Сураггүй алга болсон эмэгтэй гаднын нөлөөтэй нас барсан байдалтай олджээ.

Тодруулбал, өнгөрсөн Бямба гарагт буюу гуравдугаар сарын 12-ны өдрийн 16:30 цагийн үед Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Эмэгтэй хүн нас барсан байдалтай байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Мэдээллийг Булган аймаг дахь цагдаагийн газраас шалгахад 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... тоот оршин суух хаягаасаа сураггүй алга болж Орхон аймаг дахь цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байсан 24 настай, эмэгтэй нь гаднын нөлөөтэй амь насаа алдсан болох нь тогтоогдсон байна.

Мөн Орхон аймаг дахь цагдаагийн газраас иргэний алга болсон асуудалд 52 настай, эрэгтэйг холбогдуулан шалгаж байх хугацаанд хоёрдугаар сарын 19-ний өдөр өөрийнхөө амь насыг хохироосон байдалтай олджээ.

Одоогоор дээрх хэргүүдэд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа тухай ЦЕГ-аас мэдээллээ.