Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцууллаа. 

 

УИХ-ын 103 дугаар тогтоол буюу Оюу толгойн ордоос Монгол Улсын  хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг шинэчлэн байгуулжээ.

Тодруулбал, Оюу толгойн ордын хөрөнгө оруулагч нартай Засгийн газрын хийсэн хэлэлцээг бодит ажил хэрэг болгох, хэрэгжилтийг хангах зорилгоор ажлын хэсгийг байгуулсан байна. Уг ажлын хэсэгт

  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
  • Сангийн сайд Б.Жавхлан
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд ББат-Эрдэнэ
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон
  • Эрчим хүчний сайд Н.Тавинбэх
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо
  • "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат
  • ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нар ажлын хэсэгт багтжээ.

 

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Тэрээр барилгын материалын үнийн өсөлт, тээврийн зардал, цалингийн асуудлаас болж Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний зардал мөн дагаад өссөн бөгөөд нийт 524 төсөлд 270 тэрбум төгрөгийг нэмж төлөх шаардлага гараад байгаа талаар мэдээллээ. 

Сайд Б.Мөнхбаатар: 

"Барилгын хөгжлийн төв, Эрчим хүчний хөгжлийн төв, Зам, тээврийн хөгжлийн төвтэй хамтраад 851 төсөл арга хэмжээг нэгтгээд өнөө өглөөний 3 цагийн байдлаар бид эцэслэж дүгнэлт гаргасан. Ажлаа сайн хийсэн, хийгээгүй төсөл бүрийн төслийг дүгнэлээ. Нийт 851 төсөл арга хэмжээнээс 524 төсөл арга хэмжээнд бид магадлал хийсэн. 327 нь магадлалаа ирүүлээгүй. 

Нийт 524 төсөл, арга хэмжээнд магадлал хийхэд 269.1 тэрбум төгрөгийн үнийн зөрүү гарч ирлээ. Үүнийг бид ЗГ-т танилцуулаад УИХ-д өргөн барина. Бид улсын төсөвт 270 тэрбум төгрөгийг суулгах асуудлыг ярьж эхэлнэ. Мэдээж төсөв эцэслэн шийдэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал.

Зарим барилгын компаниуд тээвэр, цалингийн асуудлыг та бүхэн бодохгүй байна гэдэг. Төрд мөнгөний боломж байдаг бол бүгдийг нь шийдээд өгөхийг хичээнэ. Гэхдээ бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй. Энэ үнийн өсөлт дотор тээврийн зардал шингэсэн. Барилгын материалын үнийн өсөлт  гэх мэт давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл төрд ч, хувийн хэвшилд ч байгаа. Жишээ болгоод зарим компанийн үнийн өсөлтийн мэдээллийг хүргэе. 

  • Сант-Өндөр компани- Соёмбо цэцэрлэгт хүрээлэн барих төсөл- 1.9 тэрбум төгрөг байсан бол одоо 460 сая төгрөгөөр өссөн
  • Цагаан Бөлбөө компани-Спорт барилга 1.6 тэрбум төгрөг байсан бол одоо 554 сая төгрөгөөр өссөн
  • Булган аймгийн Бугат суманд -Соёлын төв барих төсөл- 1.9 тэрбум төгрөг байсан бол 186 сая төгрөгөөр өссөн. 

Ажил бүр харилцан адилгүй, гүйцэтгэлүүд янз бүр байгаа. Зарим нэг компаниуд үүнийг ашиглаад үнийн дүнгээ өсгөж оруулж байсныг нуугаад яах вэ" гэлээ. 

Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат удирдлагатай тээврийн туршилтыг долдугаар сарын 5-ны дотор эхлүүлэхийг Ерөнхий сайд өнөөдөр холбогдох хүмүүст үүрэг болгожээ.

Автомат удирдлагатай тээвэрлэлтийг хийснээр тус боомтод нүүрсний экспорт урьдчилсан байдлаар 10 саяар нэмэгдэх тооцоололтой байгаа аж. 

Цаашид автомат удирдлагатай тээврийг Шивээхүрэн-Сэхээ болон Хангимандал боомтуудад хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Мөн "Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байгаа энэ үед манай улс нүүрсний экспортыг богино хугацаанд яаралтай нэмэгдүүлэх шаардлага бий. Иймд автомат удирдлагатай нэмэлт тээвэрлэлт нь нэгэн шинэ гарц болж байна" хэмээн Засгийн Газрын Хэвлэл Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Газрын ажилтан У.Бямбагэрэл хэллээ