэдээлэл солилцож, албан тоот, үүрэг даалгавраа цахимаар өгч авч, цахим орчинд ажиллаж байна гэсэн үг. Яг одоо л гэхэд 3,126 албан хаагч онлайн байна.

Өдөрт дунджаар 1,800 гаруй өргөдөл, гомдол нийслэлд хаяглагдан ирж, төрийн байгууллагынхан шийдвэрлэдэг. Тэгэхээр өөрт хамааралтай өргөдөл гомдол, шат шатны үүрэг даалгаврыг энэ системээс авч байдаг. Нийслэл дотооддоо маш хурдтай ажилладаг. Байнга хурал зарлаж, асуудлыг шийдвэрлэж дуусгадаг онцлогтой. Энэ систем төрийн албанд шинэчлэл авчраад зогсохгүй зардал, цаг хугацааг хэмнэж  байгаа.

-Хотын дарга 2022 оны эхнээс нийслэл хотод 74 төрлийн үйл ажиллагаа эрхлэхэд зөвшөөрөл авахгүйгээр ажиллах боломжийг иргэд, аж ахуйн нэгжид олгосон. Энэхүү үйлчилгээний тухайд юу хэлэх вэ?

-74 төрлийн үйл ажиллагаа эрхлэхийн тулд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд маань онлайнаар бүргүүлж, бүртгэлийн хуудас авч байгаа. Www.ulaanbaatar.mn  сайтын Үйлчилгээ эрхлэх бүртгэл хэсэгт ороод QR код бүхий бүртгэлийн хуудсыг хэвлээд авчихна. Энэ QR код нь цаашдаа байгууллагуудын үүдэнд байрших бөгөөд асуудал үүссэн үед тэрхүү кодыг ашиглан иргэд гомдол, мэдээлэл өгдөг болох юм. Хэрэвзээ ийм гомдол, санал ирээгүй бол тухайн газарт хяналт шалгалт хийх шаардлагагүй гэсэн үг. Төрийн хяналт шалгалтыг цахимжуулж байгаа хэлбэр юм.

Цахим шилжилт хийх технологийн бааз суурь өнгөрсөн жилүүдэд амжилттай тавигдсан. Улаанбаатар хотыг ухаалаг, дижитал болгох зорилт  2024 он хүртэл амжилттай хэрэгжиж, хотод тулгамддаг олон асуудал дэлхийн хотуудын жишгээр шийдэгдэнэ гэсэн хүлээлт байна. Цахим системийг нэвтрүүлж, цахим засаглалыг нутагшуулж, цахим үндэстэн болсноор авлига, хүнд суртлыг бууруулж, нийтээрээ хөгжиж, хамтаараа хожих боломж бүрдэх аж.