Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр нэгдүгээр сарын 31-ээс цас орж, хүйтний эрч чангарах нь ээ.

Тодруулбал, нэгдүгээр сарын 30-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 31-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, хоёрдугаар сарын 1-нд Халх голын хөндийгөөр цас орно.

Салхи нэгдүгээр сарын 31-нд нутгийн зарим газраар, хоёрдугаар сарын 1-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нэгдүгээр сарын 31-нээс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -20…-25 градус байна. Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -15…-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -9…-14 градус хүйтэн байна.

Хоёрдугаар сард олон жилийн дундажтай харьцуулахад хүйтэн байна

Урьдчилсан мэдээгээр ирэх хоёрдугаар сарын цаг агаарыг олон жилийн дундажтай харьцуулахад хүйтэн байх төлөв гарчээ.

Баруун аймгуудын нутгаар:  Энэ сард агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Увс, Завханы ихэнх нутаг, Ховд, Говь–Алтайн хойд, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Агаарын температур гурван арав хоног тус бүрийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногий дунд үеэр уулаараа бага зэргийн цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байгаа бол хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 4–9 м/с байх төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн баруун өмнөд, Архангайн баруун хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур  тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Хугацааны эхээр уулархаг нутгаар бага зэргийн цас орж, зарим газраар салхи шуургатай байх магадлалтай байгаа бол хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхины хурд зарим үед 14–18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн ихэнх нутаг болон Дорнодын хойд хагаст ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтий, Дорнодын ихэнх хэсэг болон Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар дулаан байх бол хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр уулархаг нутгаар бага зэргийн цас орж, салхи ихэнх нутгаар 14–16 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байгаа бол хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд зарим газраар цас орж, салхины хурд 5–10 м/с байх төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас Өмнөговийн ихэнх сумдын нутаг болон Дундговийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар цас орж, салхины хурд 12–14 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

ЗӨВЛӨМЖ:  Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун хагастаа буюу ялангуяа Увс, Завханы нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын хойд хэсэг, Архангай, Хөвсгөлийн баруун хэсгээр ОЖД–аас хүйтэн, харин зүүн аймгуудын зарим сумдын нутгаар буюу ялангуяа Хэнтий, Дорнодын нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадас Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар ОЖД–аас ахиу орох магадлалтай байгаа бол Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Муудалтын үеүдийн хувьд нэгдүгээр арав хоногт үе үе Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх магадлалтай байгаа бол хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, агаарын температур ОЖД–аас 1–4 °С–аар хүйтэн байх төлөвтэй байна. Бусад хугацаанд харьцангуй цас, агаарын температур дунджийн орчим болон дунджаас 1–2 °С–аар  дулаан байх төлөвтэй байна.