Коронавирусийн эсрэг дархлаажуулалт эхлээд жилийн хугацаа өнгөрчээ.

Тодруулбал, дэлхий нийтийг хамарсан коронавируст COVID-19 өвчний эсрэг вакцины анхны тунг манай улсаас 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тариулснаар дархлаажуулалтын ажил албан ёсоор эхэлж байв.

Харин өнөөдрийн байдлаар хүн амын 69.8 хувь нь вакцины нэгдүгээр тунд хамрагдсан бол 68.7 хувь нь хоёр дахь тунг хийлгээд байна.

"Энэ нь 12 ба түүнээс дээш насныхны 92 хувь вакцины бүрэн тунд хамрагдсан гэсэн үг бөгөөд 18 ба түүнээс дээш насныхны 53 хувь нь вакцины тунд хамрагдаад байгаа" гэдгийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Ташрамд дурдахад, манай улсад коронавируст халдварын оргил үе буурсан гэж үзсэн тул Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг буюу цар тахлын үеийн хязгаарлалтын бүх арга хэмжээг цуцлан, агаарын хилээ бүрэн нээгээд буй.

 

Гэхдээ халдварын эрсдэл огт байхгүй боллоо гэсэн үг биш тул вакцинд хамрагдах, маск зүүх, хүн хоорондын зай барих дэглэмээ мөрдөхийг мэргэжлийн байгууллагаас сануулж байгаа билээ.