"Улаанбаатар марафон-2023" олон улсын гүйлтийн тэмцээнийг Бямба гарагт зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан албаныхан мэдээлэл өглөө. 

Уг гүйлтийн тэмцээнд оролцогчдыг сар гаруйн хугацаанд бүртгэсэн бөгөөд тавдугаар сарын 30-нд хаахаар товлосон.

Гэхдээ "Иргэн, ААН-үүдийн хүсэлтээр таван километрийн марафон гүйлтийн бүртгэлийг сунгаад өнөөдөр 17:00 цагт хаахаар болсон"-ыг Нийслэлийн биеийн тамир спортын газрын Захиргаа, төлөвлөлт санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Бямбасайхан хэлэв. 

Тэрбээр марафоны зохион байгуулалтын талаар "Тэмцээнтэй холбогдуулан маргааш өглөө 06:00 цагт автомашины хөдөлгөөнийг маршрутын дагуу хязгаарлах юм. Үүний дараа Д.Сүхбаатарын талбайд 09:00 цагт тэмцээнд оролцогчдыг гараанд оруулснаар 09:30 цагт нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулна. 

Үргэлжлүүлэн 10:00 цагт бөөн гараагаар гаргана. Ингэхдээ, хагас, бүтэн марафон болон 10 километрийн гүйлтийн тамирчид толгойн группт, 12-17 насны таван километрийн гүйлтийн тамирчид, таван километрийн эрүүл мэндийн гүйгчид гэсэн дарааллаар гүйх юм. 

Харин МУИС-ийн нэгдүгээр байрны талбайгаас 13:00 цагт 1.5 километрийн зайнд хараагүй, тэргэнцэртэй иргэд гүйнэ. Гэр бүлээрээ оролцох иргэдийн хувьд уг байршлаас 1.5 км зайд гүйж, төв талбай дээр барианд орно.

14:00-16:00 цагийн хооронд 1.5 болон таван километрийн гараанд амжилт гаргасан тамирчдыг, 16:00 цагаас хойш хагас бүтэн марафон болон 10 километрийн зайд түрүүлсэн тамирчдыг урамшуулна" хэмээн мэдээлэв. 

Марафонд гүйх иргэдийг https://ubmarathon.hipay.mn/ цахим хуудас болон “Hipay” аппликэйшнээр бүртгэнэ.