Украин улсад байгаа монгол иргэдийг татаж авахтай холбоотойгоор мэдээлэл хийх үеэрээ ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Украинд байгаа оюутнууд өмнө нь ирье гэсэн хүсэлтийг удаа дараа тавьсан ч дайн болох гэж байгааг нотол гэх байдлаар хойрго хандсан талаар оюутнууд мэдээлж байгаа. Энэ асуудалд тайлбар хэлэхгүй юу?

- Бид сар орчмын өмнөөс л нөхцөл байдал эвгүй болж болзошгүй гэдэг үүднээс тэнд байгаа оюутнуудынхаа бүх мэдээллийг цуглуулаад Элчин сайдын яамнаас холбогдож эхэлсэн.

Ингээд бид нөхцөл байдал гайгүй, нислэг хэвийн байгаа дээр эх орондоо ирэх зөвлөмжийг өгч байсан.

10 орчим хоногийн өмнө цахимаар холбогдох үеэр зарим оюутан дайн яг хэзээ болох талаар асуухад нь бид “Дайн болж болзошгүй гэж үзэж байгаа болохоос яг маргааш нөгөөдөр дайн болно гэсэн тодорхой мэдээлэл байхгүй” гэдгийг хэлж байв.

Үүнийг зарим оюутан буруу ойлгосон байж болзошгүй гэж бодож байна.

- Украинд сурч байгаа оюутнууд руу монгол хүн утастаж, Засгийн газраасаа бичиг авчирсан талаар мэдээлэлд тайлбар хэлэх боломжтой юу?

- Сар орчмын өмнөөс өгсөн зөвлөмжийн дагуу тэнд сурч байсан 60 гаруй оюутнаас 40 гаруй нь эх орондоо ирчихсэн байна. Харин одоо тэнд байгаа 30 орчим оюутантай өнгөрсөн Мягмар гарагийн орой Гадаад харилцааны дэд сайд цахим уулзалт хийсэн. Энэ үеэр тэдний зардлыг дааж, эх орондоо ирэхийг хүссэн юм.

Харин оюутнуудын зүгээс дийлэнх нь төгсөх курсийн болон хэлний бэлтгэлийнх тул хэрэв хичээлийн жилийнхээ дундуур Монгол руугаа буцвал төгсгөхгүй эсвэл ирэх жил нэгдүгээр курст оруулахгүй гэсэн шаардлагыг цаанаас нь тавьж байгаа тухай хэлж, энэ тал дээр туслалцаа үзүүлэхийг хүссэн.

Иймд бид тухайн бичгийг явуулахаар ажиллаж байтал гэнэт дайн эхэлж, энэ асуудал түр хугацаагаар зогссон.

Бидний сүүлд авсан мэдээллээр, тэнд оршин суудаг монгол эмэгтэй монгол оюутнуудын сурдаг сургуулиуд руу утсаар холбогдож, “Монгол оюутнуудыг буцаахгүй байх хэрэгтэй. Хэрэв буцна гэж зүтгэвэл заавал Засгийн газраасаа бичиг авчрах шаардлага тавиарай” гэж хэлсэн гэсэн мэдээлэл байна.

Тухайн эмэгтэй ямар зорилгоор ийм асуудал ярьсныг бид сайн мэдэхгүй байна. Түүний ярьсан асуудлаас болж цөөн хэдэн оюутан нутаг буцах шийдвэрээ гаргаж чадахгүй, хүндрэл учирсан асуудал гарсан.

Украинд суралцдаг манай оюутнуудын дийлэнх нь Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг. Харин тус эмэгтэйгийн хувьд, Украинд байнга оршин суудаг, Монгол Улсын иргэн бөгөөд хувийн журмаар суралцах оюутнуудыг Украины сургуулиудад жуучилдаг үйл ажиллагаа явуулдаг байж магадгүй гэсэн мэдээллийг бидэнд иргэдийн зүгээс өгч байна. Нарийн мэдээллийг нягтлан судалж байна.