Парламентын түүхэнд бүрэн эрхээсээ татгалзаж, УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн төрийн түшээд цөөхөн байдаг. Тэр дундаа яг өөрийнхөө хүсэлтээр өргөдөл гаргаж, бүрэн эрхээсээ татгалзсан нь хуруу дарам.

Зарим нь нам, фракцийнхаа шахалтаар аргагүй эрхэнд гишүүний тэмдгээ “хураалгасан” гэх яриа улс төрийн хүрээнийхний дунд байдаг.

Н.Жанцанноровын хувьд 1993 онд эрүүл мэндийн шалтгаанаар гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг УИХхүлээн авсан. Дараа нь 1996 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж улсын нууц задруулсан гэх хэрэгт холбогдож, өөрийн сайн дураараа УИХ-ын гишүүнээсээ буусан юм. Дараагийн хүн нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Тэрбээр 2012 онд эхнэрийнхээ эрүүл мэндийн төлөө өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, чөлөөлөгдсөн билээ. Тэгвэл энэ удаа УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа. Тэрбээр УИХ-ын даргад хаягласан албан бичигт хүндэтгэх шалтгаан дурдсан байна. Ингэхдээ "Настай ээж маань эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон. Энэ нь хувь хүний эрүүл мэнд, зовлон жаргалтай холбоотой асуудал учраас олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлах боломжгүй бөгөөд ээжээс төрсөн хүн бүр ойлгоно хэмээн итгэж байна. Сүүлийн жилүүдэд намайг концесс, казино, нүүрс, үнэтэй цаг, машинтай гэх мэтчилэн олон асуудалд хилсээр нэр холбож, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулах ажлыг санаатайгаар маш их явууллаа. Миний бие ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй гэдгээ удаа дараа хэвлэлээр тайлбарлаж байсан боловч буруутан, гэмтэн мэт сэтгэгдэл нийгмийн зарим хэсэгт үлджээ. Тиймээс эдгээр асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас хэрвээ намайг шалгах шаардлагатай бол би УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард нуугдалгүйгээр энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн гэдгээ энэхүү үйлдлээрээ илэрхийлж байгаа болно. Монгол төрийг хариуцлагатай, шударга, зарчимтай, ёс суртахуунтай байх ёстой хэмээн шаардаж буй нийгэм, олон нийт, залуучуудынхаа шаардлагыг энэхүү үйлдлээрээ би дэмжиж байна" гэжээ.

УИХ-ын чуулган завсарласан байгаа энэ үед түүний асуудлыг өнөө маргаашдаа хэлэлцэж шийдвэрлэхгүй нь тодорхой. Иймд Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөх хүсэлт ирэх гуравдугаар сард эхлэх хаврын чуулганы үеэр нэг талдаа гарах байх. Түүний өөрийнхөө хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзаж байгаа энэ хандлага төрийн түшээдэд үлгэр болсон ёс суртахууны зөв үйлдэл боллоо.