ҮЕР ЮУНААС БОЛСОН БЭ

Сүүлийн 60-аад жилд болоогүй их усны гамшигт хот ойрхон хоёр ч өртлөө. Сэлбэ, Дунд гол дагуух орон сууцнуудын оршин суугчид айдастай болчихлоо. Үерийн далантай ойрхон орон сууцтай хүмүүс ч борооны сургаар нойргүй хонож байх шиг байна.

 

Ер нь бол хотын хэмжээнд үер усны аюултай бүс, голын ай сав, үерийн байгууламж орчимд 3000 шахам айл өрх амьдардаг байна. Гэхдээ энэ статистикт ардаа авлига зүүлттэйгээр баригдсан тансаг орон сууцны оршин суугчид ордоггүй. Жилийн жилд хавар голдуу уруй, усны үер, булаг шанд, голын усны халиа дошинд “живчих” гээд байдаг үерийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан айлууд юм байна.

 

Уг нь Улаанбаатар хот үерийн хамгаалалтын бүсээ тогтоосон. Үерийн даланг 1966 оноос барьж байгуулсан. Өөрөөр хэлбэл, 1966 онд Туул голын их үерийн дараагаас эхлэн хамгаалалтын даланг барьж байгуулах ажил эхэлжээ.  1966-1968, 1971-1972 онд Баруун уулын суваг, Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан, сувгийг, 1984 онд III, IV хорооллын үерийн сувгийг барьж ашиглалтад оруулжээ. 2013 оны байдлаар голын үерээс хамгаалах 33 км урт далан, уулын үерийн усыг өнгөрүүлэх 97 км урт суваг, үерийн урсгалыг тогтоох байгууламж зургаа, гудамж зам талбайн ил, далд 84.5 км инженерийн шугам сүлжээ, хүлээн авах шүүрт худаг 2044 ширхэг, газар доорх хөрсний шугам сүлжээ 18.3 км, борооны болон хөрсний ус татан зайлуулах нэг өргөлтийн насос станц байна.

 

Үерийн хамгаалалтын 130 км урт байгууламжийн насжилт 60 жил болсон тул хуучирч, 78.3 хувьтай болон байна. Хатуу хучилттай гол замын 70 хувь, нийт төв болон хороолол дундах автозамуудын 87 хувь нь шугам сүлжээгүй, үлдсэн 13-30 хувь нь үерийн байгууламжгүй юм байна.

 

Үүнийг ШУТИС-ийн ГУУ-н сургуулийнхан судлаад“...Өнөөдөр хотын үерийн хамгаалалтын далан, суваг, борооны далд суваг, Туул гол, Сэлбэ гол, Улиастайн голыг эргийн хамгаалалтын байгууламжийн 80 орчим хувь нь үндсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон байна. Нийслэлийн хатуу хучилттай нийт замын 90 хувь нь борооны ус зайлуулах шугамгүй байгаа нь хот үндсэндээ үерийн хамгаалалтгүй гэж болохоор байна” гэсэн дүгнэлт хийжээ. Харин Хотын захиргаанаас өгсөн мэдээллээр хотын хэмжээнд үерээс хамгаалах 158 км далан суваг, инженерийн байгууламж, авто замын борооны болон хөрсний ус зайлуулах 176.2 км шугам, хөрсний ус зайлуулах 18.8 км шугам сүлжээ байдаг.

 

Нийслэл хотыг үер усны эрсдэлгүй байлгахын тулд нэмэлтээр 300 км гаруй инженерийн байгууламж, шугам сүлжээ тавих  шаардлагатайг хэлж байна.

 

Жил гаруйн өмнө дөө, “Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022” гэсэн хэлэлцүүлэг болсон. Хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэд  “...1966 оны үерийн үеэр Туул голын усны хэмжээ ердийн үеийнхээсээ 100 дахин нэмэгдсэн. 100 гаруй хүний амь эрсдэж, тухайн үеийн ханшаар 300 сая төгрөгийн хохирол амссан. Тэрхүү үерээс болж хотын амьдрал 20 хоног зогсож, Туул голын гольдриол өөрчлөгдөж, сал урсгах боломжгүй болж байсан. Туул голын урсгал ердийн үед 25 м/сек байдаг бол 1966 оны үер болоход 1580 м/сек болсон.

 

Гол нь эрэг дагуу ямар ч хамгаалалтгүй байсан. Орчин цагт үерийн эрсдэлээс сэргийлэх үүднээс усны урсгалыг 2490 м/сек байхаар тооцож, хамгаалалт хийх ёстой. Өнөөгийн нөхцөлд Туулын хөндийг дүүргэх хэмжээний үерийн аюул үүсэж болзошгүй. Ганц Туул гэлтгүй Улаанбаатар хотын дундуур урсдаг Сэлбэ, Дунд гол, Улиастай, Толгойт голууд ч үерлэх магадлал өндөр.

 

Аюул ослыг урьдчилан тооцоолоод зогсохгүй үерийн хамгаалалтын даланг хаана, ямар хэмжээний хүчин чадалтайгаар байгуулах болоод гүүр, гүүрэн байгууламжуудын хүчин чадлыг сайжруулах, Туул усан цогцолбор байгуулах  шаардлагатай байгаа” талаар ярьцгааж байв.  Ер нь бол “...Үерийн аюул ойрхон байна шүү” гэдгийг эрдэмтэд, судлаачид ч, үерийн хамгаалалтын байгууламжийн маань байж байгаа царай ч хэлээд байжээ.

 

Тухайлбал, “Усны” З.Батбаяр “...XXI зуунд бий болсон Монголын нийгмийн шинэ өвчин болох “Барилгажилтын халуурал”-ын үр дүнд бий болсон цементэн ширэнгэ үерт автаж байна. Долдугаар сар гарсаар хоёр удаа үерт автлаа. Дахиад ч үерт автана, олон удаа автана. 1980 оноос хойш усны эрдэмтэд инженерүүдийн санал болгосон “...Усан сан барих нь зөв юм. гэдэг ойлголт даанч их хожимдож, даанч их үнээр ирж байна даа.

 

Ус урсдаг газраараа урсаж л таарна. Урсгалыг нь хаасан юуг ч хэзээ нэгэн цагт даваад л урсдаг нь байгаль эхийн жам. “...Юун усан сан, тэр цементээр чинь 100 мянган орон сууц барина, асар их ашиг орлого” гэж ярьж байсан тэр хүмүүсийг Хатан Туул өршөөг. Одоо гарц нь усанд урсах гарц гаргаж, урсгал саатуулж буй барилга байшинг нураах, (хууль зүйн хэллэгээр буулгах) буруутай этгээдүүдээр зардлыг төлүүлэх, үерийн хамгаалалтын төлөвлөгөөг шинэчлэх, бүх хууль төлөвлөгөө, стандартыг нэгбүрчлэн хэрэгжүүлэх (ус хуримтлуулах хоолой гэх мэт) хамгийн чухал нь Усан сан, Усны нөөцийн хуримтлал бий болгох, барьж байгуулах” хэмээж байх жишээтэй.

 

Гэвч “...Муухай дээр нь улцан” гэдэгчлэн хотын голууд дагасан үерийн далан, байгууламж нь болзошгүй үерийг даахгүй гэдэг нь тодорхой байсаар атал хамгаалалтын бүсэд нь газар олгож, байшин бариулаад, тэр ч байтугай үерийн даланг хүртэл хааж боогоод барилга байгууламж босгосоор өнөөдрийг хүрчээ.

 

Одоо яригдаад байгаа “Авлигал хороолол”, S Outlets-ийн барилга ингэж үер далласан хууль бус үйл ажиллагаануудын нэгээхэн хэсэг нь юм. Зөвхөн “Авлигал хороолол”-ын жишээ дээр харахад Хотын дарга нар, архитекторууд, Газрын албаны дарга нар, Барилгын зөвшөөрөл өгдөг эрх бүхий албан тушаалтнууд, бүр шүүх хүртэл холбоотой байж болзошгүй. Ерөөс наадам дамнаад ойрхон болсон үер бол хотын газрын замбараагүй олголт, төлөвлөлтгүй хот байгуулалт, авлига дагасан зөвшөөрөлгүй газрууд, тогтворгүй засаглалтай л холбоотой юм.

 

БАРИЛГУУД ҮЕРТ АВТАЖ, АВТО ЗАМ УРСАВ

 

Түүнчлэн энэ үер автозамын чанар, барилгын чанарын томоохон сорилт болж байна.  Хамгийн сүүлд орсон борооноор Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжны авто замын хучилт хууларсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Энэ зам нь анх 1974 онд ашиглалтад орсон бөгөөд 2007 онд “Жэй Кэй Си” ХХК их засварын ажил хийж гүйцэтгэснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй гэсэн тайлбарыг өгч байна.  Мөн үүнтэй адилхан олон замын “тар”-ыг энэ удаагийн үеэр таниулаад байна. Түүнчлэн СХД-ийн нэгдсэн эмнэлгээс эхлээд олон барилга усанд автаж, сорилтод ороод байна. Тус эмнэлгийн өргөтгөлийн барилгын В1 давхарт ханаар нэвчиж шугамын хоолойгоор ус орж үерт автаж, эмч ажилчид сандралдан хэцүүхэн байгаа харагдана дээ. Та бүхэн санаж байгаа бол нэг хэсэг таазгүй эмнэлэг барьж өгчээ гэсэн мэдээлэл хүмүүсийг шоконд оруулж байсан. Гэтэл 2019 онд ашиглалтад өгөх байсан өргөтгөл зурганд байхгүй нэрийдлээр таазгүй, хүзүүвчгүй өргөтгөл барьж байсан юм.  Тухайн үедээ гүйцэтгэгч компани 1.4 тэрбум төгрөг төсөвт суулгаж хүзүүвч, таазаа хийлгүүлж,  2022 онд  дуусгасан боловч нэг борооноор хананаасаа ус гоожиж усанд автлаа. Энэ мэтчилэн үерийн асуудлаар улбаалан хариулцлагын асуудал энэ салбарт бүхэлд явах бололтой.

 

ҮЕРЭЭС ЯАЖ ХАМГААЛАХ ВЭ?!

 

Мэдээж хэрэг, нэгэнт муудаж, хүчин чадал нь хүрэхээ больсон үерийн далан байгууламжийн ашиглалт засварыг сайжруулж, үерийн эрсдэл өндөртэй газруудад бүрэн шинэчлэлт хийх ажлыг үргэлжлүүлэх нь ойлгомжтой.

 

Гэхдээ ямар ч их хөрөнгө мөнгө гаргаад, яасан ч олон шороотой шуудайгаар далан босгоод нэмэр багатай л байх болов уу. Ганцхан л гарц бий. Яаж ийгээд үерийн далан, хамгаалалтын бүсээ л “цэвэрлэх” хэрэгтэй. Тодруулбал, “...Энэ бол хотыг үерээс хамгаалах далан” гээд тогтоосон байгууламжид нэвтэрч, сэтэлж, зориулалтыг нь өөрчилсөн бүгдийг буцааж “байранд нь тавих” ёстой.

 

Яг энэ нөхцөлд хэн бугай ч Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16.2-т заасан “...Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэснийг нэгдүгээрт тавих учиртай. Өөрөөр хэлбэл, үерийн даланг сүйтгэж, үерийн хамгаалалтын бүсэд нэвтэрч газар олгох, барилга барих үйл ажиллагааг ямар ч “эрх мэдэл” хэрэгжүүлэхгүй. “...Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг” ардчиллын алтан дүрэм энд хэрэгжинэ. Дахиад л “Авлига хороолол”-ыг жишээлье л дээ. Энэ “хороолол”-ын албан ёсны нэр болох "Aqua garden" төслийг  "Эм энд Жи констракшн" компани хэрэгжүүлж буй юм байна. Тус компанийн тал хувийг В.Ганбаатар, талыг нь "Бүти"-гийн Г.Батжаргал эхнэр Ж.Туяа нар 25, 25-аар эзэмшдэг. Төслийн хөрөнгө оруулагч нь Г.Батжаргал, Ж.Туяа нарын 50 хувийг, "Энх багана констракшн"-ийн Б.Энхболд, "Могүмб констракшн"-ийн М.Золбаяр нарын үлдсэн 50 хувийг нь эзэмшдэг "Мөнх тэнгэр хөх тэнгис групп" компани юм байна.

 

Харин үерийн үеэр мэдэгдэл хийгээд байсан А.Амарбаясгалан ямар нэг хувь эзэмшдэггүй, "Эм энд Жи констракшн"-ийн гүйцэтгэх захирал аж. Ийм байдлаар ил байгаа нь 4-5 компани, тэдний төлөөллийн хамтран "Авлигал хороолол"-ыг барьж байна. Тэгэхээр тэдний ямар эх үүсвэртэй мөнгө буюу хөрөнгө оруулалт яаж тус хороолол руу "урсдаг" вэ гэдэг бас анхаарал татна. За тэгээд, газар олгох үйл ажиллагаа нь бас асуудалтай.

 

"Авлигал хороолол"-ын газрыг л гэхэд хамгийн анх 2008 оны нэгдүгээр сарын 18-нд Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Загджав 23 тоот захирамжаараа "Эм энд Жи констракшн" ХХК-д орон сууцны барилга барих зориулалтаар 11.8 га газрыг ашиглах эрх олгосон. Дараа нь 2008 оны есдүгээр сарын 17-нд Хотын дарга Т.Билэгт 442 дугаар захирамжаараа дээрх 11.8 га газрыг "Эм энд Жи констракшн" ХХК-д олгосон. Тухайн үед газрын дуудлага худалдаа болж, "Эм энд Жи констракшн" ХХК нь 380 орчим сая төгрөг төлж байжээ. Үүний дараа "Капитал" банктай газрын маргаан үүсэж, Хотын дарга Г.Мөнхбаяр 2011 оны гуравдугаар сарын 25-нд 256 тоот захирамжаараа тус банк руу шилжүүлсэн. Харин  "Эм энд Жи констракшн" ХХК шүүхэд гомдол гаргасан. Энэ дагуу 2012 оны зургадугаар сарын 18-нд Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 97 дугаартай тогтоол гарч, газрыг "Эм энд Жи констракшн" ХХК-д шилжүүлэхээр шийдсэн. Энэ шийдвэрийг 2013 оны аравдугаар сарын 18-нд Хотын дарга Э.Бат-Үүл биелүүлж, А/951 дүгээр захирамжаараа "Ногоон байгууламж байгуулах" зориулалтаар "Эм энд Жи констракшн" ХХК-д шилжүүлсэн. Түүний дараа 2013-2014 онд тус компани нь "Усан парк, соёл амралтын хүрээлэн байгуулах" ТЭЗҮ-ийг Английн Виталла группээр хийлгэжээ. Тэгж байгаад Хотын дарга С.Амарсайхан 2018 оны арваннэгдүгээр сарын 27-ны А/1111 тоот захирамжаараа уг газрыг гурав хуваагаад, тус бүрт нь гэрчилгээ олгосон.

 

Харин 2020 оны есдүгээр сарын 30-нд Хотын даргын түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан А/1155 дугаар бүхий захирамж гаргаж, уг 11.8 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон. Гэвч  "Эм энд Жи констракшн" ХХК шүүхэд хандсанаар 2021 оны гуравдугаар сарын 3-нд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс "Хотын даргын түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан А/1155 дугаар бүхий захирамжийг хүчингүй болгох"-оор шийдвэрлэсэн.

 

Газрын товч түүх нь ийм юм. Энэ олон зөвшөөрөлт, цуцлалтын ард юу болж ирснийг прокурорын хяналтад АТГ, ЭЦА-ныхан мөрдөн шалгана. Ингээд ирэхээр "Авлигал хороолол" хууль бус уу, эсвэл хууль ёсны юу гэдэг нь тодорхой болж эхэлнэ. Араас нь барилга барих зөвшөөрөл, дүгнэлтүүд ямар замаар, хэрхэн гарсан нь шалгагдаад гарч ирнэ. Эндээс харвал, дээр дурдсан авлига дагасан зөвшөөрөлгүй газрууд, хотын газрын замбараагүй олголт, төлөвлөлтгүй хот байгуулалт, тогтворгүй засаглалыг л засах шаардлагатай болох нь ойлгогдоно. Өөрөөр хэлбэл, хотын газрыг БОАЖЯ, нийслэл, дүүрэг гээд гурван талаас олгодог. Архитекторынх нь ажил тэднийхтэй “мөргөхгүй”, өөрөө бөөн “асуултын тэмдэг”-тэй нөхөр байдаг. Сүүлдээ шүүх нь хүртэл орооцолдчихсон. Гэтэл энэ асуудлыг зангидаж, бодлогын шийдвэр гаргах ёстой БХБЯ-ны Газрын харилцаа, геодези зураг зүйн газар нь ямар ч эрхгүй, үүрэггүй болчихсон. Эндээс эхлээд л прокурорын тогтоолоор байгуулагдсан АТГ, ЭЦА-ны мөрдөгчдийн баг шалгаж таарах биз. Маш товчоор хэлэхэд, ингэж авлигын “үер”-ийг таслан зогсоож байж л усны үер татарна шүү.

 

 

Б.ДАМДИН-ОЧИР, Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин