Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг орон нутагт гарчээ. 

Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Сийрст багийн “Бор гүвээ” гэдэг газарт ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж нэг хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 21-ний өдрийн 20:12 цагт онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан байна. 

Тус газарт аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 10 км зам туулан 20:32 цагт очжээ.

Нүүрс ачин Говьсүмбэр аймгийн чиглэлд зорчиж явсан жолооч Э-гийн “ND-4250” загварын зүтгүүрийн араас Цогтцэций сумын чиглэлд зорчиж явсан тус сумын Цагаан-Овоо багийн харьяат иргэн /эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ ий жолоодож явсан “Аллён” загварын суудлын автомашин мөргөж, жолооч нь нас барсан тул цогцсыг  Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.