Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Удирдах ажилтнуудын анхаарлаа хандуулсан асуудлын нэг нь иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал гомдол байв.

Энэ талаарх мэдээллийг НЗДТГ-ын Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат “Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудад хаягласан 52,263 өргөдөл гомдол иргэдээс ирсэн байна. Үүнээс гомдол 17,669 байна. Өнгөрсөн хоёр жилтэй харьцуулбал энэ нь хоёр дахин нэмэгдсэн дүн. Энэ нь Ковид-19 цар тахлын жилүүдийг үдэж, ажил амьдрал жигдэрсэн тул иргэдийн идэвх ч сэргэсэн гэж үзэж болохоор байгаа юм.

Өргөдөл гомдлын дийлэнх нь хот барилга байгууламж, эрүүл мэнд, гудамж талбайн тохижилт, инженерийн байгууламжийн үйл ажиллагаа, авто зам, боловсрол, газрын харилцаа зэрэг найман салбартай холбоотой байна.

Гудамж талбайн тохижилт, үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал өмнөх жилээс 2.5 дахин өссөн бол газрын харилцаатай холбоотой гомдол гурав дахин, боловсролын салбартай холбоотой гомдол тав дахин өссөн үзүүлэлттэй байна” гэсэн юм.

Иргэдээс ирсэн гомдол саналын давтамжаас харахад ОСНААУГ, УСУГ, Хот тохижилтын газруудын үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол зонхилжээ. Нийт гомдлын тоо хоёр дахин өссөн ч шийдвэрлэлт харьцангуй сайжирсныг мөн үеэр онцолж байлаа. Тиймээс цаашид өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах чиглэлээр байгууллагууд санаачилгатай ажиллах, шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлийг тодорхой бичиж хэвших, байгууллага бүр боломжийн хүрээнд өргөдөл гомдлыг шуурхай, бүрэн барагдуулж шийдвэрлэж заншихын чухлыг санууллаа.

Жил бүрийн ес, аравдугаар сард иргэд авто замын түгжрэл, тээврийн хэрэгслийг ачиж тээвэрлэж буй байдал, сайжруулсан шахмал түлшний чанар, боловсролын байгууллагын үйлчилгээтэй холбоотой санал гомдлыг олноор ирүүлдэг байна.

Хүйтэн сэрүүний улирал эхэлж буйтай холбоотой орон сууцны халаалт, дулаан, халуун ус тасалдал байгааг онцлон мэдээлдэг тул мэргэжлийн байгууллагууд энэ чиглэлд анхаарлаа хандуулах нь зүйтэй хэмээн өгүүллээ. 

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өгөв.

  • Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлтэд удаашралтай байгаа арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд инженерийн шугам сүлжээний ажлуудаа төлөвлөсөн график хугацаанд чанартай дуусгах, есдүгээр сарын 15-аас эхлэн айл өрх, сургууль, цэцэрлэгийн халаалт өгөх
  • Авто замын засвар, шинэчлэл, тохижилтын ажлуудыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд багтаан чанартай гүйцэтгэж дуусгах
  • Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засвар шинэчлэлийн ажлуудыг эрчимжүүлж дуусгах
  • Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл болон нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлаа эрчимжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, автобусыг тогтмол цэвэрлэж, угаах
  • Сайжруулсан түлшний нөөцөө сайтар бүрдүүлэх, түлшний чанарт онцгой анхаарч, агуулахаа нэмэгдүүлэн, борлуулалтын цэг байгуулах ажлыг эрчимжүүлэн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах
  • Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж, шийдвэрийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлж, бүх шатанд төсөв санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх
  • Орлого төвлөрүүлэгч байгууллагууд орлогын тасалдлыг нөхөж, төсвийн орлогын гүйцэтгэлийг хангах
  • Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн үйл ажиллагаанд шаардлагатай мэдээ, мэдээлэл, судалгаа, тоо баримт, танилцуулгыг шуурхай гарган өгч, бодлого, төлөвлөлтийн хүрээнд хамтран ажиллах
  • Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд хариу өгөх
  • Цахим төслийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээг эрчимжүүлэх.