Интернэт, техник технологи, асар олон мэдээлэл, түүнийг дамжуулах хурд зэрэг нь нийгмийн хөгжил, амьдралын хэв маягт олон өөрчлөлт, хялбар хэрэглээг бий болгож буй. Нэрлэвэл тоо томшгүй.

Тэгвэл сөрөг тал бас цөөнгүй. Тэдгээрийн нэг нь хүүхдүүдийн анхаарлаа төвлөрүүлөх чадварыг алдагдуулж буй процесс юм. Олон улсад анхаарал төвлөрлийн эмгэг гэж нэрлээд буй уг сэдвээр Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбооны тэргүүн, арт терапист В.Бэрцэцэгтэй ярилцлаа.

 

-Таны мэргэжил, ажлын туршлагаар яриагаа эхэлье.

 

-Миний анхны мэргэжил англи, япон хэлний багш, орчуулагч. Сургуулиа төгсөөд олон улсын  байгууллагад ажиллаж байгаад нийгмийн ажилтан мэргэжлээр сурч,Австралид магистр хамгаалсан. Дараа нь бас Австралид арт терапист буюу Урлагаар дамжуулан сэтгэл засах мэргэжлийг эзэмшсэн. Сүүлийн таван жилд энэ мэргэжлээ Монголд хөгжүүлэх зорилготой ажиллаж байна. Ер нь хүүхэд, гэр бүл, байгууллагатай 23 дахь жилдээ ажиллаж байна. 

 

-Энэ хугацаанд хүмүүст тулгардаг асуудлууд, ажиллах аргачлал хэр өөрчлөгдөж байна вэ?

 

-Нийгэм маш их өөрчлөгдөж, тэр хэрээр хүмүүсийн хандлага, амьдралын орчин, гэр бүлийн харилцаа, тулгардаг асуудлууд нь хүртэл өөрчлөгдөж байна. Иймд сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, багш, хууль хяналтын байгууллагынхан, эмнэлгийн ажилтнууд зэрэг хүнтэй, хүний асуудалтай тулж ажилладаг мэргэжлийнхэн ажлын аргачлалаа өөрчлөхөөс өөр замгүй болсон. Дэлхий дахинд тухайн асуудлыг шийдэх ямар аргууд хамгийн үр дүнтэй гэж үзэж байна, тэдгээрийг хэрэглэж, энэ эриний хүмүүст тохирсон аргаар ажиллах зайлшгүй шаардлагатай болсон. 20 жилийн өмнөх аргаараа үзээд байвал үр дүнд хүрэхгүй. Олон өөрчлөлтийн нэг нь та бидний яриад буй анхаарал төвлөрлийн эмгэг юм.

 

сонин mn

 

ХҮҮХЭД БҮРЭН ТӨВЛӨРСНӨӨР ТАНИН МЭДЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВАГДДАГ

 

-Нөлөөлж байгаа гол хүчин зүйлс нь юу вэ?

 

-Энэ зууны хүүхдүүд компьютер, таблет, гар утас зэрэг дижитал төхөөрөмжүүдээр дамжуулан мэдлэг мэдээлэл авч, ертөнцийг хардаг болсон. Үүний сайн талууд бий ч хэтрүүлэн ашиглах нь хортой. Хүүхэд өдөрт 5 цагаас дээш хугацаагаар электрон төхөөрөмж ашиглахад нүдний хараа муудах зэргээр бие махбодид нь сөргөөр нөлөөлөхөөс гадна сэтгэлзүй, сэтгэцэд нь ч аюултай болж ирдэг. Эдгээрээс шалтгаалаад орчин үеийн хүүхдүүд анхаарлаа олон зүйлд зэрэг чиглүүлж чаддаг мэт харагдаж, ойлгогдож байгаа ч нэг зүйлд тогтож төвлөрөх нь маш муу болсон.  Тухайн цаг мөчид нэг зүйл дээр тогтож харах, сонсох, мэдрэх, амтлах зэрэг бүх мэдрэхүйгээрээ төвлөрснөөр танин мэдэх үйл ажиллагаа явагддаг. 

 

Тухайлбал, хичээл дээрээ гэр бүлийн асуудал, найзууд болон тоглох тухай бодохгүйгээр хичээлдээ анхаарлаа төвлөрүүлж сурах нь чухал. Энэ чадвар нь хичээлээ үр дүнтэй ойлгохоос гадна хүмүүжил, төлөвшил, ирээдүйд хэн байх, ажлын бүтээмж зэргийг нь шууд тодорхойлдог маш чухал зүйл. Бага ангийн хүүхдийн нэг зүйлд төвлөрөх хугацаа 10-15 минут байдаг ч одоо энэ хугацаандаа төвлөрч чадахгүй болоод байна.

 

Анхаарал төвлөрлийн эмгэг голчлон хоёр зүйлээс үүсдэг. Нэгдүгээрт удамшил. Хоёрдугаарт амьдралын өдөр тутмын хэв маяг болон амьдралд нь тохиолдсон таагүй үйл явдлаас шалтгаалдаг. Энэ нь хүчирхийлэл, осол, байгалийн гамшиг зэрэг гэнэтийн зүйлд өртөх гэх мэт. Улмаар үүнийгээ байнга бодох, гэнэт цочдог болсноор үүсмэл анхаарал төлөвшлийн эмгэгтэй болдог. Амьдралын хэв маяг гэдэгт дээр ярьсан дэлгэцийн хамаарал, хэт их мэдээлэл, эцэг эхийн анхаарал, харилцаа орно.

 

 

-Эцэг эхчүүд мэдээж хүүхдээ хайрлаж, халамжилж, анхаардаг. Сайн хүн болгоно гэж хичээдэг. Гэхдээ яг анхаарлыг нь төвлөрүүлж сургах талаар ойлголтгүй байдаг шүү дээ. Төвлөрүүлж сургаагүйгээр тухайн хүүхдэд гарах сөрөг тал нь юу вэ?

 

-Анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, сураагүй, томчууд нь төвлөрөх үлгэрлэлийг үзүүлэхгүй, хүүхдийнхээ анхаарал төвөлөрөлтийг сайжруулах арга хэмжээ авахгүй  байвал тухайн хүүхэд олон зүйлд санаа зовж шаналдаг, анхаарал нь тогтож төвлөрдөггүй, өөрт нь тулгамдсан асуудлыг хэт томруулж хардаг, эмх замбараагүй, бусдыг хүндэлдэггүй, сонсдоггүй болж хүмүүждэг. Насанд хүрээд ажлын бүтээмж муу, стресс, сэтгэл гутралд өртөмтгий, үүнээсээ болоод бусдад үнэлэгдэх үнэлэмж нь бага, өөртөө итгэлгүй болдог. Амиа хорлолт, гэмт хэрэг үйлдэлт, дээрэлхэлт зэрэгт ч энэ хамааралтай.

 

-Анхаарал төвлөрлийн дутмагшил, бүр эмгэг ч гэж нэрлэж байна, ийм зүйл аль хэдийн үүсчихжээ. Үүнд хэрхэн анхаарах хэрэгтэй вэ?

 

-Эцэг эх, багш, ер нь хүнтэй ажилладаг бүх хүн эхлээд хүүхдийн яг одоо байгаа байдал, насных нь онцлогийг нь мэддэг байж, тэрэнд нь хүндэтгэлтэй хандаж, хүчлэхгүйгээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Шууд өөрчилнө гэж загнаж, зандарч болохгүй бөгөөд сэтгэл хөдлөл, мэдрэмжээ өөрөө бас удирдаж чаддаг байх хэрэгтэй. 

Багш нарын хувьд хичээл орж байхад нь хойно нэг хүүхэд үймүүлэх юмуу анхаарал нь төвлөрөхгүй байгаа тохиолдолд муу хүүхэд гээд хаяж огт болохгүй. Тухайн хүүхдийн онцлог, давуу талыг олж мэдэж, тэрэнд нь анхаарлыг нь төвлөрүүлснээр гол мэдлэгээ өгөх нь зүйтэй. Бас багш өөрөө сэтгэл хөдлөлөө удирдаж сурах хэрэгтэй. Уурлаж , бухимдсан үедээ хүүхдүүдийг цочтол танхим дүүрэн хашхирдаг нь хүүхдүүдийг айдастай, төвлөрч чадахгүй болгодог. Тэгэхээр багшийн дуу хоолой төлөв, зааж байгаа арга барил нь орчин цагийн хүүхдүүдийн сурах онцлогт нийцсэн, сонирхолтой, эерэг үгтэй, үйлдэл нь зөв, хүүхдийг дэмжсэн, ирээдүй рүү чиглүүлсэн, өөртөө итгэх итгэлийг нь дэмжсэн, хайр хүссэн хүүхдүүдийг хайрладаг байх нь чухал. 

 

30 ХҮҮХЭД ТУТМЫН 5-6 НЬ АНХААРАЛ ТӨВЛӨРЛИЙН ЭМГЭГТЭЙ БАЙНА

 

сонин mn

 

АНУ-ын судлаачид анхаарал төвлөрлийн эмгэг ер нь маш том асуудал болох нь гэж үзээд судалгаа хийсэн байдаг. Дүнд нь нэг ангийн 30 хүүхдийн 5-6 нь анхаарал төвлөрлийн эмгэгтэй байна гэсэн. Монголд ч яг ийм байна. Би сүүлийн жилүүдэд сургуулиуд дээр очиж хичээл орж байгаа. Хоёр ангид хичээл ороход нэг нь 60 хүүхэдтэй, нөгөө нь 40 хүүхэдтэй байсан. Анги бүрт багадаа 10 хүүхэд багшийн үгэнд орохгүй зүгээр л сул явж, гүйж байна. Энэ нь анхаарал төвлөрөл байхгүй гэсэн үг. Анхаарлаа төвлөрүүлж сураагүй хүүхэд санамсаргүйгээр хэн нэгний биед хүрэх, цохих, зодох үйлдэл гаргадаг. Энэ эргээд өөрт нь асуудал үүсгэнэ.

 

Багш нартай ярилцаад асуухад хүүхдүүдийн анхаарал төвлөрөлт байхгүй, хүмүүжил муу, ээж аав нь ч яаж хүмүүжүүлэхээ мэдэхгүй байна гэдэг хэмээн хариулдаг. Харахад яг л тийм байдаг. 

 

Тэгэхээр анхаарал төвлөрөлтийг хүүхэд байхаас нь суулгаж сургавал том болоод боддог тархиа ажиллуулж сурна. Бодохгүйгээр биш, тархиа ажиллуулж байж үг хэлдэг, үйлдэл хийдэг болн. Стресс тайлах тохирсон зөв аргаа бодож олж чадна. Улмаар эмх цэгцтэй, зорилгоо тодорхойлж чаддаг, бусадтай эелдгээр мэндэлдэг, хүндэтгэлтэй харилцаатай соёлтой хүн болно. Үүнд төр засаг, боловсролын салбар онцгой анхаарч, шинэ арга барил, техникээр ажиллах шаардлагатай.

 

-Танай байгууллага энэ чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?

 

-Бид  Австралийн арт тераписттай хамтран хоёр сургууль дээр хүүхдийн анхаарал төвлөрүүлэх аргачлал боловсруулаад байна.  Хүүхдийн анхаарал төвлөрөлтийг сайжруулчихвал хүүхэд сурах, багш заах процесс хөнгөлөгдөнө. Хэн нь ч стресстэхгүй, өөр зүйлд сатаарахгүй гэсэн үг. 

 

-Австрали зэрэг бусад улс орнууд хүүхдийн анхаарал төвлөрөлтөд чухал ач холбогдол өгдөг. Тэд ямар аргачлал ашигладаг вэ?

 

-Миний ажигласнаар бусад улс орнууд хүүхдүүдийн тархийг маш сайн амраадаг. Үүний нэг арга нь арт терапи. Энэ нь хүүхэд тайван суугаад өгөгдсөн сонирхолтой, хөгжилтэй дасгал, техникүүдийг хийгээд анхаарлаа төвлөрүүлэх, амьсгал, бие махбодио анзаарах боломж олгодог. Ингэснээр хүүхэд илүү сэргэг байж танин мэдэхүйн үйл ажиллагаа сайн явагддаг.  Ийм аргуудыг их хэрэглэдэг. Дээрээс нь бүх сургалт, хичээлийн агуулга нь  тоглоом, урлагт суурилсан арга зүй ашиглан үр дүнтэй зохион байгуулдаг.

 

-Дасгал, тоглоомууд гэж байна. Тухайлбал ямар?

 

-Жишээ нь хичээл эхлэхээс өмнө төсөөллөөрөө уул, байгалиар аялж болно. Хичээлийн дундуур хүүхдүүдийг сэргэг, цовоо, сэргэлэн байлгахын тулд  төсөөллийн дасгалууд хийлгэнэ. Хөгжим, хэмнэлтэй дасгал нь хүүхдийг хөдөлгөөн хийлгэж, сонсох, харах зэрэг бүх мэдрэхүйг нь ажиллуулдаг. Австрали, Швед, Шинэ Зеландад ийм аргуудыг ашиглаж, эко орчин буюу байгальд их хичээллэдэг. Гоё дуу чимээ, үнэр, харах зэрэг нь хүүхдийг тайвшруулж, төвлөрүүлдэг.

 

-Арт терапист мэргэжлийг улсдаа хөгжүүлэхээр ажиллаж байна гэсэн. Ямар үр дүнтэй байна вэ?

 

-Манай байгууллага төрийн болон ТББ байгулулага, ОУБ-уудтай хамтран тууштай, тасралтгүй үйл ажиллагаа зохион байгуулсны үр дүнд  2022 онд ХНХЯ-ны  сайдын тушаалаар үндэсний ажил мэргэжлийн жагсаалтад албан ёсоор оруулсан. Ингэж мэргэжил болгож, мэргэжлийн хүмүүс хөтөлбөрийн дагуу зааж сургаж, шинэ мэргэжлийн хөрсийг зөв тавихыг зорьж байна. Мэргэжлийн суурь зөв тавигдаж, мэргэжлийн хүмүүсийг бэлтгэхгүй бол мэргэжлийн бус хүмүүс таамгаар хүнтэй ажиллах нь тэднийг бие махбод, сэтгэлзүйн хувьд хохироох эрсдэлтэй.

 

ХҮМҮҮСИЙН ОЛОНХ БУСДЫГ ХҮНДЭЛДЭГ, ХАЙРЛАДАГ БОЛЧИХВОЛ НИЙГМИЙН СӨРӨГ АСУУДАЛ, СТРЕСС БАГАСНА

 

сонин mn

 

-Манай улс анхаарал төвлөрлийн эмгэг гэдэгт нийгмээрээ, салбараараа анхаарч эхлээгүй байна. Ер нь хоцрогдож байна гэсэн үг шүү дээ. Тэгвэл өнөөдрөөс энэ чиглэлийн ажил хийе гэвэл Та аль наснаас эхлэх вэ? 

 

-Хамгийн хэцүү, асуудалтай байгаа салбар бол СӨБ. Тиймээс бага анги, цэцэрлэгийн насныхнаас эхэлнэ. Нас насных нь онцлогт тохирсон аргаар тоглоом, сургуулийн орчинд бэлтгэх зэрэг аргаар анхаарал төвлөрлийг сайжруулж болно. Өвсөр насныханд ч мөн адил тохирсон аргыг хэрэглэхээр хөгжилтэй байгаа юм шиг мөртлөө асуудал шийдвэрлэх, даван туулах арга барилаа олчихдог үр дүнтэй. Анхаарлаа төвлөрүүлж сураагүй томчууд ч байдаг. Би ХААН банкны 800 ажилтантай энэ  чиглэлээр сургалт орсон. Тэндээс харахад анхаарлаа төвлөрүүлж сураагүй, чаддаггүй хүн олон байсан. Яагаад чадахгүй байна гэхээр нэгэн зэрэг олон юм боддог, санаа зовдог байгаа юм. Тэр нь ихэвчлэн дэмий. Тэгэхээр бодлоо яаж өөрчлөх төвлөрөх вэ гэдэг аргыг заадаг. Тийм онол байдаг шүү гээд хаяхгүйгээр бодитоор заана. 

 

Ер нь бол одоо цагтаа төвлөрөх, анхаарлаа төвлөрүүлж сурах арга техникийг нийгмийн хөгжлөө дагаад улс даяараа сургуулийн орчинд хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага тулгараад байна. 

 

Тэгэхгүй бол дээрэлхэлт, эмх замбараагүй байдал зэрэг түрүүн ярьсан сөрөг асуудлууд эндээс эхэлж байна. Би цэцэрлэг, бага ангийн багш нарт энэ аргаа зааж өгөөд туршиж үзсэн. Ямар гоё үр дүнтэй юм бэ, бид үнэхээр хоцрогдсон байна гэж байсан. Мэдүүлээд заагаад явмаар л байна.  Нэмж хэлэхэд, Өмнөх зуунд IQ өндөртэй хүн хамгийн мундаг гэдэг байсан. Одоо EQ сайтай буюу харилцааны чадвар, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ удирдаж, зөв илэрхийлж, ойлгуулж, бусадтай хүндэтгэлтэй харьцаж чаддаг хүн илүү үнэлэгдэж, амжилттай байна. Нийгмийн олонх ийм чадварт суралцсан байвал нийгэмд гарах сөрөг асуудал багасна. Яагаад гэхээр хүүхэд сэтгэл хөдлөлөө удирдаад сурчихна, найзыгаа зодохгүй, шоолохгүй, муухай үг хэлэхгүй, багш болон эцэг эхчүүд хүүхдэд муухай үг, сөрөг хандлага гаргахгүй. Ингэхээр анхаарал төвлөрөлт бол бүх зүйлийн зангилаа юм. 

 

-Ярилцсанд баярлалаа.

 

сонин mn