Төв талбайд өнөөдөр болсон "No War" жагсаалыг хэсэг бүлэг хүн үймүүлэв.

Энх тайвныг уриалсан уг тайван жагсаалд оролцогчид ОХУ эсвэл Украин гэх хоёр улсын аль нэг талыг баримтлаагүй, гагцхүү даян дэлхий энх амгалан байхыг уриалсан жагсаал улс орон бүрд болж байгаа тул үүнд нэгдсэн гэдгээ илэрхийлж байсан юм.

Болсон үйл явдлын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Тус жагсаал дээр хэсэг залуусын хооронд үзэл бодлын зөрчилдөөн болж,  маргалдахад нь л цагдаагийн алба хаагчид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, намжаасан.

Цагдаагийн байгууллага иргэдийн үзэл бодлоо илэрхийлэхэд хүндэтгэлтэй ханддаг. Гэхдээ гол нь хоорондоо маргалдаж байсан уг үйл явдалд зохицуулах арга хэмжээ авсан.

Ер нь цагдаагийн алба хаагчид нийгмийн хэв журам зөрчигдөж, эмх замбараагүй байдал үүссэн үед ямар ч газар зохицуулах үүрэгтэй" хэмээн хэллээ.

Харин "No War" жагсаалыг зохион байгуулагч Д.Монголхүү "Бид хуулийн дагуу Сүхбаатар дүүрэгт тайван жагсаал зохион байгуулах мэдэгдлээ хүргүүлсэн. Түрүүн хэсэг хүмүүс ирж, үймээн дэгдээхэд нь цагдаагийн алба хаагчид үүргийнхээ дагуу нийгмийн хэв журмыг сахиулах арга хэмжээ авсан. Жагсаал одоо үргэлжилж байна" гэлээ.

Жагсаал, цуглааны тухай хуулийн 13 дугаар зүйлд:

  1. Нийгмийн хэв журам хамгаалах үүрэг бүхий байгууллага нь энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулагдаж байгаа жагсаал, цуглааны үед хэв журам хамгаалж, түүнд оролцогчдыг аливаа гэмт халдлагаас хамгаалах үүрэгтэй.
  2. Жагсаал, цуглааны явцад хэв журам хамгаалах нэмэгдэл арга хэмжээ шаардлагатай бол зохион байгуулагч нь энэ тухай хүсэлтээ цагдаагийн байгууллагад гаргана хэмээн тус тус заажээ.