Иргэдийн өдөр тутмын зайлшгүй хэрэглээний нэг бол ариун цэврийн цаас байдаг. Ариун цэврийн цаасыг суултуурт хийж урсгах нь зохимжтой эсэх талаар Хөгжил трейд ХХК-ийн Борлуулалт түгээлтийн албаны дарга Р.Отгонцэцэгээс тодрууллаа.

-Ариун цэврийн цаас бол бидний өдөр тутмын энгийн хэрэглээ. Харин одоо зарим иргэн хэрэглэсэн цаасаа шууд суултууртаа урсгаж хэвшсэн байдаг  Ингэж хаях нь хэр зохимжтой вэ?

-Одоогоор монголчуудын хэрэглээнд усанд уусдаггүй цаас нь түгээмэл байна. Тиймээс хэрэглэсэн ариун цэврийн цаасаа усанд урсгаж хаях нь зохимжгүй. Энэ нь Төв цэвэрлэх байгууламжид ачаалал үүсгэх эрсдэлтэй. Одоогийн байдлаар монголчууд хэрэглээндээ тохируулж,  хогийн саванд хаях нь хамгийн зохистой.

Ерөнхийдөө энэ хэрэглээ нь ариун цэврийн цаас шууд задрах уу, үгүй юу гэдгээс шууд хамаарна. Жишээлбэл, Япон улсад 100 хувь уусдаг ариун цэврийн цаас үйлдвэрлэдэг. Гэтэл тэдний хэрэглэдэг ариун цэврийн цаас нь манай зах зээлд тохиромжгүй байгаа юм. Яагаад гэвэл, монголчууд аль болох бат бөх, амархан цоордоггүй цаасыг чанартай гэж үздэг.

Гэтэл усанд задарч, уусдаг байгальд ээлтэй ариун цэврийн цаас нь манайхны хувьд амархан цоордог, хэт нимгэн, чанар муутай гэх ангилалд багтах магадлалтай. Тэгэхээр япончуудын хэрэглэж буй ариун цэврийн цаасыг Монголын зах зээлд гаргана гэвэл, хэрэглэгчдийн хүлээлтэд нийцэхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хамгийн муу ариун цэврийн цаас болох магадлалтай.

- Бид усанд уусаж задардаггүй, бат бөх ариун цэврийн цаасыг өргөн хэрэглээндээ ашиглаж байгаа гэсэн үг үү. Тиймээс ч хэрэглэсэн цаасаа суултууртаа хаяж болохгүй байх нь ээ?

-Тийм ээ. Манай улсад өргөн хэрэглэж буй ариун цэврийн цаас MNS 42731995 стандарттай. Энэ стандартад уусах чадвар биш, ус шингээх чадварыг тусгасан байдаг.

Өнөөдрийн байдлаар монголчууд задардаг ариун цэврийн цаас үйлдвэрлэж чадахгүй байгаа. Түүнчлэн задардаг уу, үгүй юу гэх онцлогоос нь хамаарч бусад гаднын орноос ариун цэврийн цаас оруулж ирдэггүй.

Хамгийн гол нь хэрэглэгчид ариун цэврийн цаасыг яаж хэрэглэх вэ гэхээс илүү хэр урт, хэр зузаан байна гэдгийг л анхаардаг. Хэрэглэгчдийн хүсэлт ийм байгаа. Гэхдээ хог хаягдлыг бууруулахын тулд задардаг ариун цэврийн цаас хэрэглэх нь зүйтэй.

- Ариун цэврийн цаасны тэмдэг тэмдэглэгээг харж, задрах эсэхийг нь мэдэж болох уу?

- Үүнд нарийн стандарт байхгүй. Олон улсын сав баглаа боодлын стандартад ариун цэврийн цаас задрах уу, үгүй юу гэх мэтчилэн түгээмэл шинж тэмдгүүд байгаа. Үүнийг ариун цэврийн цаасны шошго дээр тавьж болно л доо. Бидний хэрэглэж буй ариун цэврийн цаасны гадна тэмдэглэгээ байдаггүй гэсэн үг.