Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор түр хөдөлгөөн зохион байгуулалт хийх талаар Замын хөдөлгөөний удирдлагын ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн мэдээлэв.

Тодруулбал, Хан-Уул дүүрэг гуравдугаар хороо, Энгельсийн гудамж, Механик инженерийн сургуулийн уулзвар болон Баянгол дүүрэг 20 дугаар хороо Ажилчны гудамж, Хөсөг трейдийн уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлгөөн зохицуулалт хийхээр төлөвлөжээ.

зураг

 

зураг

 

Механик инженерийн сургуулийн уулзвар нь хотын төвийн хөдөлгөөнийг задлах гол уулзвар бөгөөд оргил ачааллын үед тус уулзвараар урагш чиглэлд зорчих хөдөлгөөн их байдаг. Дээрх уулзварыг хойноос урагш чиглэлд цагт 2,000 тээврийн хэрэгсэл нэвтэрснээс 34.3 хувь нь буцаж эргэн, 15.4 хувь нь зүүн эргэж, 12.7 хувь нь баруун эргэсэн бол 37.6 хувь нь чигээрээ явсан судалгаа гарчээ.

Иймээс Нарны гүүрээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглох, мөн “Алтай” хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэн гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн байна.

зураг

 

зураг

 

Ингэснээр Нарны гүүрний хойноос урагш чиглэлийн нэвтрүүлэх чадвар 29.9 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ.

Хөсөг трейдийн уулзварыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгоно

Харин Ажилчны гудамж Хөсөг трейдийн уулзвар өглөөдөө хойноос урагш чиглэсэн хөдөлгөөн ихтэйгээс уулзвар дээр эмх замбараагүй байдал үүсэж, Энхтайваны өргөн чөлөө Саппорогийн урд уулзвар ачаалал авч, Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн, зүүнээс  баруун явах хөдөлгөөнд саад учруулдаг.

зураг

 

Оргил ачааллын үеэр тус уулзварыг цагт 3,882 машин нэвтэрдэг. Иймээс тус уулзварыг нэг чигийн хөдөлгөөнд оруулан зохицуулалт хийснээр Хөсөг трейдийн уулзварын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвар 34.1 хувиар нэмэгдэж, ТЭЦ-4-ийн зам буюу Эрчим хүчний гудамжны баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэсэн тээврийн хэрэгслийн хүлээлт багасна. Мөн Говийн зам зүүнээс баруун чиглэлдээ ачаалал үүсэх нь багасаж, Ажилчны гудамжны хөдөлгөөний эрчим сайжирна гэв.

Тус зохицуулалтуудыг ирэх Даваа гарагаас эхлэн 21 хоногийн хугацаанд туршихаар болжээ.