Нийгмийн даатгалын ерөнхий газрын системийн удаашралаас үүдэж, шимтгэл төлөгч иргэд хохирч байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тухайлбал, "А" байгууллагын ажилчдын есдүгээр сард төлсөн НДШ арваннэгдүгээр сарын эхний 10 хоногт багтаж "Төлсөн" гэсэн төлөвт шилжихгүй байгаагаас шимтгэл төлөгчдөд зээл авах, гадагшаа явах болон бусад нийгмийн халамжийн үйлчилгээ авахад хүндрэл учирч байгаа асуудлаар хэд, хэдэн байгууллага манай редакцад хандсан юм.

Уг асуудалтай холбоотойгоор бид НДЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсүхээс тодрууллаа.

- Байгууллагууд ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг 1, 2 өдрөөр хоцроосон ч төлдөг. Гэсэн хэдий ч энэ нь дараагийн сар хүртэл "Төлсөн" төлөвт ордоггүй. Энэ байдал нь даатгуулагчдад маш олон талаар хүндрэл учруулж байна. Үүнд тайлбар өгнө үү?

- Бид гарсан мэдээллийг харсан. Нийгмийн даатгалын тухай хуулиар тухайн сарын сүүлийн өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тухайн сарынхаа тайланг дараа сарын 5-ны дотор илгээх тухай заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, тухайн сардаа эсвэл ирэх сарын 5-наас өмнө тайлангаа илгээж, НДШ-ээ төлөх нь тухайн ажил олгогчдын үүрэг гэсэн үг. Гэхдээ амьдрал дээр зарим байгууллага тайлангаа хоцроох эсвэл тухайн сардаа багтан шимтгэлээ төлж чадахгүй асуудал цөөнгүй гардаг.

Харин бид тухайн сарын сүүлийн өдрөө шимтгэл төлөлтийг дуусгавар болгоод санхүүгийн тайлангаа гаргасныг нэгтгээд сард нэг удаа мэдээлэл гаргаж, холбогдох дээд байгууллагадаа өгөөд явдаг. Энэ үйлдэл нь хуулийн хугацаагаа дуусгаад нэг л удаа хийгддэг учраас дээрх асуудал гардаг нь үнэн. Гэхдээ бүх байгууллагын шимтгэл төлөлт "Төлсөн" төлөвт шилжихгүй ингэж хохироод байгаа юм биш.

Тухайлбал, худалдан авах ажиллагааны байгууллагуудад бид мэдээлэл технологийн төвөөс тусгай эрх олгосон. Тухайн цаг үедээ шимтгэлээ төлөөгүй байгууллага дараа нь нөхөж төлсөн эсэхийг хянаж шалгадаг байх эрх өгсөн гэсэн үг. Энэ байдлаар нэг, хоёр байгууллагад эрх өгөөд явж байгаа зүйл ч бий.

Бидний мөрдөж байгаа программ, бодит нөхцөл байдлаас үл шалтгаалан тухайн сарын тайлан мэдээллийг хэзээ гаргах вэ гэдэг нь хуулийн хугацаатай. Уг хугацаанд байгууллагууд тайлангаа өгөөгүйгээс болоод дараа сар руугаа шилжсэн, үүний улмаас даатгуулагч хохироод байгаа асуудал гарч байна. Энэ нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын цэвэр системийн алдаа биш. Энэ бол тухайн хуульд заасан хугацаандаа өгөөгүйгээс үүсэж байгаа эрсдэл гэдгийг ойлгох хэрэгтэй.

Гэхдээ бид шүүмжлэлийг хүлээж авч, энэ асуудлаар өнөөдөр хуралдсан. Гол нь программын түвшинд бүх байгууллагын шимтгэл төлөлт хоцроогүй гэдгийг дахин хэлье.

Тодруулбал, Хаан Банк болон Төрийн банк тухайн шимтгэлээ төлдөг байгууллагад ийм асуудал үүсдэггүй. Учир нь тухайн хоёр банк болон манай мэдээлэл технологийн төвтэй хамтын ажиллагааны хүрээнд НДШ төлөлтийн шууд орлого буюу "Шимтгэлээ төлсөн" гэх тухайн өдрийн гүйлгээний мэдээлэл нь НДЕГ-ын орлогын нягтлан бодогчоос үл хамааран, орлогын байцаагчид шууд очдог. 

Ингэснээр манай байцаагч нар төлөвийг шинэчлэх үйлдэл хийх боломжтой болж, тухайн шимтгэл төлөгчийн мэдээлэл 24-48 цагийн дараа "Төлсөн" төлөвт шилжээд явж байгаа.

Үүнийг бусад банкаар нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг байгууллагуудад ч нэвтрүүлэхээр хүсэлт гаргахаар болсон. Ингэснээр НДШ-ээ хоцроож төлсөн ч дараагийн сар хүртлээ "Төлөөгүй" төлөвт байдаг асуудал бүрэн арилна.

Манай байгууллагын зүгээс программын түвшинд, банкуудтай хийх хамтын ажиллагааны хүрээнд аймаг, орон нутгийн байгууллагад шимтгэл төлөлтийн үйлдлийг өдөр тутамд шинэчилж байх чиглэлийг өнөөдөр өгсөн. Иймд дээрх асуудал одоо бидний хэрэглэж байгаа программын түвшинд байхгүй болно гэж ойлгож болно.

Харин цаашид Нийгмийн даатгалын ерөнхий газар шимтгэл төлөлт, тайлантай холбоотой цогц программ нэвтрүүлэхээр ажиллаж байна.

- Цогц программыг нэвтрүүлэх ач холбогдлын тухай хэлж болох уу. Хэзээнээс нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

- НДЕГ сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ чиглэлд ажиллаж байна. Үүнийг нэг мөр аймаг, орон нутгийн түвшинд 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс ашиглахаар төлөвлөж байна. Ингэснээр бодит горимд шилжих боломжтой болох буюу шимтгэлээ төлсөн тухайн өдөртөө программ шинэчлэгддэг болох боломжтой гэсэн үг.

Уг программ нэвтрэх хүртэл даатгуулагч иргэнийг шимтгэл төлсөн эсэх төлөвийг яаж яаралтай өөрчилж, өнөөдөр гарч буй эрсдэлээс сэргийлэх талаар ярилцсаны үр дүнд дээр дурдсанчлан зохион байгуулалтын арга хэмжээ авахаар болсон бөгөөд холбогдох байгууллагад хүсэлтээ гаргасан.

Гэхдээ даатгуулагчдын НДШ төлөлт "Төлсөн" төлөвт шилжихгүй байгаа асуудал нь тухайн байгууллага хуульд заасан хугацаандаа шимтгэлээ төлөөгүй, тайлангаа өгөөгүйгээс үүсэж байгаа гэдгийг ч ажил олгогчид маш сайн ойлгох хэрэгтэй.

- 1994 онд батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуульд НДШ-ийг яг тухайн сардаа багтааж төлөх ёстой гэж заасан байдаг. Гэтэл ажилтны цалин ажилласан цагийн гүйцэтгэлтэй холбоотой бодогддог болсон энэ цаг үед олон ажилтантай байгууллага тухайн сарын сүүлийн өдрөө багтаж НДШ-ийг бодоод төлж амжина гэдэг хүндрэл дагуулдаг. Үүнийг хуулиар эсвэл журамд нь өөрчлөлт оруулах замаар уян хатан болгох боломжтой юу?

- Энэ асуудлыг ч бид анхаарч ярилцсан. Мэдээж цөөн ажилтантай байгууллага болон олон ажилтантай байгууллага тайлангаа өгөх хоёр асар ялгаатай. Гэхдээ Нийгмийн даатгалын ерөнхий газар бол хууль л хэрэгжүүлэх үүрэгтэй агентлаг. Харин бидний өнөөдөр мөрдөж байгаа хуульд тухайн байгууллагын даатгуулагчийн тооноос хамаараад уян хатан хандана гэсэн ялгаатай зүйл байхгүй.

Өөрөөр хэлбэл, хуульд зааснаар тухайн сарынхаа сүүлийн өдөр шимтгэлээ төлж, тайлангаа ирэх сарын 5-ны дотор явуулах ёстой. Ирэх сарын 5-н гэдэг хугацаа тавьсан нь өөрөө олон даатгуулагчтай байгууллагад боломж олгож, тайлан өгөх хугацааг нь сунгаж тавьж өгсөн хэлбэр юм.

Нэмж хэлэхэд, тухайн байгууллагын нягтлан, ажил олгогчид хуульд заасан үүрэг хариуцлагаа өөрсдөө ухамсарлах хэрэгтэй. Бид тухайн сардаа багтааж заавал шимтгэлээ төл гэхээс илүү өнгөрсөн сард хэчнээн хүнд ямар хэмжээний цалин өгсөн тайлангаа ирэх сарынх нь 5-ны дотор цахимаар илгээхийг л шаардаж байгаа.

Гэтэл зарим байгууллага өөрөө 5-наас өмнө ч тайлангаа илгээж, шимтгэлээ төлж амжаагүй байж нийтээр нь нийгмийн даатгалын программ, системийн алдаа гэж ярих нь өрөөсгөл.

Мэдээж шимтгэлээ төлчхөөд байхад ирэх сар хүртэл төлсөн төлөвт шилжихгүй байгааг шүүмжилсэн нь зөв ч бүх байгууллага тэгээд байгаа мэтээр асуудалд хандах нь өрөөсгөл гэж бодож байна. Ажил олгогч нь хуулиа хэрэгжүүлэх ёстой хэр нь өөрөө шимтгэл төлөлтөө хоцроочхоод НДЕГ, даатгуулагч хоёрын хооронд буруу ойлголт үүсгээд байдаг нь зөв зүйл биш.

Ямартай ч бид шүүмжлэлийг хүлээн авч, байгууллагууд НДШ-ээ бүрэн төлсөн тохиолдолд 24-48 цагийн дараа "Төлсөн" төлөвт оруулах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран ойрын үед яаралтай хийнэ.